
Германы канцлер Ангела Меркель энэ жил цалингаа нэмүүлжээ. Ирэх жилийн наймдугаар сар хүртэл түүний орлого ээлж дараатайгаар 5,7 хувиар өснө. Сүүлийн 12 жилийн дотор канцлерийн цалин анх удаагаа нэмэгдэж байгаа нь юм.
Америкийн “Forbes” сэтгүүл хоёр жил дараалан Ангела Меркелийг (Angela Merkel) дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэж нэрлэсэн. Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй хаана хэрхэн амьдардаг вэ? Хаяг нь тодорхой: 10117 Berlin, Am Kupfergraben, 6. Олон оршин суугчтай байшингийн дөрвөн давхарт Ангела Меркелийн байр байдаг. Канцлерийн байшинг харах гээд Берлинд заавал очих албагүй, зургийг нь интернэтэд байрлуулсан байгаа.
Меркелийн өмнөх канцлер Герхард Шрёдер (Gerhard Schrёder) Холбооны канцлерийн албаны байшин дахь 200 кв.метрийн улсын сууцанд амьдарч байсан. Ангела Меркель, түүний нөхөр профессор Йоахим Зауэр (Joachim Sauer) хоёр өөрсдийн хуучин сууцандаа үлдэхийг хүссэн юм.
Ангела Меркель тийм ч баян хүн биш
Ангела Меркель 2012 оны тавдугаар сард цалингийн нэмэгдлээ авсан. Ер нь бол канцлерийнхаа цалинг Герман сүүлийн 12 жилийн дотор анх удаа нэмсэн нь энэ. Германы Засгийн газрын тэргүүн Меркель жилдээ 190 мянган еврогийн цалин авдаг. Үүний хажуугаар албаны зарлагын тусгай нэмэгдэл авдаг. Мөн бундестагийн депутат учраас түүний орлого жилдээ 290 мянган евро болдог байна. Энэ дажгүй өндөр цалингаасаа тэрээр татвар төлнө. Гэхдээ бүх албан хаагч нар шиг тэтгэврийн болон ажилгүйдлын даатгал төлдөггүй аж.
Германы топ-менежерүүд, алдартай эмч нар, хөлбөмбөгчид, автомашины уралдааны жолооч нар канцлерийг бодвол хамаагүй илүү орлоготой. Германы Үндсэн хуулиар улсын бэлгэдлийн болдог ерөнхийлөгч нь канцлераас 11 хувиар илүү цалин авдаг гэнэ. Ерөнхийлөгчийн мэдэлд Берлины “Bellevue” шилтгээнд маш тансаг өргөө бий. Нэг үгээр Германы стандартаар бол Ангела Меркель тийм баянд тооцогдохгүй.
Пергамон теартын эсрэг тал дахь сууц
Хатагтай канцлер өөрийнхөө сууцандаа амьдардаг. Ойр орчим нь сайхан, байшин нь Берлиний бараг төвд Пергамон гэх алдартай музейн эсрэг талд байрладаг. Харин бусад музейгээс ондоо зүйл нь гэвэл Пергамоны дээвэрт ажиглалтын камер байрлуулсан. Энэхүү камераар Меркелийн байрыг бүрэн хянадаг. Меркель 2009 оны дөрөвдүгээр сарын 25-ний өдөр гэртээ орж чадаагүй. Байшингаас нь холгүй дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг олджээ.
Ангела Меркель амралтаа ууланд өнгөрөх дуртай. Голчлон Тиролид амрах бөгөөд төлбөрийг нь хувиасаа төлдөг. Үе үе Берлинээс холгүй орших зусландаа ирдэг. Меркель Бонн хотод ажиллахаар очих хэрэг гарвал Засгийн газрын мэдлийн дүүрэгт жижиг байранд буудаг ажээ. Хувцсаа өөрөө худалдан авдаг. Гэхдээ оёдолчин гэрт нь ирж хэмжээ авах ёстой гэсэн бусдаас давуу эрх бол байгаа.
Меркель Audi a8 унаж, Airbus а340 онгоцоор нисдэг
Канцлерийн мэдэлд жолоочтой машин бэлэн байдалд байдаг. Мужийн ерөнхий сайдууд хуягтай Mercedes эсвэл BMW лимузин хөлөглөдөг бол Ангела Меркель Audi A8 загварыг сонгон авчээ.
