Хиллари Клинтон Бээжинд айлчлах үеэрээ сүүлийн үед анхаарал татаад буй Хятад, Японы хоорондох арлын маргаан, Умард Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн дайн болон эдийн засгийн зарим асуудлын талаар БНХАУ-ын албаныхантай санал солилцохоор төлөвлөжээ.
Хиллари Клинтон Хятадад ирэхийнхээ өмнө Индонез улсад айлчилсан байна. Тэрбээр Индонезэд айлчлах үеэрээ Хятад болон Япон улсуудын хоорондох “Сенкаку”арлын маргаанд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж, тэднийг уг маргаанаа ямар ч албадлага, сүрдүүлэг болон зэвсэг хэрэглэлгүйгээр шийдвэрлэхийг хүсч буйгаа хэлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ян Зечи түүнтэй уулзах үеэрээ хоёр орны хоорондох харилцаагаа цаашид харилцан бие биенээ хүндэтгэсэн, харилцан ашигтай байдлаар өргөжүүлэхийг хүсч буйгаа онцлоод АНУ-ыг Хятадын өмнөд далайд байрлах “Сенкаку” арлын маргааныг шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна.
Сүүлийн үед БНХАУ болон Япон улсуудын харилцаа “Сенкаку” арлыг эзэмшилдээ авах маргаанаас болж хурцдаад байгаа юм. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Хиллари Клинтон маргааш БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтао болон дараагийн Ерөнхийлөгч гэгдэж буй Си Жиньпин нартай уулзах аж.