Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.
-Монголын эдийн засгийн гол түлхүүр бол ашигт малтмал. Хүссэн ч эс хүссэн ч бид газрын хэвлий доорх байгалийн баялгаа зарж, мөнгө олохоос өөр зам өнөөхөндөө байхгүй. Манай улсын нийт экспортын 92 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс зэс, нүүрсний экспорт 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн статистикийн судалгаанаас харахад Хятадад болж буй хувьцааны уналт, үйлдвэрлэлийн саармагжилт, эдийн засгийн удаашралт Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой. Учир нь Монголын хамгийн том түнш, хамгийн том гадаад зэх зээл гэдэг утгаараа эдийн засагт ньболж буй асуудал манайд их бага хэмжээгээр доргилт өгөх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр Европын хямрал дэлхийн олон оронд сөргөөр нөлөөлж байна. Хятадын эдийн засгийн асуудал ч Европын өрийн хямралтай холбоотой. Учир нь Европ Хятадын том зах зээл. Гадаад том зах зээл нь хямраад ирэхээр тус улсын эдийн засагт сөрөг үзэгдлүүд гарч байгаа хэрэг л дээ. Европын хямралыг эдийн засагчид ойрын 20 жил үргэлжилнэ гэж таамаглаж байгаа. Еврогийн ханш гэхэд л 20 хувиар уначихаад байна.
-Монгол энэхүү хямралыг тойроод гарах боломж байна уу. Тойрдоггүй юм аа гэхэд хохирол багатай давах ямар боломж бололцоо байна?
-Европын хямрал дэлхийн бүх л оронд доргилт өгч байна. Өөрөөр хэлбэл, Европын гэхээсээ илүү дэлхийн эдийн засаг хямралтай байгаа хэрэг юм. Монгол Улс дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч байгаа шүү дээ. Бөмбөрцөг дээр болж байгаа бүхэн манайд мэдрэгддэг болоод удаж байна. Улс орны хамтын ажиллагаа, даяаршлын нөлөөгөөр Монголд сайн ч үр дагавар бий болж байгаа, муу ч үр дагавар бас байна. Дэлхийн эдийн засгийн савалгаанаас болж манай улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр савлаж байна. Тиймээс дэлхийд нүүрлэж буй хямралыг тойроод гарна гэдэг ойлголт байхгүй. Манайд нөлөөлөхгүй гэх нь бас юу юм. Ямар ч байсан яаж хохирол багатай туулах вэ, яаж эдийн засгаа түргэн хугацаанд сэхээх вэ гэдэг л улс орны ойрын үед хэрэгжүүлэх чухал болоод том бодлого болоод байна шүү дээ. Манай улсын хувьд капиталист эдийн засгийн түүхийг, өнгөрсөн хугацаанд дэлхийн эдийн засагт нүүрлэж байсан хямралуудыг сайн судлах ёстой. Дэлхийн эдийн засагт нүүрлэж байгаа хямралуудыг судлаад үзэхээр таван жилд нэг удаа тохиож байсан байдаг юм. Эдийн засаг гэдэг чинь нэг ёсондоо бие организм гэсэн үг. Хэн нэгний бие организмд өөрчлөлт орохоод хажуугийн хүмүүст мэдрэгддэг шүү дээ. Түүнтэй л адилхан юм даа.
-2008 оны хямралыг монголчууд хохирол багатай даван туулсан. Харин энэ удаад Монголын эдийн засаг ханиад тусвал нэлээд хүндэрч магадгүй гэдэг яриа хэр ортой вэ?
-Монгол Улс 2008 онд нүүрлэсэн дэлхийн хямралыг хохирол багатай даван туулсан нь үнэн. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж би хувьдаа боддог. Хамгийн гол нөлөөлөл нь Татварын өршөөлийн хууль. Тодруулбал, Монголын төр зөөлөн бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр манай улсын эдийн засаг хохирол бага амссан гэж боддог. Нөгөөтэйгүүр С.Баяр даргын улстөрд гаргасан зөв шийдвэр хямралыг хохирол багатай туулахад маш их дөхөм болсон. С.Баяр дарга улстөрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэсэн. Тэр нь эдийн засагт маш зөв бодлого болж, үр дүнгээ өгч чадсан юм. Улс төр тогтвортой байж гэмээнэ эдийн засаг тогтвортой байдаг. Улс төр хэрүүл, шуугиантай, асуудалтай хурцадмал байвал эдийн засаг ч тогтворгүй, хурцадмал болж хувирдаг юм. Ялангуяа эдийн засаг гадны хүчин зүйлсээс болж хямарч болзошгүй байвал улс төр дээд зэргээр тогтвортой байх ёстой юм. Гэтэл өнөөдөр улс төр ямар байна. Тогтворгүй, хэзээ ч нуран ойчиход бэлэн байна шүү дээ. Бид иргэдээ, эдийн засгаа элгээр нь мөлхүүлэхгүйн тулд улс төрийнхөө эв эеийг хичээх хэрэгтэй.
-Монгол Улс өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхашруулсан. Харамсалтай нь, үүний үр шимийг энгийн иргэд мэдрэхгүй л байна. Энэ жил нүүрсний экспортын хэмжээ буурсан, дэлхийн зах зээлд зэс, нүүрсний ханш уналттай байгаа гэхээр манай улсын эдийн засгийн өсөлт энэ жил нэлээд бууралттай гарах болов уу?
-Та бүхэн нэг юмыг санах хэрэгтэй. 2008 оны хямралын үеэр зэсийн ханш навсайтал унасан. 7000 ам.доллараас бүр 4000 ам.доллар хүртэл унасан. Гэтэл өнөөдөр 7650 ам.долларын үнэтэй байна. Дөрвөн жилийн өмнө монголчууд зуднаар 10 сая малаа алдсан. Олон айл өрх хоттой хонио бүгдийг нь зудад алдаад ажилгүй, амьдралгүй болсон. Тэр үед Монголын төр маш том алхам хийсэн нь Оюутолгойн гэрээ. Олон жил дуншсан Оюутолгойн гэрээг хямралын үед баталсан нь Монголд хөрөнгө оруулалт хийх гадаадынхны сонирхлыг нэмэгдүүлсэн гэж би хувьдаа үздэг. Тиймээс Оюутолгойн гэрээг тогтвортой байлгах нь шинэ Засгийн газрын нэг үүрэг. Ингэж байж л ирж яваа хямралын бараан үүлнээс бага хохирол амсах болно. Тэгэхгүйгээр татвараа нэмээд, татвар төлөөгүй гээд олон хүнийг шоронд аваачаад хийгээд байвал дэлхийг доргиож буй эдийн засгийн хямралд гүн гүнзгий өртөх болно. Европын энэ хямрал 20 жил үргэлжилнэ гээд гадаадын том шинжээчид хэдийнэ дүгнэчихээд байхад бид олсон амжилтаа бууруулж, хөрөнгө оруулагчдыг үргээх зүйл яавч хийж болохгүй. Хөрөнгө оруулагчид одоохондоо Монголоос үргэчихээгүй байна. Тэдний Монголыг гэсэн сэтгэл нь хэвээрээ л байна. Харин шинэ Засгийн газар ямар бодлого явуулах нь вэ гэдгийг харж байна. Монголын улс төр, эдийн засаг өнөөдөр тун эмзэг байдалд орчихоод байна.
-Яагаад эмзэг байдал орчихсон гэж. Олон хүн харин шинэ уур амьсгал улс төр, эдийн засагт орох байх гэж итгэж байгаа?
-Би ч гэсэн тэгж найдаж байна. Тэгээсэй гэж хүсч байна. Гэхдээ өнөөдөр улс төр яагаад эмзэг байна вэ гэвэл УИХ-д аль ч нам олонх болж чадсангүй. Хуулиараа 40-өөс дээш суудал авсан нам нь олонх болно гэсэн заалт бий. Гэтэл намууд бүгд 40-өөс доош суудал авсан. Энэ утгаараа бүгд цөөнх. Гэтэл нэг хоёрхон хүнээр илүү цөөнх нь бусдаа барьж зодоод байж болохгүй биз дээ. Хамгийн асудалтай нь Монголын эдийн засаг маш эмзэг. Улс төрөөс шууд хамааралтай байлдаг. Улс төрд болж буй бүхнээс эдийн засаг хамаардаг, шалтгаалдаг болохоор тогтвортой байх, бие биеэ хүндэлж бай л гэж хэлэхийг хүссэн юм. Та түрүүнд асуусан даа. Монгол Улс хямралыг яаж хохирол багатай туулах вэ гэж. Өмнө хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Өмнөх хямралын үед авч байсан зөөлөн бодлогыг хэрэгжүүлж байж л Монгол Улс хямралыг даван туулах болно.
-Татварын өршөөлийг хуулийг батлах ёстой гэж үү?
-Тийм. Түүнээс бус татвар төлөөгүй гээд хоёр мянган бизнесменээ шоронд аваачиж хориод байж болохгүй л дээ. Тэдний буруу ч байх, бодлогын алдаа ч байх. Гэхдээ тэднийг шоронд хийлээ гээд Монголын эдийн засаг сайжрахгүй. Харин асуудал хурцдана. Үнэндээ эдийн засаг хямарлаа гээд мөнгөтэй хүмүүст тийм ч их нөлөөлөхгүй. Жирийн иргэдийн амьдралд хүндээр тусдаг юм. Ажилгүйдэл, ядуурал тэлдэг юм. Татвар төлсөнгүй гээд ажил олгогчийг нь шоронд хийчихлээ гэхэд тэнд ажиллаж байсан олон хүн ажилгүй болно. Тэдний ард байгаа ар гэрийн амьдрал хэцүүднэ. Харин ч өршөөл үзүүлж, зөөлөн бодлогоор тэдэнд боломж олгох ёстой юм. 2000 захирлыг татвараа төлсөнгүй гээд шоронд хийчих нь амархан л даа.
-Уул уурхайн салбарынхан багагүй хүлээлттэй байгаа нь сая болсон “Дисковер Монголиа”-аас харагдлаа л даа. Шинэ Засгийн газар яах нь вэ гэсэн болгоомжлол байна. Ялангуяа уул уурхайд харшилтай гэх эрхмүүд яг гол салбарыг нь атгасан болохоор бүр ч их анхааралтай ажиглаж байна гэсэн яриа ч сонсогдож л байна?
-Үнэн. Монгол Улс газрын хэвлий доорх байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалийн баялгаа ашиглуулахгүй, та нар ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буц гэвэл эдийн засаг асар их хохирол амсана. Хичнээн жил гуйж гувшиж байж тэд биднийг тоодог боллоо доо. Хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газар ямар бодлого барих нь вэ гэдгийг харж байна. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар уул уурхайн салбарт ямар бодлого барих вэ гэдгээ ил тод шулуухан зарлах ёстой. Түүнээс дуугүй дүмбэ царайлаад байх тусам эдийн засагт сайн нөлөөлөл үзүүлэхгүй. Үндэсний татварын ерөнхий газраас авсан мэдээллээр бол маш олон төрлийн татварыг нэмэх сураг байна лээ. Ингэж болохгүй ээ. Татварын таатай орчинг арай хийж бүрдүүлчихээд буцаад нэмчихэж болохгүй. Хөрөнгө оруулагчдыг, бизнесменүүдийг үргээж, айлгаж болохгүй. Татварын таатай орчинг бүрдүүлснээр татвар бүрдүүлэлт дандаа 100-аас илүү давж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчид байнга хэлдэг нэг үг байдаг даа. Монголын улс төрийн байдал тогтворгүй, улстөрчид нь хаврын тэнгэр шиг ааштай гэж. Харин Тавантолгой төслийг яаралтай урагшлуулах ёстой. Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох том зорилт тавьсан.
Монголын олон компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргалаа. Хэрэвзээ татварын бодлогоо нэмээд хөрөнгө оруулагчдыг үргээчихвэл, Монголын компаниудын хувьцаа үнэгүйднэ. Хувийн компани байна уу, улсынх байна уу, хэнийх нь байна хамаагүй. Хамгийн гол нь Монголын компани олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжийг нь бүрдүүлэх ёстой.
-Төсөвт сохорч зоос алга аа гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Ерөнхий сайд асан С.Батболдын эдийн засгийн зөвлөхөөр нь та ажиллаж байсан биз дээ. Байгалийн баялгаа зараад баяжаад байна гэсэн хаана байна. С.Батболдын Засгийн газар Н.Алтанхуягийн Засгийн газарт хоосон хэтэвч л үлдээсэн юм биш үү?
-Н.Алтанхуяг л ганцхан ингэж яриад байгаа юм биш. Сонгуулийн дараа Ерөнхий сайд болсон, Засгийн эрхийг авсан нам, хүмүүсийн амнаас унадаг жижүүрийг үг. Үе үе Ерөнхий сайд, Сангийн сайдын амнаас төсөв хоосорсон байна гэсэн үг гардаг. Тэглээ гээд улсын төсөв сохор зоосгүй хэцүүдсэн зүйл байдаггүй л юм. Өнгөрсөн онд Монголын Улсын эдийн засаг 17,3 хувь өссөн. Зарим хүмүүс эдийн засгийн өсөлтийг үр шимийг цөөхөн хэдэн гэр бүл хүртсэн юм биш үү гэдэг. Энгийн иргэдэд наалдсангүй гэж шүүмжлэх нь бий. Би үүнийг эсэргүүцдэг. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүн бүр амссан. Өнөөдөр Монгол Улсын малын тоо толгой 40 сая давлаа. Бид энэ намар 460 мянган тонн ургац хурааж авахаар бэлтгэж байна. Оюутнууд цалин авдаг боллоо. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдлээ. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтийн үр шим шүү дээ. Оюутнууд цалин авдаг болсон нь малчдын амьдралд жийрэг болж байгаа. Малчдын амьдрал нэлээд сайжирсан, малжсан байна лээ. Хөдөөгийнхний амьдрал үнэхээр тэгширч байгаа нь мэдрэгдэж байна. Худлаа, үнэн шоу хийж болно л доо. Гэхдээ бусдын амжилтыг хараар будаж болохгүй.
-Саяхан Засгийн газар шатахууны онцгой албан татварыг сэргээхээр болсон. Үүнээс болоод юмны үнэ өсчих вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?
-Зөв. Аль өнгөрсөн нэгдүгээр сард ингэх хэрэгтэй байгаа гэж би ярьж байсан даа. Уул уурхайд ашиглаж байгаа шатахууны онцгой албан татварыг нэмэх нь зөв. Харин энэ нь энгийн иргэдийн хэрэглээнд нэг их нөлөөлөхгүй байх.