Дэн Ювэнийн шүүмжлэлийн гол бай нь тус орныг сүүлийн 10 жил удирдсан БНХАУ-ын дарга Ху Жиньтао, ерөнхий сайд Вэнь Зябао нар болов. Дэний бичсэнээр тэд эрх барих хугацаандаа “амжилт олсноосоо илүүтэйгээр асуудал үүсгэсэн” гэсэн байна.
Ху ба Вэнь тэд эхэндээ ардчилал, хуулийг дээдлүүлэх зарчмыг баримтлан улс төрийн шинэчлэл хийнэ гэж амлаж байсан ч үнэн хэрэгтээ “дэвшил бараг гаргаагүй, ардчилал нь мэдэгдэх төдий байна” гэж сэтгүүлч бичжээ.
БНХАУ-д тогтсон засаглалын систем олон ноцтой асуудлыг үүсгэж байна гэж Дэн Ювэнь бичээд засаглалын хариуцлагагүй байдал, хоцрогдсон эдийн засгийн систем, баян ядуугийн орлогын аймшгийн ялгаа, хүрээлэн буй орчны бохирдол гол асуудал нь гэж нэрлэв. Өнөөгийн чиглэлийг энэ хэвээр нь барьсаар байх юм бол ард түмний дургүйцлийг төрүүлнэ гэж тэрээр сануулсан байна.
“Ардчиллын үндэс нь Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлах явдал. Тийм ч учраас Хятадад ардчилсан шинэчлэл шаардлагатай байна. Засгийн газрын гарт эрх мэдлийг ямар нэгэн саадгүйгээр, тэнцвэргүйгээр бүрэн төвлөрүүлэх нь нийгмийн асар их асуудлын үндэс нь болж байна” хэмээн Дэн тайлбарлажээ. Үүнээс гадна тэрээр төвийн болон орон нутгийн засаг захиргаа нь орчин үеийн харилцаа холбоо ба мэдээлэл тараах хэрэгсэлд зохицох чадваргүй гэж шүүмжилжээ. Эрх шаардсан иргэдийн эсэргүүцлийг эрх баригчид хуучин хүч хэрэглэх аргаар дарж байна гэж ерөнхий редактор эрх баригчдыг буруутгав.
Улсын хяналтын хэвлэлийн сайтнаас Дэнийн зарим шүүмжлэлийг авсан ч уг өгүүллийн ихэнх хэсгийг үлдээсэн байна. Түүний өгүүллийг бүрэн эхээр нь Хятадын интернэт хэрэглэгчдийн блогууд тараажээ. Уг өгүүллийг Бээжинд засаг солигдох бэлтгэл ид өрнөж буй үед гаргаж байна. 2012 оны эцсээр Ху Жиньтао ба Вэнь Зябао нар тушаалаа шинэ удирдлагад шилжүүлэн тэтгэвэртээ гарах юм.