Барилгын материалаа дотоодоосоо хангана

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Барилгын материалаа дотоодоосоо хангана

Зам, барилга, уул уурхайн салбарынхан “Mining Mongolia 2012”-т цуглаж байна

Уул уурхай, зам барилгынхан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт цуглаж байна. “Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнг Монголд ийнхүү “Allworld Exhibitions” групп, Уул уурхайн яам, Зам тээврийн яам,  Барилга, хот байгуулалтын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна. Энэ  удаагийн үзэсгэлэн нь чуулга уулзалт бус дагнасан үзэсгэлэн бөгөөд есдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд Монгол Улсын төрөөс барилга, уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаарх товч мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, “эхний ээлжинд бид барилгын материалаа дотоодоосоо хангах зорилгыг тавьж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны санхүүжилтээр цемент, арматурын 15 үйлдвэрийг байгуулах төслийг Засгийн газраар хэлэлцээд, Хөгжлийн банкинд хүргүүлж байна. Мөн импортоор заавал авах шаардлагагүй 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотооддоо үйлдвэрлэх бололцоогоор хангах хуулийн төслийг Засгийн газарт оруулж байгаа. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.  Мөн орон нутаг болоод нийслэлд барилгын төрөл бүрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд импортын татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж байна” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн салбарын мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд 2500 км хучилттай авто зам, 550 км төмөр зам барихаар төлөвлөж байгаа талаар мэдээллэв. Эдгээр төсөлд нийт таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ.  Үүнээс жишээ нь, Оюутолгойн уурхайд л гэхэд өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, түүнд шаардлагатай дэд бүтэц болох цахилгаан станц, байнгын ажиллагаатай нисэх онгоцны буудал, гол замуудтай холбосон төмөр зам барихад нийт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болж байгаа гэнэ.

Үзэсгэлэнд Монгол Улсаас  40 гаруй, гадаадын 22 орны 200 гаруй төлөөлөгч, аж ахуй нэгж болон зарим орны элчин сайдын яамныхан оролцож байна. Энэ үеэр уул уурхайн олборлолт, хайгуул, зам барилгын салбар дахь хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байв. Тухайлбал, бутлуур, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, холын холбоо, ажлын хувцас хэрэглэл, бүхий л төрлийн боолт, жийргэвч, дамжуулах хоолойн систем зэргийг эндээс үзэж сонирхож, худалдан авах боломжтой.

Үзэсгэлэнгийн талаар  зохион байгуулагч “Allworld Exhibitions” группын Монгол дахь төлөөлөгч Т.Баттулгаас тодрууллаа.

-Сүүлийн үед уул уурхайн олон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулах боллоо. Энэ удаагийн онцлог юу вэ?  
 
– Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хүлээж аваад ирэх жилүүдийн бодлогоо тодорхойлж буй энэ цаг үед зам барилга, уул уурхайн үзэсгэлэн болж байгаа нь маш ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ удаагийнх шинэ техник технологийг нэвтрүүлээд үйлдвэрлэгчидтэй нь хооронд нь холбох бус, нүүр тулсан ярилцлагыг зохион байгуулах боломжийг олгож байгаа юм. Барууны технологиуд ер нь хүч түрэн орж ирж байгаа нэг жишээг дурдахад Оюутолгойд Испанийн компани шинээр ханган нийлүүлэгч болж орж ирж байна. Энэ нь уул уурхайн олборлолтонд зориулж, тэслэлт дэлбэрэлт хийх ажлыг гүйцэтгэдэг юм. Ингэхээр энэ салбар дахь гадаад дотоодын компаниудын хамтын ажиллагааг дэмжих томоохон үйл хэрэг гэж хэлж болно.

-Гадны төлөөлөгчид Монголын уул уурхайн салбарыг хэрхэн харж байгаа бол?

-Ер нь гадны судлаачид Монголын уул уурхайн салбарын хэтийн төлвийг тодорхойлохдоо өнөөгийн Австралийн уул уурхайн салбарын хөгжилтэй ижил төвшинд авч үздэг. Зарим талаараа Австрали  улсаас илүү нөөц бололцоотой ч гэж хардаг юм. Тиймээс олон улсын уул уурхайн салбарын томчууд энэ салбарынхаа түнш гэдэг байдлаар үздэг болсон нь сайшаалтай.

-Цаашдаа энэ үзэсгэлэн болох уу?

-Ер нь цаашдаа жил бүр есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулж байна. Ингэхдээ эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийнхнийг түлхүү оролцуулахыг эрмэлзэх болно. Барилга, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг хэн бүхэн энд ирээд, хэрэгцээт мэдээллээ аваад, хамтран ажиллагчаа олох боломж нээлттэй.

Дашрамд дуулгахад, барилга, хот байгуулалтын салбар дахь хамгийн том бүтээн байгуулалтыг эдийн засагчид “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын хөтөлбөр гэж дүгнэж байгаа учраас энэ удаагийн барилга, уул уурхайг холбосон үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу маргааш энэ хөтөлбөрийн үйл явцын талаарх танилцуулгыг хийх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж