8000 гаруй бичил уурхай эрхлэгч тооллогод хамрагдаад байна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

8000 гаруй бичил уурхай эрхлэгч тооллогод хамрагдаад байна

Үндэсний Статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран бичил уурхай эрхлэгчдийг тоолох  ажлыг  эхэлжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

–    Хувиараа ашигт малтмал олборлогчид ямар ашигт малтмал олборлож байгаа бол?

–    Алт, нүүрс, гянтболд, давс, хужир, шохойн чулуу, цагаан тугалга зэрэг ашигт малтмал  олборлож байна.

–    Бичил уурхай эрхлэгчдийг  ямар шалтгаанаар тооллогод хамруулахаар болсон бэ?

–    Уул уурхайн  салбарын эдийн засагт эзлэх хэмжээ 2000 онд дөнгөж 13-хан  хувь байсан бол  одоо нийт эдийн засгийн бараг дөрөвний нэг нь энэ салбараас хамаарч байна.  Бас асар өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой салбар. Ийм онцлогтой  салбарт  албан бус гэж нэрлэгдэхээр иргэд нэлээд хувийг эзэлдэг гээд бодохоор зайлшгүй бүртгэлжүүлэх шаардлага гарч ирж байгаа юм. Энэ салбарт ажилладаг албан ёсны компаниудын хувьд бүх талынх нь судалгаа бий. Харин албан бус гэсэн ангилалд хамаарах иргэдийг бүртгэсэн  бүртгэлийн систем улсын хэмжээнд байдаггүй учраас гар аргаар ашигт малтмал олборлодог  иргэдийн тоо нарийн гараагүй. 15-20 мянгын хооронд бий гэсэн багцаа тоо л яригддаг. Үүнээс ч илүү гэх нь бий. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа бичил уурхай эрхлэгчдийн эдийн засагт оруулдаг хувь нэмрийг нь тодорхойлж, ямар асуудлууд тулгарч буйг нь судалж байж энэ чиглэлийн бодлогын ажил бодитой хийгдэнэ. Тэр утгаар нь бид  Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарч ажиллая гэсэн саналыг дэмжсэн. Хичнээн бичил уурхай эрхлэгч байгаа, тэднээс хэд нь жилийн дөрвөн улиралд олборлолт явуулдаг, ямар төрлийн хэр хэмжээний ашигт малтмал олборлодог, тохиолддог хүндрэлүүд нь юу юм, тэдэнд төр засгаас хүсэх ямар дэмжлэг байна гэдгийг баталгаажуулах зорилгоор нэг удаа хийх бүртгэл л дээ.

–      Тооллогыг  хэн хийх вэ?

–  Тооллого эхлээд явж байна. Статистикийн нэгдсэн аргачлалын дагуу судлаачид буюу тоологчдыг сонгож аваад  хоёр шатаар  сургана. Нэг тоологчид  өдөрт ажиллах газрынх нь хэмжээг хэлж өгч байгаа.  Яг иргэдээс нь судалгаа авах ёстой  гэсэн журмаар судалгаагаа явуулж байна.

–    Судалгаанд хэр идэвхтэй оролцож байна. Дургүйцэх хандлага гаргаж байна уу?

–    Энэ судалгаа бичил уурхай эрхлэгчдэд өөрсдөд нь хэрэгтэй. Бодлого шийд боловсруулах, хуульд өөрчлөлт оруулах зэрэгт бичил уурхай эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломж судалгааны дараа бүрдэнэ. Иргэдийн зүгээс татвар ногдуулчих вий гэсэн болгоомжлол  нэлээд ажиглагдсан. Тэгж болгоомжлох хэрэггүй гэж хэлмээр байна. Нэг ч иргэний хувийн мэдээллийг гадагш нь цацахгүй. Сум, аймаг, улсын хэмжээний нэгтгэсэн мэдээллийг л цацна. Энэ бол нууцлал өндөртэй хийгдэж байгаа ажил.  Зарчмын хувьд хүн ам орон сууцны тооллоготой яг адилхан гэсэн үг.  Бичил уурхайчдын тусгайлсан бүртгэл гэж ойлгож болно. Хүн бүр идэвхтэй оролцож асуудлынхаа дагуу үнэн бодитой мэдээлэл өгвөл  бичил уурхай эрхлэгчдийн  оролцоо бодлого боловсруулах арга хэмжээнд тэр хэмжээгээр нөлөөлж чадна.

–      Одоогийн байдлаар хичнээн хүн тооллогод хамрагдаад байна вэ?

–    8146 иргэн тооллогод хамрагдаад байна. Бидний хувьд  20 орчим мянган хүнийг тоолох болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ бодит амьдрал дээр хэдэн хүн тоологдох нь  тооллогын  дараа л тодорхой болно.

–    Ер нь хичнээн аймгийн хэдэн суманд гар аргаар олборлолт хийгдэж байгаа бол?

–    19 аймгийн 150 гаруй суманд иргэд том, бага ямар нэг хэмжээний олборлолт явуулж байгаа гэсэн мэдээлэл манайд ирсэн. Улаанбаатартай нийлбэл 20 болно. Налайх дүүрэг, Орхон аймгаас бусдад нь тооллого эхэлчихсэн.

–    Налайхын хувьд нүүрсний орд гэдэг утгаараа өвлийн улиралд олборлолт явагддаг. Тэгэхээр өвөл тоолох нь ээ?

