Дахиад ч осол гарч болзошгүй тэсрэх бөмбөг шиг замууд

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Дахиад ч осол гарч болзошгүй тэсрэх бөмбөг шиг замууд

Хичээлийн шинэ жил эхлээд хоёр хоноход хоёр хүүхэд автын болон гэнэтийн ослоор амь насаа алдсан нь олныг цочирдуулаад байгаа. Балчир үрсийн эмгэнэлт осол Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, орчны аюулгүй байдлыг сайжруулахыг сануулж байгаа билээ.

Одоогоор хотын удирдлагуудын зүгээс 12 настай охин зуурагч машинд даруулан амиа алдсанд эмгэнэл илэрхийлээд цаашид зөвшөөрөлгүй барилга барих, зөвшөөрөлгүй машин механизм ажиллуулж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоож онцгой хяналт тавин ажиллахаа илэрхийлсэн. Харин өчигдөр “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд талийгаач охины үхэлд буруутай этгээдүүдийг хурдан шуурхай тогтоож, хариуцлага тогтоох ажилд хяналт тавина гэдгээ илэрхийлжээ. Тэд вэб сайт болон фэйсбүүк хуудсандаа “Эмгэнэлт явдалд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Хуулийн байгууллага зохих арга хэмжээг авна гэдэгт найдаж байна. Хэрэв зохих арга хэмжээ авахгүй бол манай байгууллага арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн Баянгол дүүргийн 13-р сургуулийн арын зам орчимд даваа гаригт хоёрдугаар ангийн сурагч, долоон настай машинд дайруулж амь насаа алдсан. Энэ тухай Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулахад “Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шалгаж эхэлсэн. Хэргийн газрыг орхин зугтаагүй тул жолоочийг цагдан хориогүй, батлан даалтад байгаа” гэсэн юм. Хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон жолоочид Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Хэдийгээр зуурагч машинд даруулан амиа алдсан, сургуу­лийн­хаа гадаад осолд өртөн хорвоог орхисон хоёр бяцхан амьтай холбоотой хэргийг ийнхүү шалгаж байгаа ч осол, гамшиг өнөөдөр ч бидний дэргэд дагаастай байгааг “АЭ” сануулж байгаа. Уншигч олон нийт ч нийслэлийн зам талбай хаана ч хүн амиа алдах эрсдэлт орчин бий болоод байгааг цохон шүүмжилж байгаа билээ.

Тухайлбал, долоон настай охин амиа алдсан 13 дугаар сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй байсныг бид мэдээлсэн. Олон нийт ч сургууль, цэцэрлэгийн орчим автомашины хурд сааруулагч, анхааруулах тэмдэг зэргийг байрлуулахыг шаардаж байгаа. Үүний зэрэгцээ зам засвар хийж байгаа нэрийдлээр явган хүний замыг бөглөж, нүх ухаж сэндийчин хэзээ ч осол гарч болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа талаар та бид мэднэ. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Улаанбаатар их сургуулийн өмнө талд нүх ухаж явган хүний гарцыг битүүлснээс хүмүүс автомашинтай зэрэгцэн ал­хаж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Ойролцоо орших дунд сургуулийн хүүхдүүд явган хүний гарцгүй газраар машинтай зэрэгцэн ал­хаж байгаа нь өнөөдөр ч гэсэн бас нэг осол гарч болзошгүйн сануулга бус уу.

Энэ мэтчилэн хэзээ ч осол гарч болох эрсдэлтэй газрууд олон байгаа. Уншигч та бүхэн ч гэсэн өөрсдийн, үр хүүхдийнхээ, бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө иймэрхүү эрсдэлтэй газруудын талаар мэдээллээ хуваал­цаж, хотын захиргаанд шаард­лага тавьцгаагаарай.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж