Нийтийн тээвэр биш нийтийн ачигч

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр биш нийтийн ачигч

Автобусны зогсоол дээр чиглэлийнхээ унааг хүлээсэн зорилго нэгт “ахан дүүс” холоос ирэх автобусны бараагаар ээж аавыгаа харсан хүүхдүүд шиг магнай нь тэнийж, хаана зогсох бол хоцорчих вий гэсэн шиг нааш цааш холхино.

Э.Бат-Үүл баатрын санаачлагаар автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчих болсноос хойш нэг хэсэг мартагдах шахаад байсан автобуснууд ийн үнэд орж, хүнээ багтаахаа байчихаад байгаа юм чинь. Хүмүүс хувийн машин, эсвэл таксигаар түгжирч явахын оронд автобусыг сонгох болж “Юун машин, автобусаар хамаагүй хурдан явж байгаа юм чинь” гэж хөөрөлхөх болсон. Тэр хэрээр ч автобусны ачаалал нэмэгдэж, социализмын үеийн автобусанд багтаж орох гэж “алалдан тэмцэлддэг” байсан дурсамжийг сэргээж, мөнгө хураагчны нарын ааш омог, хэл амыг хурцалж эхэлжээ.

Аливаа хотын соёл нийтийн тээврийн үйлчилгээнээс л харагддаг гэдэг.  Манайд бол нийтийн тээврийн хаалгаар оронгуут л нүүр дүүрэн мишээдэг ааш сайтай мөнгө хураагч тун чиг  цөөхөн байсан. Харин одоо бол бүр “хаданд” гарч. Хүлээж ядаж байсан автобус арайхийн ирмэгц мөнгө хураагч авхай “Хурдхан шиг ор. Ард чинь олон хүмүүс байна. Амиа бодсон муусайн юмнууд” гээд л загнаж зандран угтана. Тэмцэлдэн байж пиг дүүрэн хүнтэй автобусанд ороход сандал бүү хэл барих бариул олдохгүй. Дээхнэ сандал олдохгүй бол бариул олж зүүгдэхийг “бариулан дээр суух” гэж нэрлэж байсан даа. Хэрвээ бариул олж чадахгүй бол галзуу юм шиг савлан давхих автобусанд тэнцвэрээ олж уначихгүй зогсох гэж циркийн акробатчины ур чадвар гаргах хэрэгтэй. Харин зүү ч орох зайгүй дүүрэн хүнтэй бол арай ч амар, бие биеээ түшээд нааш цааш сэгсрэгдэж, унах, юм мөргөх аюулаас ангижирна. Унах гэж сандарч ядаж байхад мөнгө хураагч “Хурдан мөнгөө өг” гээд хамаг хүмүүсийг түндэгнүүлчихнэ. Жаахан л удаж будилах юм бол манай мундаг мөнгө хураагчид хип хопоор үглэнэ гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлнэ. “Мөнгөө бэлтгээд орж ирэхгүй яасийн. Заваан юмнууд орж ирээд хамаг юмаа ухаад зогсчих юм… гэх мэтчилэнгээр… За тэгээд урдаас нь ам нээсэн хүнийг ч хорхойтой шүдэндээ зууна даа. “Тийм л мундаг юм бол чи тэр таксиндаа суух нь яасын” гээд л дуугүй болтол давшилна. Таксинд суугаад хоёрдугаар эгнээнд түгжирч байхын оронд автобусаар шулуухан давхихыг сайшаах болсон иргэд энэ үгэнд мад тавиулалгүй л яахав.

Цааш нь нийтийн тээврээр үйлчлүүлж  байгааг мартах хүртэл минь жагсаалд яваа юм шиг “Урагшлаад өг” гэсэн тушаалыг малын зүс дуудаж байгаа юм шиг өмссөн хувцас, үсний өнгө, содон төрхөөр нь тодотгож өгөхийг яана. 

За тэгээд жолоочийн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй кабин дотроо утаа баагиулаад л гэнэт хаазалж, огцом тоормозлоод л. Манай замын энхэл донхол ихтэй ч хэлэх үү, хамаг эрхтэний байршил солигдмоор дайвалзана. Ингэж ингэж, пиг хүмүүс дундуур зүтгэлсээр арайхийн автобуснаас буухад таны цэв цэвэрхэн индүүдлэгтэй байсан хувцас базсан ОО-ийн цаас шиг болсон байх вий. Гэхдээ яах вэ хурдан давхиад ирсэн байгаа юм. Автобусны жолооч нар ч төв замаар урамтай гэгч нь давхиж, “төв замын түрэмгий улаан” гэсэн хуучны “алдар”-аа тодотгох болсон.

Нэг талаар бараг л хүн болгон нэг такси хөлөглөдөг байсан үеийг бодвол автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах болсон нь хотын түгжрэлийг бууруулахад үнэхээр сайн арга хэмжээ болсон. Гэтэл харин “эрэлт хэрэгцээ” ихтэй болсон нийтийн тээврийнхэн урьд цагийн “заншил”-аа сэргээн хаданд авирсан ямаа шиг аашлах болж. Нийтийн тээврийнхээн бид та бүхэнд таксинаас хурдан хүрэх газарт минь хүргэж байгаад үнэхээр их баярлаж байгаа. Гэхдээ ам хэл, ааш араншингаа жаахан татаж байвал ямар вэ? Ялангуяа төв зам дээр түрэмгий эрхтэй болсон жолооч нар маань гулууз мах ачиж биш хүн тээвэрлэж яваагаа санаж байгаарай.

Б.НАМУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж