Уншигч та маргааш өглөө орцныхоо хаалгаар гараад үзээрэй. Болж өгвөл эргэн тойрноо харж гарахгүй бол хажууханд чинь нүх ухаад барилга барьсан байх вий. Хэдийгээр НИТХ-аас Улаанбаатар хотод барилга барих газар олгохгүй гэсэн тушаал гарсан ч хуучнаар Залуу техникчдийн ордны урд, Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хажууд газар олгосон байгааг та бүхэн харсан байх. Өмнө нь чухам ямар шалгуураар авсныг нь хэн ч үл мэдэх Тэнгис кинотеатрын хажууд босч байгаа барилга, Зайсангийн аманд босох аялал жуулчлалын цогцолбор зэрэг но-той барилгууд зөндөө. Угтаа ямар ч төлөвлөгөө, төлөвлөлт байдаггүйтэй энэ бүхэн холбоотой.
Чөдөр юунаас болж гараад ирэв…
Одоогоос 70 жилийн тэртээ социализмыг цогцлоосон, Зөвлөлтийн хотуудын ихрийг Азийн энгэрт залах зорилгоор Улаанбаатар хотыг босгож өгсөн түүхтэй. АНУ-ын сэтгүүлч Теренс Эдвардсын тодорхойлсноор Утопия хотыг бидэнд өгчээ. Гэхдээ бидэнд төлөвлөлт гэж байсангүй. “Ах” нарын төлөвлөлтийг эс тооцвол шүү дээ. Ингэж явсаар бид 1950 онд төлөвлөлттэй болсон байна. Угтаа энэ төлөвлөгөөний дагуу 40, 50, 120 мянгатыг босгожээ. Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвэл тухайн үед Төрийн ордныг тойроод газар олгохгүй байхаар тусгасан төдийгүй Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсангийн амыг тойроод газар олгохгүй, барилга босгохгүй байхаар төлөвлөж байсан аж. Гэтэл өнөөдөр та бүхэн Төрийн ордны орчмыг харж байгаа байх. 500 гаруй жилийн турш огт өөрчлөгдөөгүй Лондон хотын төлөвлөлтийн хажууд ярих ч зүйл байхгүй.
Бусад орны нийслэлтэй харьцуулбал Улаанбаатар харьцангуй залуу гэж ойлгож болох талтай. Гэхдээ бидэнд хот төлөвлөлт гэх айхавтар зүйл алга. Ямар сайндаа шинээр баригдаж байгаа барилгууд гаднаа ногоон байгууламж гаргах талбайгүй бүү хэл хэтрүүлж хэлэхэд хүн ч зөрөх зайгүй байх вэ дээ. Хэдийгээр “Шинээр баригдаж байгаа барилгууд заавал ногоон байгууламж төлөвлөнө” гэж Улаанбаатар хотын дүрэм, журамд заасан байдаг ч хэрэгжсэн нь цөөн. Үүнийг зарим хүмүүс өмнөх жилүүдэд нь зөвшөөрөлгүй олгосон газруудтай холбож тайлбарлах тохиолдол бий. “Урьд жилүүдэд нь баахан газар хуваарилаад өгчихсөн. Шинээр баригдаж байгаа байшингуудын газар байшин барих зориулалтбн биш. Ихэнх барилга ийм газар барьчихсан болохоор ногоон байгууламж хийх зай талбай байдаггүй. Ер нь манай улсад хуулиа мөрддөг, бүх шатны байгууллагууд нь авах арга хэмжээгээ авдаг, хатуу торгууль ногдуулдаг, албан байгууллагууд нь хууль дүрэм журмаа яс дагадаг л болох ёстой. Өнөөг хүртэл энэ байдал бүрэн дүүрэн хэвшээгүй л байна” гэж Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ганболд ярьж байсан удаатай.
Зөвшөөрөлгүй газрууд олон бий юу?
Одоогоор олон гэж хэлэхээр байна. Учир нь 78 газар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлчихсэн явж байгаа ажээ. Энэ бол саяхан гаргасан судалгааны үр дүн. Үүнээс цаашид ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох юм. Гэхдээ нэгэнт баригдчихсан барилгыг нураадаггүй юм аа гэхэд нийслэлийн төсөвт нэмэр болгож нөхөн төлбөр авдаг байх боломж бий. Хэрвээ тухайн компани төлбөрөө өгөхгүй гэвэл нураадаг тогтолцоо АНУ-д үйлчлээд удаж байна. Үүнийг Москва хот ч хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Гэхдээ энэхүү судалгаанд Орос-Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуулийн биеийн тамирын талбай, нийслэлийн 6, 31 дүгээр дунд сургуулиудын биеийн тамирын талбайнд барьсан барилгууд ороогүй байгаа нь гайхалтай. Угтаа сургуулиудын эзэмшилд байдаг гэх энэхүү талбайг хэрхэн ашиглах нь тухайн сургуулийн захирлын эрх хэмжээнд байдаг асуудал болохоор төвд байрлалтай сургуулиуд газраа үнэд хүргээд зарчихдаг гэмтэй болсоор уджээ. “Ерөөсөө ийм явдал байж таарахгүй. Ногоон байгууламж, биеийн тамир, эрүүл мэндтэй холбоотой газруудыг аль болох зарахгүй байвал зүгээр. Энэ бол нэг ёсондоо боловсон дээрэм л гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс нь хотын удирдлагуудтай уулзхаар хөөгөөд гаргадаг тохиодол таван жилийн өмнөөс өнөөг хүртэл ажиглагдаж байгаа” гэж ландшафтын мэргэжилтэн Д.Жигжидсүрэн ярьж байсан юм.
Эмнэлгийн газрыг эргүүлж өг
Энэ бол хоёрдугаар амаржих газрын ажилтнуудыг шаардлага, бүр өөрөөр хэлбэл мөрөөдөл. Одоогоос бараг жил гаруйн өмнө хоёрдугаар амаржих газрын урд хашаа хатгаж, тэнд хэвтэн эмчлүүлэгсэд, ажиллагсдын эрүүл мэнд, сэтгэл санаанд хүндээр нөлөөлөхүйц ажлаа эхлүүлжээ. Солонгос хүний нэр дээр авсан гэх энэ газрыг өнөөдөр хүртэл хэрхэх нь тодорхойгүй байна. Хатгасан хашаа, техник хэрэгсэл зэрэг нь одоо ч хэвээрээ л байна. Нялхсын эрүүл мэндийн үүднээс авч үзвэл гэрэл огт нэвтрэхгүй байснаас болж сэтгэл санааны хямрал болоод янз бүрийн харшилд өртөх магадлал нь өндөр байдаг ажээ. “Ямар нэгэн эмнэлгийн байгууллагын ойролцоо барилга барьж болохгүй дүрэмтэй л дээ. Бүр ийм стандарт ч бий. Гэхдээ түүнийг ойшоохгүйгээр л хашаа хатгачихсан шүү дээ. Ямар ч байсан амаржих газар гэдэг бол ердийн нэг эмнэлгээс өөр. Хэрвээ барилга барьвал тоосжилт, бактери зэргээс авахуулаад олон асуудал гарна. Энэ газар бол амаржих газар, түүнээс биш эмнэлгийн газар биш” гэж Хоёрдугаар амаржих газрын дарга Д.Цэцэгээ ярьсан юм.
Одоо хаана барилга барих бол?
Энэ бол газар худалдан авагчийн мөнгө, хотын удирдлагуудын хэр зэрэг ажиллахтай холбоотой. Худалдан авагчид нь хэт их мөнгөтэй ч, удирдлагууд нь сайн байвал бид ингэж айх зүйлгүй болно. Гэхдээ одоохондоо асуулт хэвээр л байна. Ямар ч гэсэн хаа сайгүй ямар барилга барих нь тодорхойгүй хашаа хатгаастай хэвээр л байгаа. Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн урд хатгасан хашаа, Нацагдоржийн номын сангийн дэргэд хатгасан хашаа чухам юу болж хувирахыг мэдэх хүн алга. Нийслэлийн газрын албанд ч хүртэл үүнийг мэдэх хүн байсангүй. Тэгэхээр айдас үргэлжилж байгаа биз. Айдас үүгээр дуусахгүй. Бичил хорооллын 13 дугаар байрны урд баригдаж буй барилга, Tsuki House-ийн ард баригдаж буй барилга чухам хэн гэгч эрхмийн нөлөөгөөр, ямар хүний гарт очсоныг мэдэх хүн ч алга. Хот төлөвлөлт түүний бодлого өнөөдөр хаана явна вэ? Үүнийг ч мэдэх хүн байхгүй. “Бид ямар ч төлөвлөлтгүй хол явахгүй. Хэдэн жилийн дараа засч залруулж, шинээр эхэлчихэж болохгүй том асуудал болон хувирна. Зүй нь бол хотын төвдөө барилга овоолоод байлгүй тэлэх бодлого баримтлах хэрэгтэй. Налайх, Гачууртын сул газар, Багануур, Эрдэнэт, Сэлэнгэ гээд тэлэх боломжтой газар руу л тэлэх нь зүйтэй” гэж доктор, профессор З.Халтар ярьсан юм.
Хэдийгээр хотыг тэлэх асуудлаар томоохон бодлого гаргаагүй ч хотоос зайдуу, эзгүй байгаа газруудад барилга барьж болох талтай. Бид арван жилийн өмнө энэ тухай ярьдаг байсан ч одоо хүртэл ажил хэрэг болгосон нь үгүй. Уг нь Улаанбаатарыг чөдөрлөөд байгаа асар том чөдөр тушааг бага зэрэг суллаж болох арга нь энэ ч байх юм бил үү?
150 жилийн өмнөх Вашингтон хотод яг манайх асуудал сөхөгдөж байж. Гэхдээ төлөвлөлтийн хатуу бодлого, хариуцлагатай ажиллагааны дүнд гажуудалгүйгээр хөгжсөөр өнөөг хүрчээ. Цаг хугацааны хүрдийг бага зэрэг урагшлуулаад 60 жилийн өмнөх Токио хотыг санаж болно. Тэнд бас л ямар нэгэн бодлого байгаагүй. Гэхдээ гадаадын мэргэжилтнүүд, өөрийн улс орны чадалтай архитекторчдын ачаар төлөвлөлт хамгийн сайтай хотуудыг босгож чадсан юм. Угтаа ийм туршлагатай олон улс гүрнүүд байгаа болохоор бид санаснаас богино хугацаанд төлөвлөлттэй хот болж чадахыг ч үгүйсгэхгүй, мэдээж хэрэг хүсэл байгаад хүчин чармайлт гаргах юм бол шүү дээ.
Одоогоор бид хаана байгаагаа ч үл мэдэж будилахаар гудамж, байрны дугаартай болчихоод байна. Гал команд болон түргэний машин ч орж үл чадах нөхцөлтэй хорооллууд ч бий. Угтаа үүнийг л шийдэх нь хотын гол бодлого баймаар…
Гэрэл зургийг: Б.НАМУУН