–    Аравдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл тоолно гэж төлөвлөсөн. Бас Хөвсгөлд 12 дугаар сард алтны олборлолт явагддаг юм билээ. Газрын хөрс нь ус ихтэй болохоор хөлдөнгүүт нь хагалж авдаг гэсэн. Тэр үеэр нь очиж тооллого явуулна. Хөвсгөлийн Улааннуур суманд Ногоон гол, Ар хэв, Халбан гээд гурван газар иргэд гар аргаар алт олборлож байна. 

–    Ногоон гол руу 2-3 цаг мориор явж хүрдэг болохоор тэр бүр очиж чаддаггүй гэж орон нутгийнх нь удирдлага ярьж байсан. Тэгэхээр тийшээ очно гэсэн үг үү?

–    Ер нь хаана л олборлолт хийж байна тэнд очиж тооллого явуулна. Хөвсгөлийн Могойн гол руу явах гэж байна. Зардал нь төлөвлөгдсөн.

–    Гар аргаар ашигт малтмал олборлогчид тооллогод бүрэн хамрагдах боломжтой юу?

–    Гарц сайн үед хүмүүс их цугладаг гэсэн. Энэ жил гарц бага байгаа юм билээ. Гэхдээ олборлолт явагдаж буй газрын ойролцоох орон нутгийн өрх бүрээс бичил уурхай эрхлэгч байгаа эсэх талаар судалгаа  авна. Тэгэхээр тооллогын үр дүн сайн гарна гэж бодож байна. Түр хугацаагаар үе үе олборлолт хийдэг хүмүүсийн хувьд л жаахан төвөгтэй байдал үүсч магадгүй. Ер нь бичил уурхай эрхлэгчдийн олборлолтын үйл ажиллагаа өөрийн гэсэн онцлогтой. Байнга тэндээ олборлоод байхгүй. Олборлох боломжтой газар олдлоо гэхэд  хоорондоо холбогдоод бие биенээ дууддаг. Бүр сүлжээ маягийн болчихсон байдаг юм билээ.  Тэгээд олборлолтоо хийгээд дуусахаараа  тараад явчихдаг. Тогтмол ажиллаж байгаа гэхээсээ илүү олборлолт хийх боломжтой  хэсэгт нь маш хурдтай цөөн хоногоор очиж ажиллаад бүтээгдэхүүнээ гаргаж аваад явчихаж байна гэсэн үг л дээ. Тиймээс  л бид энэ онцлог байдлыг ашиглаж газар дээр нь очиж тоолж байгаа юм.

–    Гэхдээ байнга биш хувийн хэрэгцээгээр жилд цөөхөн удаа  гар аргаар олборлолт хийдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг тооллогод хамруулж байна уу?

–    Сумын төвөөс 3-5 хоногоор ганц, хоёр удаа олборлолт хийдэг хүмүүс олон бий. Тэр дундаа яг энэ үеэр буюу сургууль эхлэх дөхөхөөр хүүхдийнхээ  ном, дэвтэр, хувцсыг бэлдэх зорилгоор ашигт малтмалын гарцтай ойролцоо сумын төвийн өрх бүрээс бараг нэг гишүүн нь  олборлолтод оролцдог юм билээ. Жишээ нь Төв аймгийн Заамар сум байна. Энэ сумын бүх өрхөөр явж судалгаа авч байна. Тэгж байж хэд нь жилийн дөрвөн улиралд ажилладаг, хичнээн нь түр хугацаагаар  ажиллаж орлого олдогийг тодорхой болгоно.

–    Бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой гэмт хэрэг гарлаа, төчнөөн хүүхэд мөнгөн устай орчинд  амьдарч байна зэрэг бараан талын мэдээлэл цөөнгүй сонсогддог.  Тооллогын дараа энэ чигийн нарийн үзүүлэлтүүд гарах уу?

–    Нарийн үзүүлэлтүүд гарна. Хүндрэл бэрхшээл,  зонхилон тохиолдож байгаа өвчлөл гээд бүх чигийн  асуултыг судалгаандаа оруулсан.  Манай байгууллага энэ төсөлтэй хамтарч байгаа гэдэг утгаараа урьдчилсан байдлаар хэд хэдэн газар очиж уулзалт зохион байгуулан, тандалт хийсэн. Тандалтаас харахад бичил уурхай эрхлэгчид харьцангуй нэгдэх тал руугаа орж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийх юмсан гэдэг хандлагатай болсон байна лээ. Бичил уурхай эрхлэгчдийн эрхийг  хамгаалах чиглэлээр хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулагдаж хүмүүсээ нэг бүрчлэн бүртгэж анкетжуулсан юм билээ. Мөн  хөдөлмөр аюулгүй байдлыг нь хангах, бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нэлээд ажил хийсэн байсан.

–    Алт олборлолтын хувьд мөнгөн усны асуудал нэлээд хурц яригддаг. Энэ талын судалгаа хийгдэх болов уу?

–    Бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг гаргаж ирэх нь энэ тооллогын нэг онцлог. Жишээ нь тэр орчинд ажиллаж байгаа хүмүүст зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг нэр заан асууж байна. Тэгэхээр өвчлөлийнх нь  хувь гараад ирнэ гэсэн үг. Олборлолт хийхдээ ямар тоног төхөөрөмж, юу ашиглаж байгааг нь асууна гэхээр мөнгөн усны асуудал ч гараад ирнэ. Нийгмийн асуудалд нь яаж анхаарах вэ гэдэг шийдлийн дүр зураг бас гарна. Энэ утгаараа бичил уурхай эрхлэгчдэд ч, бодлого боловсруулагчдад ч ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.

Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж “Өдрийн сонин”
2012.08.30 №207/4222/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж