“Саутгоби ресорс” захирлуудаа халав

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

“Саутгоби ресорс” захирлуудаа халав

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько”-д хяналтын хувьцааг худалдсан гэрээ бүтэлгүйтсэнээс болж “Саутгоби ресорс” компани менежментийн удирдлагад халаа сэлгээ хийж, энэ сарын 3-нд гурван захирлаа ажлаас нь халжээ.

“Mining weekly” сайтад мэдээлснээр “Саутгоби ресорс”-ын хувьцааны 58 хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” тус компанийн ерөнхий захирлаар Кэй Пристлиг томилсон гэнэ.

Кэй Пристли нь нэрээ өөрчилж “Turquoise Hill Resources” болсон “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрийдландын оронд өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон юм.

Саутгоби ресорс компанийн ерөнхий захирал Петр Мередит болон гүйцэтгэх захирал Эдвард Флод, Роберт Хансон нарыг халж, оронд нь шинээр таван захирлыг “Turquoise Hill Resources” томилжээ. Монголд Овооттолгой, Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүж зэрэг нүүрсний дөрвөн том төсөл хэрэгжүүлж буй “Саутгоби ресорс”-ын таван захирлаар Линдсей Дав, Шон Хинтон, Кэй Пристли, Бретт Солт, Кэлли Сандерс нар томилогдсон байна.

Мөн Пьерр Лебел, Андре Дипвелл, Гордон Ланкастер, Александр Молине нар компанийн захирлын албан тушаалд хэвээр үлдэж байгаа гэнэ.

“Turquoise Hill Resources” болон “Саутгоби ресорс”-ын захирлаар томилогдсон Кэй Пристли уул уурхай, эрчим хүч, санхүүгийн салбарт ажилласан 30 жилийн туршлагатай нэгэн юм байна.

“Саутгоби ресорс”-ын дэд захирлаар томилогдсон Шон Хинтонд компанийн менежментийн багийг идэвхитэй ажиллуулах үүрэг өгчээ.

Шон Хинтон нь Монгол, Хятадын уул уурхайн салбарт 23 жил ажилласан туршлагатай бөгөөд Оюутолгой төсөл дээр “Рио Тинто” групп болон “Голдман Сакс” зэрэг компаниудад зөвлөх байжээ.

Нүүрсний дөрвөн том төслөөс гадна хайгуулын долоон лицензтэй “Саутгоби ресорс”-ын хувьцааны 58 хувийг Хятадын төрийн өмчит компанид 926 сая ам.доллараар худалдах гэрээ амжилтгүй болж, Цагаан толгойн орд газрыг Модун ресорс компанид худалдах гэрээ өнгөрсөн долоо хоногт цуцлагдсанаас тус компани ийнхүү дээр доргүй бужигнаж эхэлжээ.

“Саутгоби ресорс” нь Өмнөговь аймаг дахь Овооттолгойн ордоос нүүрс олборлож Хятад руу гаргаж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Саутгоби ресорс”-ын “Чалько”-той байгуулсан гэрээнээс болж, тус компанийн зарим лицензийг цуцалсны дараа хувьцаа нь унаж эхэлсэн байна.

Өчигдөр Торонтогийн Хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 2.19 канад доллараар арилжаалагджээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж