”Луугийн” эдийн засаг доройтжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

”Луугийн” эдийн засаг доройтжээ

Түүхий эдийн дэлхийн номер нэг хэрэглэгч Хятадын эдийн засаг доройтож, гол гол үзүүлэлтүүд буурч байгаа нь тодорхой болжээ. “Шанхайн Хөрөнгийн зах зээл он гарснаас хойш хамгийн доод хэмжээнд хүрч, 18 хувиар буурав”, “Шанхайн металлын бирж дээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн гурван жилийн хамгийн доод хэмжээнд хүрэв”,”Хятадын аж үйлдвэрийн индекс 50 хувиас доош гарав” зэрэг мэдээллүүдээр энэ есдүгээр сарыг угтаж байна.

Эдийн засгийн өсөлтийг харуулдаг ДНБ-ний хэмжээ Хятадад он гарснаас хойш буурсаар дэлхийн санхүүгийн хямралын дараах үеийн хэмжээнд хүрсэн байна. Хятадын аж үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн наймдугаар сард 47.6 болж буурсан нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах үеийг санагдуулж байгаа юм. 2009 оны гуравдугаар сар бол Хятадын аж үйлдвэр эрхлэгчид санхүүгийн хямралыг даван туулж хөл дээрээ босох гэж байсан үе билээ. Гэвч ажиглагчид энэ удаа дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий хөдөлгөгч хүч сэргэж, дорхноо хөл дээрээ босоод ирнэ гэдэгт эргэлзэж байна. Бээжингийн “GK Драгономикс” компанийн менежментийн дарга Артур Крубер “Хятадын аж үйлдвэрлэлийн эргэлт дотроосоо ялзарч байсан. Цаашид байдал улам дордохгүй гэж бид найдаж байна. Гэхдээ эдийн засаг хэвийн голдрилд ороход  цаг хугацаа шаардагдах нь гарцаагүй” гэжээ. 

Үнэн хэрэгтээ Хятадын эдийн засаг тасралтгүй өсч буй гэдэг статистик мэдээлэл худал байсан нь тодорхой болсон бөгөөд хувийн секторуудын гаргасан үйлдвэрлэлийн индекс үүнийг харуулж байгаа аж. Эдийн засагчдын таамаглаж буйгаар Хятадын ДНБ-ний хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй буурч байсан аж. Эдийн засагчдын болгоомжилж буйн шалтгаан нь Орост найтаахад Монголд ханиад хүрдэг гэдэг шиг Хятадын эдийн засгийн доройтол Монголын эдийн засаг хямрах эрсдэл дагуулж болзошгүй гэсэн айдастай холбоотой. Хятадын эдийн засгийн доройтлыг тус улсын экспортын хоёр том зах зээл Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн доройтлоор тайлбарлаж байгаа юм. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас Хятад холуур өнгөрсөн ч нөхцөл байдал хүнд байсан билээ. 2009 оны гуравдугаар сард Бээжин бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлсэн. “Lehman Brothers”-ийн дампуурлаас эхтэй санхүүгийн хямралыг даван туулахын тулд дэлхийн улс орнууд эдийн засгаа аврахаар бэлэн мөнгө ихээр гаргаж, зах зээлийг хурдан сэргээхээр чармайж байсан юм. Тэдгээрээс БНХАУ хамгийн их хөрөнгийг дотоодын зах зээлдээ цутгасан улс гэгдэж байсан. 2009 онд Бээжин эдийн засгаа хөл дээр нь босгох дөрвөн их наяд юанийн хөрөнгө оруулсны хүчинд Хятадын эдийн засаг аажмаар сэргэж ирсэн. 2009 оны гуравдугаар сард Хятадын эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрсэн юм. Харин энэ оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засгийн өсөлт анх удаа буурч, сүүлийн гурван жилд анх удаа 7.6 хувь буюу хамгийн доод хэмжээнд хүрсэн. Хятадын эдийн засгийн өсөлтийн дүр зураг эдийн засагчдын таамаглаж байснаас ч дор байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой хэд хэдэн удаагийн хөрөнгө оруулалтын сөрөг үр дагавар нь инфляци, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөөрөгдсөн. Хятадын Засгийн газар үнийг тогтоон барих замаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хумиж, орон сууцжуулалтыг дэмжих бодлого барьж буйтай зэрэгцэн Европын өрийн хямрал нэрмээс болжээ. Хувийн секторуудын судалгааны дүнгээс харахад 2009 оноос хойш хүчээ авч байсан Хятадын экспортын захиалга буурчээ. Хятадын эдийн засаг яг одоо 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах үеийнх шиг нөхцөл байдалд ороод байгаа ч Бээжин энэ байдлыг засах гэж яарахгүй байгаа гэнэ. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед Хятадад олон сая хүн ажилгүй болж байсныг олон хүн санаж байгаа. Арван жилд нэг удаа болдог Хятадын удирдагчийн халаа сэлгээ болоход ойртож буй ийм үед ийм зүйл дахин давтагдвал нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж Бээжингийн эрх баригчид эмээж байгаа нь гарцаагүй. Дэлхийн эдийн засгийн ид хямралын саруудад Хятадад 20 сая цагаач ажилчныг цомхотгож байсан юм.

Хятад гангийн үйлдвэрлэлээр тэргүүлсэн хэвээр байгаа ч ган үйлдвэрлэгчид сүүлийн арван жилд анх удаа алдагдалд ороод байгаа талаар “Ройтерс” өнөөдөр мэдээлжээ. Хятадад гангийн үйлдвэр алдагдалд орсноос Монголын төмрийн хүдрийн экспорт хүнд байдалд ороод байгаа.

Хятадын аж үйлдвэрлэлийн бууралт Монголын нүүрсний салбарт хэдийнэ нөлөөлж эхэлсэн гэгдэж байгаа. Албаны хүний ярьснаар нүүрсний экспорт оны эхний хагас жилийн байдлаар зургаан сая тонн болж буурсан байна. “Standard & Poor"s” санхүүгийн корпорацийн шинжээч Сюзан Смитийн “Ройтерс” агентлагт мэдээлснээр үйлдвэрлэлийн илүүдэл үүсчихсэн, бүтээгдэхүүний нэр төрлийг сайжруулаагүй, зах зээлд эрэлт багассан зэрэг хүчин зүйлүүд гангийн үнийг бууруулж байгаа бөгөөд цаашид түүхий эдийн зах зээл улам хямрах том эрсдэл бий гэнэ. Хятадын түүхий эдийн зах зээлийн энэ хямрал ирэх хоёр гурван жилд үргэлжлэх төлөвтэй гэнэ. 

Н.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж