Хятадын шинэ удирдлагад найдлага тавьж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ удирдлагад найдлага тавьж байна гэв

2013 оны эхний улиралд гангийн салбар хямралтай хэвээр байна гэсэн таамгийг Fitch Rating агентлагаас дэвшүүллээ. Ийн таамагласны  шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэй хэмээн тайлбарлав. Дэлхийн гангийн ассоциациас гаргадаг мэдээллээс харахад Хятад улс 2001-2010 онд нийт 586.7 тэрбум тонн ган, төмөр бүтээгдэхүүн импортолжээ. Эрэлт багассанаас гадна төмрийн хүдэр, төмөр бэлдцийн үнийн уналт хадгалагдсаар байгаа нь энэ салбарынхныг ихээхэн түгшээж байна.

Хятадын томоохон ган үйлдвэрлэгч Boashan Iron&Steel компанийн шинжээчдийн мэдээлснээр гангийн үнийн дарамт энэ оныг дуустал үргэлжилнэ. Үүний гол шалтгаан нь Засгийн газраас явуулж буй эдийн засгийг сэргээх арга хэмжээ болон үйлдвэрлэлийн уялдаа холбоо муу байгаагаас хамаарч байна гэсэн юм.

Дэд бүтцийн маш олон төсөл, хөтөлбөр төлөвлөгдсөн ч тэдгээр нь дөнгөж тендерийн үе шатандаа байгаа. Тиймээс ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарын хямралыг намжаахын тулд маш их цаг хугацаа шаардана. 2013 он хүнд жил байх болно гэдгийг шинжээчид давхар сануулсаар байга юм. Хятадын  ширмийн өдөр тутмын үйлдвэрлэл наймдугаар сарын 10-20-ны хооронд 2 хувь буурсан үзүүлэлт гарчээ. Үйлдвэрлэлийн хэмжээ ингэж урт хугацаанд зугуухан унасаар байвал компаниуд эргэн сэргэж, хөл дээрээ бат зогсоход хугацаа шаардлагатай болох юм.

Хятад улсад үйлдвэрлэлийн хэмжээ багасч,  түүхий эдийн эрэлт унасаар байгаа нь тус улстай эдийн засгийн ихээхэн хамааралтай улс орнуудад давхар цохилт өгч байна. Хятадын экспорт, импортоос хамааралтай улс орнууд тус улсын төрийн удирдлагад өөрчлөлт орж, эдийн засгийн шинэ бодлого явуулах эсэхийг анхааран ажиглаж эхлэв. Ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-ын төрийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орох Их хурал болно. Тэр хүртэл Хятад улсад эдийн засгийн шинэтгэлийн аливаа арга хэмжээ авахгүй хэмээн шинжээчид бичиж байна.

Хятадын арилжааны банкуудаас гаргадаг зээлээ эргэн төлөх чадвар султай компаниудын тоонд ган үйлдвэрлэгчид нэрлэгдэх болсон нь бизнесийн үйл ажиллагаа нь сулрахад мөн нэрмээс болжээ. Монголын нүүрсний гол зах зээл Хятад улсад эрэлт хумигдсаар байна.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж