Халаасны хулгайчид ажилдаа орлоо шүү

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчид ажилдаа орлоо шүү

Биеэр үйлдэх гурван нүглийн нэг бол хулгай гэдэг. Бидний бүтээсэн
нэг муу үйл хэрэг нийслэл маань сүлжээ бизнес болтлоо хөгжиж, хийх
ажилгүй залуус хоногийн хоол, хувцасны мөнгөө хэн нэгний халаас тэмтэрч
олдог болж. Ингэж бичээд эхлэхээр уншигч та ямар асуудлыг хөндөх гэж
байгааг эрхбиш ойлгож байгаа биз.

Төр нь хазаарлаж дийлэхгүй болсон халаасны хулгайч нараас иргэд бид
өөрсдөө сэргийлье гэж сануулахаар үүнийг бичиж сууна. Өчигдөрхөн
хөдөөний бололтой нэг оюутан бүсгүй автобус хүлээж зогсов. Хажуу талд нь
зогсох гурван залуу нэлээд дөхөж зогсоод тамхилж байснаа автобус ирж,
бүсгүйг суухаар зүтгэхэд цүнхнээс нь түрийвчийг нь сугалан авч арагшаа
дамжуулж амжлаа.

Үйл явдлыг нүдээрээ харсан би гэдэг хүн "хөөе хулгайч байна" гаж
хашгирахыг хүссэн ч дараа нь чамайг тандаж байгаад хариуг нь барьдаг юм
гэсэн танилын маань үг тэрхэн зуур бодогдож ам, цүнхээ хамхин явж одлоо.

Гэвч тэр үйл явдал одоо хүртэл бодогдож, хэдэн төгрөг ээж, ааваасаа
илүүчлэн авч, сурахаар ирсэн шинэ оюутны өмнө буруутай юм шиг санагдсаар
байна. Тэгээд л оюутан, залуус маань анхаарал болгоомжтой явж, халаасны
хулгайчдын хараанд өртөхгүй байхыг сануулахаар үзгээ шүүрлээ. Бичсэн
байна гээд ажлыг минь олоод хариугаа авахгүй байлгүй дээ, арай.

Хотын хөл хөдөлгөөн ихэсч, хөдөө орон нутгаас оюутнууд ирсэн. Түүнчлэн
"гонжоом"-оор гангарсан төрийн албаны ах, эгч нар автобусанд сууж
эхэлсэн нь халаасны хулгайч нарыг ганц "башийлгаж" байна гэнэ шүү.

Халаасны хулгайч нар есдүгээр сарыг хамгийн орлого ихтэй сар гэж
тодорхойлдог гэдгийг танил цагдаа ахаас "утас цохиж" мэдлээ. Цагдаа ах
хэлэхдээ "Халаасны хулгайчдын хамгийн их идэвхиждэг үе бол есдүгээр сар
болон тэмдэглэлт баяр ёслол байдаг. Сургуулиа ч олж чадахгүй төөрөлдөж
байгаа шинэ оюутнууд тэдний хувьд хамгийн том "өгөөш" байдаг учраас
ихэвчлэн өглөө хичээлдээ явах, өдөр тарахад нь андаж байдаг. Их
сургуулиудын ойролцоох автобусны буудлаар хичээл тарах үед очиход аяндаа
андашгүй зогсч байгаа. Бас амралтын өдрүүдэд захаар их явна. Захаар
бага гарын "архичин" хулгайч нар их байдаг бол, томоохон үйлчилгээний
газар болон их дээд сургуулиудаар дандаа "цэвэр цэмцгэр" хулгайчид
байдаг учраас танихгүй өнгөрүүлэх нь хэцүү. Тиймээс энгийн хувцас өмсөж,
иргэн шиг явж байж зарим нэгийг нь барьдаг" хэмээн хуучиллаа.

Тэгэхээр тэд арчаагаа алдсан хувцастай, архичин төрхөөр явдаггүй юм
байна. Хамгийн сайн хувцас өмсч, ганган утас барьсан дэгжин бүсгүйчүүд,
залуус байдаг ажээ.

Шинэ оюутнууд цаашлаад иргэд ч тэднийг анзаардаггүй юм билээ. Хажуудаа
явж байгаа архичин, арчаагүй хувцастай нөхрөөс халаас, цүнхээ харамлан
барихаас үе тэнгийн нас чацуухан дэгжин залуусаас эмээхгүй анхаарал
алдсанаас хамаг байдгаа алддаг гэдгийг заавал анхааруулаарай гэж цагдаа
ах захисан шүү.

"Найз нь автобусанд явж байгаад хамаг бичиг баримттай түрийвчээ
суйлуулчихлаа. Ээжийн авч өгсөн цүнхийг халаасны хулгайч зүсчихлээ.
Манай худалдааны төв их тайван. Халаасны хулгайч ирэхгүй учраас тайван
байж болно" хэмээн өдөр тутмын энгийн үг хэллэг шиг дадал болсон "халаас
тэмтрэгч" эрхэм хулгайчдаас иргэд л өөрсдөө сэрэмжтэй байхгүй бол
цагдаа ах нар өдөржин дагаж явах зав зайгүй байдал нь даварсан хулгайч
нарт далим болдог юм байна. Тэгэхээр хотын сүлжээний халаасны хулгайчдын
зовлонг мэдэрч, мэдэж амжаагүй залуус минь гадуур явахдаа хэдэн
төгрөгөө халаас, түрийвчиндээ хийхгүйгээр авч яваарай. Бас тэгээд олон
хүнтэй газар цүнхээ сугандаа хавчуулах, утсаа гартаа барих, автобусанд
орохдоо цүнхээ урдаа тэврэх, бичиг баримтаа дэвтэр завсраа хадгалах,
түрийвчдээ аль болох багахан мөнгө хийх гэх мэт өөрөөсөө шаардагдах
зүйлсийг тун чамбай хийж гүйцэтгэснээр их хотын хөгжилд "тавтай морилох"
нь дээ.

Хамгийн наад захын энэ мэт үйлдэлд тун гарамгай суралцаж чадсанаар
халаасны хулгайчдын хараанаас мултарч ажил хичээлдээ санаа зовох зүйлгүй
явж, олсон хэдэн төгрөгөө бусадтай хуваалцахгүй явах эхний алхам болно.


Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж