Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн сургалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар
2012 оны есдүгээр сарын найманд Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгчийн
Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар гэсэн эдгээр байгууллагууд хамтран “Шууд ардчилал”
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг
зохион байгуулах болсноо зарлан хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Ерөнхийлөгчийн
Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, НИТХ-ын дарга
Д.Баттулга, Шууд Ардчилал хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн
Б.Баттүвшин нар мэдээлэл хийв.
   
Төсвийн тухай шинэ хууль
өнгөрсөн оны сүүлчээр батлагдан гарсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон
нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, төсвийг
хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр  Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтууд үндсэндээ энэхүү
хуулинд тусгалаа олсон болно.

Төсвийн шинэ хууль 2013 оны 1
дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлнэ. Харин зохион байгуулалт нь
тухайлбал, ирэх оны төсвийн хүрээний  мэдэгдэл, төсвийн төсөл, үүний
хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн ирэх оны төсөл гээд иргэдийн
оролцоо шаардсан ажлууд одоо эхэлсэн байх ёстой. Үүнтэй холбогдуулан
Төсвийн шинэ хуулинд заасан иргэдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх эрх
зүйн болон бусад арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байна.

 Төсвийн
тухай хуулинд туссан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг яаж бодит
ажил хэрэг болгох вэ гэсэн асуултыг иргэд маань тавьж байна. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төсвийн чиглэлээр шийдвэр гаргахад
иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар багц журмуудын төслийг
боловсруулаад “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэн бэлэн болгоод байгаа
билээ. Төсвийн төвлөрлийг сааруулахад Иргэдийн оролцоог хангах чиглэлээр
нийтэд ойлгомжтой, цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Манай Төр засгийн
төв байгууллагууд, орон нутгийн байгууллагууд болон иргэдийн үйл
ажиллагаа, бодлого, санаа санаачилгыг уялдуулан зохион байгуулах
шаардлага гарч байна.

Ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх
шатандаа орж байгаа. Энэ нь иргэдийн оролцоог хангах дээрх журмын
төслүүдийг хугацаа алдалгүй орон нутаг, иргэдэд хүргэхийг шаардаж байгаа
юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
санаачилгаар ирэх 9 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын иргэд, 9 дүгээр
сарын 15-нд аймаг, орон нутгийн иргэдэд зориулан иргэдийн оролцоотой
төсвийн менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх үндэсний сургалтыг
Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: http://www.president.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж