Манай улс уг судалгаанд 2005 оноос эхлэн хамрагдсан бөгөөд 2012-2013 оны тайлан судалгаагаар Монгол улс 3.9 оноогоор 144 орноос 93-р байрт орсон нь өнгөрсөн оны 142 орноос 96-р байрт орсон үзүүлэлтээ сайжруулсан мэт харагдавч өмнөх онд авч байсан ерөнхий оноогоо ахиулж чадаагүй байна.
ДӨЧИ нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг бөгөөд дэлхийн эргэн тойронд хөгжлийн бүхий л үе шатанд явж байгаа орнуудын өрсөлдөх чадварын өргөн хүрээтэй дүр зургийг гаргаж өгдөг. Эдгээр тулгуур үзүүлэлтүүд нь: Институцийн тогтолцоо, Дэд бүтэц, Макро эдийн засгийн орчин, Эрүүл мэнд ба суурь боловсрол, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, Бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, Технологийн бэлэн байдал, Зах зээлийн хэмжээ, Бизнесийн боловсронгуй байдал, Инноваци зэрэг болно.
Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд ДӨЧИ-д эзэлсэн Монгол Улсын зэрэглэл
Монгол Улс арван хоёр тулгуур асуудлын ихэнхийнх нь хувьд буюу макро эдийн засгийн тогтвортой байдлаас бусад үзүүлэлтийн онооны хувьд ахисан дүнтэй байна. Хөгжиж буй орнуудын хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухлаар тавигддаг “үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлсийн” нэг хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдлын үзүүлэлтээр Монгол Улс өмнөх оноогоо өөрчлөөгүй байна. Харин макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо 5.4-өөс 4.9 хүртэл буурч эзэлсэн байр 34-өөс 52 буюу 18 байраар ухарсан бөгөөд үүнд гол нь төсвийн алдагдал ДНБ-ий -3,6% (өмнөх онд 1.2% байсан), засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 20.3%-аас 47.1% болж өссөн нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн байна. Ингэснээр тус хоёр үзүүлэлтээр эзлэх байр 64, 65 байраар тус тус ухарчээ. Макро эдийн засгийн тогтвортой байдлын бусад үзүүлэлтийн хувьд үндэсний хуримтлалын хувь ДНБ-ий 36.7%-аас 48% болж өссөнөөр энэ үзүүлэлтийн эзлэх байр 4 байраар ахиж 7 дугаар байрт орсон бол улсын зээлийн үнэлгээ 36.3-аас 33.9 болж буурсан нь 3 байраар ухарч 95 дугаар байр эзлэхэд хүргэжээ. Есдүгээр тулгуур асуудал болох технологийн бэлэн байдлын хувьд Монгол Улс томоохон амжилт гаргаж түрүү жил авч байсан оноо нь 3.1 –ээс 3.8 болон даруй 32 байраар зэрэглэлээ ахиулсан байна. Ийнхүү ахиц гарахад сүүлийн үеийн технологийн бэлэн байдал, компаний түвшний технологийн шингээлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт ба технологийн шилжүүлэг, интернэт хэрэглэгчдийн өсөлт, интернэтийн хурд зэрэг үзүүлэлтүүд хүчтэй эерэг нөлөө үзүүлсэн байна. Бусад урагш ахисан үзүүлэлтэд шүүхийн хараат бус байдал (+10), төр засгийн зохицуулалтын дарамт (+12), маргаан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийн үр ашигтай байдал (+12), төрийн бодлого боловсруулалтын ил тод байдал (+12), компанийн удирдах зөвлөлийн үр ашигтай ажиллагаа (+10), гар утасны бүртгэл (+13), бага боловсролын хамрагдалт (+71) болон бусад тулгуур хүчин зүйлс болох бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг орж байна. Тухайлбал, 100 хүн тутамд эзлэх гар утасны бүртгэлийн тоо 91.1-ээс 105.1 болж өсөн 73 дугаар байр, бага боловсролын хамрагдалт 90.5-аас 98.7% болон өсч 20 дугаар байр, ДНБ-д эзлэх импортын хувь 65.8-97.6% өсч 25 байраар ахин 8 дугаар байр тус тус эзэлсэн байна. Хэдийгээр импорт экспортоос давах нь худалдааны алдагдлыг бий болгодог ч өрсөлдөх чадварын олон улсын зэрэглдэлд үүнийг тухайн улсын бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашгийг тодорхойлох, худалдааны нээлттэй байдлыг харуулах нэг чухал хүчин зүйл хэмээн үздэг.
Монгол Улсын өрсөлдөх чадварын хувьд хамгийн чухал анхаарах хүчин зүйлс нь эхний дөрвөн тулгуур үзүүлэлт буюу “үндсэн хэрэгцээ, суурь хүчин зүйлс” бөгөөд эдгээрийн дотроос институцийн тогтолцоо болон дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадвар нэлээн сул 113, 112 дугаар байрыг тус тус эзэлж буй юм. Гэхдээ энэ үзүүлэлтүүдээр манай улс тодорхой ахиц үзүүлэн тус тус 6 байраар урагшилсан байгаа нь төр засаг бодлогын шинэтгэл хийх мөн шинээр хийх хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд түлхүү оруулах замаар анхаарал хандуулж буйн илрэл юм. Монгол Улс зөвхөн олборлох салбарын үйлдвэрлэл, байгалийн баялагт дулдуйдан хөгжих биш эдийн засгийн бусад секторыг дэмжин, төрөлжүүлэх нь чухал байгааг олон улсын түвшинд эдийн засагчид хэлж байгаа бөгөөд энэ асуудлыг манай улстөрчид болон бодлого боловсруулагчид сайн мэдэж байгаа. Гэвч томоохон үр дүн дагуулсан ажлууд хараахан хийгдээгүй байна. Мөн бидний анхаарал тавих ёстой өөр нэг чухал асуудал нь хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал юм. Энэ нь “үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлсийн” нэг бөгөөд манай улс ажил эрхлэгч, ажил олгогчдын хамтын ажиллагаа (-16), ажилд авах, ажлаас халах практик (-10), цалин хөлс ба бүтээмж (-5) зэрэг үзүүлэлтээр хойш ухарсан дүнтэй байгаа юм. Гэхдээ Монгол Улс бусад улстай харьцуулахад энэ тулгуур асуудлын хувьд нэлээн дээгүүр буюу 33 дугаар байр эзэлж байгаа нь хэдийгээр ухралт гарсан ч манай улсын өрсөлдөх чадварын нэг давуу тал мөн болохыг харуулж байна. Цаашид бид эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл дээрх боловсролтой, авьяаслаг хүмүүсийн дахин хуваарилалтад анхаарах ёстой юм. Мөн нөгөө талдаа уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцаа буурснаар тус үзүүлэлтээр 28 байраар ухарсан нь эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгааг дахин нотолж байна. Эрүүл мэнд, боловсролын системийн чанарт ахиц гаргаж, өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой асуудлуудын нэг хэвээр байна. Үүнийг бид жишээ нь, боловсролын тогтолцооны чанараар 136 дугаар байр, сүрьеэгийн гаралтаар 119 дүгээр байр, дундаж наслалтаар 105 дугаар байр эзэлж байгаагаас харж болох юм. Мөн урд онуудад ч байнга дурдагдсаар байсан санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдалд өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Санхүүгийн хоёрдогч зах зээлийг дэмжсэн бодлого явуулж, хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлага тавигдсаар байгаа нь энэ тулгуур асуудлаар 127 дугаар байр эзлээд байгаагаар харагдаж байна. Нөгөө талдаа бид санхүүгийн үйлчилгээний боломж/бэлэн байдал, санхүүгийн үйлчилгээг авах/хүртэх боломж, банкны эрүүл үйл ажиллагаа зэрэг үзүүлэлтээр оноогоо ихэсгэж 13, 7, 13 байраар тус тус байраа ахиулж чадсандаа урамших хэрэгтэй юм.
Тус тайлан судалгаанд улс орон бүрийн бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлон гаргадаг. 2012 оны тайлан судалгаагаар бизнес эрхлэхэд саад учруулж буй хамгийн гол сөрөг хүчин зүйлсэд мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хоцрогдол, авлига хээл хахууль, инфляци зэрэг үзүүлэлтүүд тооцогдсон байна.
(Өрсөлдөх чадварын индекс судалгаагаар)
Мөн түрүү оноос эхлэн Дэлхийн эдийн засгийн форум “Өрсөлдөх чадварын тогтвортой байдлын нөлөөллийн үзүүлэлт”-ийг боловсруулан гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн онд манай улс судалгаанд хамрагдсан дэлхийн 100 улс орноос 77 байрт орж байсан. Харамсалтай нь энэ жилийн судалгаанд өгөгдөл нь бэлэн байсан 76 орон л хамрагдсан бөгөөд Монгол Улс үүнд ороогүй байна. Энэхүү үзүүлэлтээр манай улс өрсөлдөх чадварын тогтвортой байдлын чиг хандлага нь тогтвортой бус гэсэн бүлэгт багтаж байсан нь анхаарал хандуулах ёстой асуудал юм. Тухайлбал манай улсын ДНБ-ий өсөлт уул уурхайн болон ХАА-н түүхий эдийн үнийн өсөлтөөс шууд хамааралтайгаар нэмэгдсэн (дефлятор өсөлт) бөгөөд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарч манай улсын ДНБ-ий хэмжээ, түүнтэй холбоотойгоор гардаг өрсөлдөх чадварын зарим багц үзүүлэлтүүд, түүний дотор сүүлийн жилүүдэд огцом сайжирсан макро эдийн засгийн үзүүлэлтүүд буурах эрсдэл байгааг анхаарах нь зүйтэй юм.
Эцэст нь дүгнэхэд Монгол Улс 144 улсаас 93 дугаар байранд орсон нь өрсөлдөх чадварыг тодорхойлж буй 110 үзүүлэлтийн олон хүчин зүйлсийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд ялангуяа биднийг хойш чангаан 120-оос хойш байр эзэлж буй асуудлуудыг шинэтгэлийн бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулж байна. Чингэхдээ бид хөгжлийн аль шатанд яваагаа шинжлэн үндсэн хэрэгцээ болсон суурь хүчин зүйлс болон үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлст түлхүү анхаарах учиртай юм.
Дэлхийн өрсөлдөх чадварын 2012-2013 оны тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.weforum.org, www.forum.mn хуудаснаас үзнэ үү.
хариуцсан менежер Б. Мөнхсоёл
Өрсөлдөх чадварын индексээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээнээс хамааран дэлхийн улс орнуудыг Хүчин зүйлсэд суурилсан, Үр нөлөөнд суурилсан, Инновацид суурилсан гэсэн хөгжлийн 3 үе шатанд хуваан авч үздэг ба 2010 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2009 оны 1560 ам доллараас 2011 онд 2227 ам доллар болон нэмэгдсэн буюу Суурь хүчин зүйлсэд суурилсан улс орноос Үр нөлөөнд суурилсан үе шат руу шилжиж буй орнуудын ангилалд дэвшин орсон. Энэ оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3042 ам доллар болон өссөн хэдий ч мөн энэ шатандаа байсаар байна.
/нэг хүнд ногдох ДНБ-ээс хамаарсан/
Энэхүү ангилалд багтах улс орнууд суурь хүчин зүйлсэд орох институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл мэнд болон суурь боловсролын чиглэлийн шалгуур үзүүлэлтээ сайжруулахад илүү чухал ач холбогдол өгч өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай гэж үздэг.
Үр нөлөөнд суурилсан орнуудын хэсэгт орох үед энэ хэсгийн үндсэн үзүүлэлт буюу Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн зах зээлийн үр ашиг, боловсронгүй байдал, технологийн бэлэн байдал зэрэг хойш нь татаж буй хүчин зүйлсийг сайжруулахад түлхүү анхаарах шаардлагатай болж байна.