Өнгөрсөн онд Германы Засгийн газрын гишүүдийн нисдэг онгоцыг сольсон. Одоо Ангела Меркель ба тус орны тэргүүлэх улстөрчид Аirbus А340 хөлгөөр алсын айлчлалд зорчдог бол дунд зайн нислэгтээ Global 5000 гэх жижиг онгоцнуудыг ашигладаг. Үүнээс өмнө Меркель Аirbus А310 онгоцоор нисдэг байжээ. Зүүн Германы улсын компанийн энэ онгоцыг 20 гаруй жил ашигласан. Меркельд хувийн өмчийн дарвуулт завь, амралтын тансаг орд харш байдаггүй. Албанаас нь ч ийм зүйлийг эдлүүлдэггүй.

Германы канцлер Ангела Меркелий тухай “Загалмайлсан эх” ном олон утга бүхий нэртэй. Меркелийг уг номонд аль болох бараан дүрээр гаргажээ. Шинэ номын талаар Германы хэвлэл мэдээлэл хэрхэн бичиж, үнэлсэн талаар одоо уншигч та нарт танилцуулья.
“Би гурав дахь удаагаа та нараас хариу сонсоогүй асуудлаа тавьж байна. Меркелийг ардчиллын эсрэг гэж та үздэг үү? гэсэн асуудалд “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултаа хэлээд өгөхийг хичээнгүйлэн гуйя” гэсэн сэтгүүлчийн үг бараг цөхөрсөн маягтай.
“Үүнд л асуудал оршино. Би яг үүнд л анхаарал хандуулах гэсэн юм” хэмээн номын зохиогч Гертруд Хёлер (Gertrud Hёhler) номын нээлтэд цугларагсадад хандаж хэлсэн. Танхим тодорхой хариулт сонсолгүйгээр гаслан дүнгэнэх мэт. Германы канцлер Ангела Меркелийн (Angela Merkel) тухай Хёлерын бичсэн “Загалмайлсан эх” (мафийн гэр бүлийн тэргүүний тухай “Загалмайлсан эцэг” номын нэртэй адилтгасан) номын нээлтэд ирсэн гадаад дотоодын хэдэн арван сурвалжлагчид сэтгэл дундуур байлаа. Хүлээж байсанчлан ямар ч дуулиан дэгдсэнгүй.
Зохиогч нь герман судлалын профессор, 71 настай нийтлэгч Гертруд Хёлерыг хэвлэл мэдээлийн хэрэгсэл ялангуяа Орос хэвлэл канцлер Колийн (Helmut Kohl) зөвлөгч, түүний танхимын гишүүнд нэр дэвшигч гэж танилцуулах нь их. Гэтэл үүнийг бас зарим нь үгүйсгэдэг. Ямар ч байсан үүнийг нотлох баримт үгүй бөгөөд Колийн Христийн ардчилсан холбоо намын ахмадуудаас хэн нь ч түүнийг таньдаггүй гэжээ.
Хуучин БНАГУ-ын хүн гэнэ үү
Христийн ардчилсан холбоо намын консерватив жигүүрийн төлөөлөгч Хёлер номондоо Меркелийг эрс ширүүн шүүмжлэв. Тэрээр хатагтай Меркелийг “хонины арьс нөмөрсөн чоно”, “авторитар социализмын” стилийг номлогч, зөвхөн өөрийн эрх мэдлийг хадгалан бэхжүүлэх зорилготой, зарчимгүй гэж нэрлэжээ. Мөн намын өрсөлдөгч нартайгаа хуучин БНАГУ-д сурсан аргаараа тооцоо боддог гэж тэрээр бичсэн байна. Канцлерийг зүүн Германаас гаралтайг Хёлер байн байн дурьдан, хуучин БНАГУ-ын талаар ууртай мэдэгдэл дагалдуулан “Бөглүү эрх зүйт биш орноос гарч ирсэн”, “Зүүн Германы булингарт хөшигний араас гарсан”, “Диктатурын нөхцөлд шалгаран амьдрах аргаараа ардчилсан орны дээд оргилд гарсан” гэх зэргээр бичжээ. Номыг бүтээгч үзэхдээ, хүүхэд ахуйгаасаа ардчилсан үнэт зүйлст суралцаагүй, үүнийг хүндэтгэдэггүй “загалмайлсан эх” ардчиллын үндэс суурийг зөвхөн Германд ч биш Европт эвдэн бусинуулж эхэлсэн гэжээ. Харин Меркелийг татаж, маш ихээр алдаа хийсэн Гельмут Коль христийн ардчиллын үнэ цэнэ, христийн ардчиллын бодлого, намын дотоод ардчиллыг сайн мэддэг гэнэ. Гэтэл “эв нэгдлийн канцлерийн” “сурагч” түүнээс уравсан гэж Хёлер бичжээ.
Үүний зэрэгцээ Меркелийн улс төрийн бөөрөнхий үзлийн жишээг татахдаа Хёлер, “зарчимгүйгээр” намуудын ялгаан дээр тоглон цөмийн эрчим хүчнээс татгалзсаныг нь авч үзсэн нь сонирхол төрүүлэхээр. Цөмийн эрчим хүчийг христийн ардчиллын үнэт зүйл гэж Хёлер үздэг юм болов уу?
Ардчиллыг аврах хэрэгтэй юу?

Хёлерийн үзсэнээр, Германы нутаг дэвсгэрт атомын бүх цахилгаан станцуудыг хаах ажиллагааг хурдасгасан Меркелийн шийдвэр, евро бүсийг аврах хувилбарт канцлер “зөрүүдэлсэн” зэрэг нь тоталитар шинжтэй гэнэ. Гэхдээ үүндээ номыг зохиогч “диктатур” гэсэн үгийг Меркельд хамаатуулахгүй байхыг хичээжээ. Харин зохиогч номынхоо нээлт, дараа нь өгсөн ярилцлагууддаа ийм их түрэмгий эрс хэллэг хэрэглэхээ больсон. Тэрээр өөрийг мөрдөн мөшгөнө гэж айсандаа биш харин хариу шүүмжлэл ирэхээс болгоомжилсон байх. Аливаа шүүмжлэлийн талаар хариу шүүмжлэл гаргадаг гэж канцлерийг буруутгах хүн бишгүй байдаг л даа. “Хэрэв та, Меркелийг манай улсын ардчиллын үндсэнд ноцтой аюул занал учруулж байна гэж үзвэл түүнийг шүүхэд өгөх эсвэл парламентад хандан огцруулах шаардлага тавих ёстой биш үү. Та яагаад үүнийг хийсэнгүй вэ, фрау Хёлер?” гэж номын шүүмжлэгчдийн нэг бичсэн байна.
Олонд нэр хүнд бүхий хэвлэл сонин Гертруд Хёлер Меркельтэй хувийн тооцоо бодож байна гэж бичсэн байна. Колийн үед “мандаж байсан зөвлөгч” одоо Меркельд хэрэггүй болсон учраас. Тэдний хувийн харьцааны талаар асуусан сэтгүүлчдийн асуултад Хёлер нэлээд бухимдан асуултыг нь таслах, заримдаа ярилцлаа зогсоох зэргээр хандаж байгаа. Эсвэл шууд хариулахын оронд “Миний номыг унш” гэсэн зөвөлгөө өгдөг гэнэ.
Меркелийг шүүмжлэгчдэд ч энэ ном таалагдахгүй гэсэн сэтгэгдэл төрж байна. Зохиогч зарчимгүй, эрх мэдэлд дуртай, ёс суртахууны “суурьгүй” гэсэн үгсийг шил дараалан давтаж “СССР гэсэн супер танкераас Ангела охин гэсэн зүүтэй герман завийг манай эрэгт илгээжээ”… гэх мэтийн хэллэг агуулгаар дүүрэн 300 хуудас бичсэн байна. Улс төрийн дүн шинжилгээ буюу улс төрийн шоглол гэж энэ номыг хэлэх аргагүй. Түүний хэтэрхий… зөөлрүүлбэл халууралт нь Меркелийг солих гэсэн социал демократуудын лидерүүдийг хүртэл ичээж байх шиг. Бүхнийг мэдэгч “Кассандра дагина” арай хэтрүүлчих шиг болов. Ямар ч байсан Германы өнөөгийн канцлерийн чансаа евро бүсийн хямралтай энэ үед олон нийтийн асуулгаар өндөр хэвээр буюу 68 хувьтай байгаа билээ.
Gertrud Hёhler
“Die Patin. Wie Angela Merkel Deutschland umbaut”.
Orell Fиssli Verlag, Zиrich 2012
