Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл хүртлээ

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо зохиогдож буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй жүдочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан баасан гаригт болж өнгөрсөн бөгөөд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 59 кг-ын жинд С.Батцэцэг, 67 кг-ын жинд Б.Оюунсүрэн, 72 кг-ын жинд Г.Наранчимэг нар мөнгө, 55 кг-ын жингийн ангилалд С.Бямбацэрэн хүрэл медалийн эзэд болсон.

Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд найман тамирчин өрсөлдсөнөөс С.Батцэцэг эхний тойрогт Тайванийн Чянт Юуань-чиг 7:0 оноогоор ялж, дараагийн барилдаандаа Японы бөх Юүрика Итог 3:0 харьцаатай ялснаар аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Лью Фенминтэй өрсөлдөж, 11:7 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Б.Оюунсүрэнгийн тухайд 67 кг-д өрсөлдөж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд дараагийн барилдаандаа Казахстаны Ольга Жанибековаг 8:0-ээр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Медалийн өнгө хувиргах барилдаанд манай тамирчин Японы бөх Чиаки Ижимад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол 72 кг-д Г.Наранчимэг БНХАУ, Киргизстаны бөхийн дараалан ялж, аваргын төлөө Казахстаны Гузель Манюуровад 4:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин 55 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт зохион байгуулагч Энэтхэгийн Гита Гитаг ялсан боловч удаахь тойрогт БНХАУ-ын тамирчинд ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглож, Казахстаны Айим Абдилдинаг 11:7 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс Ж.Чулуунбат мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж