Цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт тусгаагүй нь хариуцлагатай холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт тусгаагүй нь хариуцлагатай холбоотой гэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд шинээр баригдах цэцэрлэгүүдийн санхүүжилтийг хассан шалтгааны тухай асуудал дэгдэв. Тодруулбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр дээрх асуудлыг гишүүд хөндсөн байна.

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Г.Уянга гишүүн дотоод өрийн хэмжээ ямар байгаа талаар Сангийн сайдаас тодруулахад Ч.Улаан “Дотоод өрийн хэмжээ 770 тэрбум төгрөг байгаа. Мөн гадаад улс орнуудад 2.6 их наяд төгрөгийг төлөх ёстой байгаа. Гэхдээ өрийн хэмжээ эдийн засагт дарамт үзүүлэхээр хэмжээнд биш” гэх мэдээллийг өглөө. Эмэгтэй гишүүдээ төлөөлөн санал тавьж буйгаа Л.Эрдэнэчимэг онцлоод цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны мөнгөний нэмэгдлийг төсөвт оруулах боломж бий эсэхийг лавлав. Дараа нь гишүүн С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг иргэдийн өргөдөл дээр тулгуурлан олгож байх нь зүйтэй” гэх санал гаргав. Өмнө нь Хүний хөгжлийн сангаас мөнгийг тараахад нийт авах ёстой иргэдийн 10 хувь нь огт аваагүй гэх тоо гарчээ. Иймд гишүүдийн зүгээс энэхүү авалгүй үлдэх, авахаас татгалзсанаас үлдэх буюу хэмнэгдсэн мөнгөөр хүүхдийн хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх тухай санал гарч буй юм. Энэхүү саналыг үг хэлсэн гишүүд дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлж Сангийн сайд Ч.Улаан, С.Эрдэнэ нарын гишүүд үүнийг хэрэгжүүлэх боломжийг судлах, журам боловсруулахад хамран ажиллацгаая гэж тохиров. Хэмнэгдсэн мөнгийг ашиглах зориулалт нь тодорхой байх ёстойг Г.Баярсайхан онцлоод өмнө яригдаж байсан цэцэрлэгийн байр барихад хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм уу гэх саналаа илэрхийлэв. Харин С.Ганбаатар гишүүн Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгийг олгохдоо нөхцөл тавих нь зүйтэй гэх саналыг гаргав. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авахын тулд хүүхдээ вакцинд хамруулсан байх, сургуульд суралцуулдаг байх зэрэг наад захын эцэг эхчүүдийн үүрэгтэй холбоотой нөхцөл тавихыг хэлж буй аж. Гишүүдийн энэхүү саналыг мөн л зүйтэй гэх хандлагатай байлаа.

Ирэх оны төсвийн нэмэлт өөрчлөлтийг ийн хэлэлцэх үеэр хувь гишүүдээс өөрийн тойргийн шийдэх ёстой асуудлыг багтаах сонирхолтой байдаг “зан” мөн л ажиглагдаж хэд хэдэн гишүүн “Манай аймагт ийм тулгамдаж буй асуудал байна” гээд төсөвт өөрийн тойрогт хөрөнгө оруулалт хийх саналуудад дэмжлэг хүсч байв. Тухайлбал, С.Бямбацогт гишүүн “амтай бүхэн цэцэрлэг барих хэрэгтэй гэдэг атлаа төсөвт тусгаад байсан цэцэрлэгийн санхүүжилтийг хасчихжээ. Ам, ажил нь зөрөөд байгаагийн нэг энэ шүү дээ. Яг тодорхой хэлбэл энэ цэцэрлэгүүд байна” гээд Ховд аймгийн цэцэрлэгийн санхүүжилтийг жишээ болгон шүүмжлэв. Цэцэрлэгийн байр барих санхүүжилтийг төсвийн тодотголоос хассан шалтгааныг Сангийн сайд Ч.Улааны тайлбарласнаар бол гол буруутан нь ажил хариуцсан төрийн албан хаагчид гэнэ. Тэрээр “Гол нь цэцэрлэгийн байр барина гэж тусгасан атлаа газрын асуудал нь маргаантай, зураг төслийг нь гаргаагүй, тендер зарлагдаагүй байхад яаж хөрөнгө оруулалтыг нь шийдэх билээ. Энэ бол эдгээр ажлыг зохион байгуулсан байх ёстой ажилтнуудын буруу” гэв. Өнөөдөр газрын асуудал нь маргаантай 40 гаруй “баригдаагүй цэцэрлэг” байгаа аж. Ер нь цэцэрлэгийн байр ч гэлтгүй зураг төсөл нь гараагүй, тендер зарлагдаагүй ажлуудад төсвөөс хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй гэх зарчим төсвийн шинэ хууль батлагдсанаас мөрдөгдөж байгаа гэнэ.

Хуралдаанаар мөн зөвхөн зарлага ярихаас илүү орлого олох боломжийн талаар ярих ёстойг зарим гишүүд онцолж байсан бөгөөд архины онцгой татварыг нэмэх, зарим улсуудтай хийсэн давхар татварын гэрээг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ байж болох талаар яригдсан байна. Зарлага, орлогоос гадна “үргүй зардал” хэлэлцүүлгийн дараагийн сэдэв байлаа. Жишээ болгож Эрүүл хүүхэд аяны зарцуулалтыг хөндсөн ба “Энэ аянд 18 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан. Хүүхдийн нэрээр үр ашиггүй хөтөлбөр хэрэгжүүлмээргүй байна. Хүүхдийн ам ангайлгаж, шүдийг нь үзсэн болоод ийм их мөнгийг яаж зарцуулсан нь ойлгомжгүй юм” гээд шинээр томилогдсон Сангийн сайдад үүнийг анхаарахыг хүслээ. Ийн хэлэлцээд Төсвийн тодотголын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж