Зэс, нүүрсээс хамааралтай улсын төсвийг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Зэс, нүүрсээс хамааралтай улсын төсвийг яах вэ?

Манай улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан нь төсвийн
орлогыг зэс болон нүүрсний орлогоор бүрдүүлэхээр баталсантай холбон
тайлбарлаж байна.
 
Түүнчлэн орлого бүрдэхгүй байгаа учраас "Хүний хөгжил" сангаас иргэдэд
олгох хувь хишиг олгогдохгүй, Засгийн газрын хуралдаанаар батлагдсан
санхүүжилт хийгдэхгүй нийгэмд хүлээлт бас бухимдал үүсгээд байгаа билээ.
Тиймээс зайлшгүй шинэ Засгийн газар төсвийн тодотгол хийх шаардлага
тулгарч байна.

Улсын төсөв зэс, нүүрсний үнээс хэт хамааралтай байгаа нь зөв үү. Мөн
зэс, нүүрсний үнийг хэрхэн тогтоож, төсвийн орлогыг тооцоолох ёстой
талаар, "Урбанек " компанийн захирал Б.Лхагважав, "Монгол" дээд
сургуулийн захирал Н.Дашзэвэг, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн
Ө.Ганзориг, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор
Л.Оюун, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал
Ч.Отгочулуу нараас тодрууллаа.

Б.Лхагважав: Нүүрсний үнийг аль болох багаар тооцох хэрэгтэй

-Зэс болон нүүрсний үнэ биднээс шалтгаалахгүй. Харин "Оюутолгой" компани
зэсээ олборлоод эхэлвэл дэлхийн зах зээлд том тоглогч болж өөрийнхөө
хэмжээнд үнэд нөлөөлөх боломж бий. Тиймээс төсөвт зэс болон нүүрсний
үнийг аль болох багаар тооцоолж байх хэрэгтэй.

Манай улсын хувьд тухайн түүхий эдийн үнийг өсөх, буурахыг мэдэхгүй.
Долларын ханшийг яах гэж байгааг мэдэхгүйтэй адил асуудал. Нүүрсний
экспортын хувьд манайх Хятадыг алгасаад харьцах боломж бага. Ер нь улсын
төсвийг бүрдүүлдэг гол тоглогч нь аж ахуйн нэгжүүд. Ирэх оны төсвийг
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулах, харин одоо татвар
төлөгч компаниуддаа найдвар тавих нь зөв алхам гэж бодож байна.


Ч.Отгочулуу: Нүүрсний борлуулалт 70 хувиар буурчихлаа

-Одоо хүчин төгөлдөр байгаа төсвийг өмнөх оны сүүлээр хийсэн. Тухайн үед
зэсийн үнэ их өндөр байсан. Харин одоо зэс 7650 ам.доллар байна. Ойрын
2-3 сард 7600 түүнээс доошоо унах байх. Энэ бол олон улсын зах зээлийн
үнэ боловч бид энэ зах зээл рүү нийлүүлэлт хийдэггүй. Ганцхан боломж нь
Хятад. Гэтэл тус улсын эдийн засаг жил бүр өсдөг бол энэ жил 7.6 хувьд
хүрч унаад байна. Энэ нь хэвийн үеийн тооцооноос гурван хувь орчим
буурсан. Нүүрсний борлуулалт 70 хувь, зэсийнх 20 хувиар унасан. Улсын
төсөвт орлого оруулдаг нүүрс ийнхүү огцом унаж байгаа нь том цохилт
боллоо. Манай улсын төсөв нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай
байгаа нь буруу гэдэг нь нотлогдож байна.

Н.Дашзэвэг: Уул уурхайдаа сэтгэл ханадаг нь Засгийн газрын дутагдал

-Ер нь зэс, нүүрсээс өөр орлого хайх хэрэгтэй. Зэс, нүүрс, алт, төмрийн
хүдэр, жоншоос татвар аваад түүндээ сэтгэл ханаад байгаа нь Засгийн
газрын дутагдал. Тиймээс улсын төсвийг хоёр хувилбараар хийх хэрэгтэй.
Нэгдүгээрт уул уурхайн орлоготой төсөв, хоёрдугаарт бусад салбараас орж
ирэх орлого. Үүнийгээ харьцуулан бусад салбараас орох орлогыг
нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр боловсруулан ажиллавал үр дүнтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг ойрын 10 жилийн дунджаар авч үзэх
ёстой. Гэтэл өнгөрсөн оны өндөр өсөлттэй үнээр тооцоолж байгаа нь
өнөөдрийн хямралыг үүсгэж байгаа юм. Тэгэхээр уул уурхайдаа найдвар
тавьснаар гарах үр дагаварыг бид харж байна.

Ө.Ганзориг: Ханшийн эрсдлээс хамгаалах хэрэгтэй


-Төсвийн зарлагыг бүтээн байгуулалт, урсгал зардал гэж хоёр хуваагаад
түүнийхээ эх үүсвэрт ялгавартай бодлого баримтлах ёстой гэж боддог.
Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын зардлыг татварын орлогоос биш олон
улсын зах дээр бонд гаргах замаар босгох хэрэгтэй.

Манайх орлого их үедээ хамаагүй цацдаг, байхгүйд нь сул зогсдог байж
болохгүй. Зэс, нүүрсний үнийг ханшийн эрсдлээс хамгаалах хэлцлийг
яаралтай хийх хэрэгтэй. Ийм боломжийг Сангийн яам болон Эдийн засгийн
яамны шугамаар хийж алдагдаж болзошгүй татварын орлогыг хамгаалах ёстой.
Ханш унах үед нь олон улсын зах зээлээс манай улс мөнгө авдаг байх
хэрэгслийг хэрэглэх нь зөв. Үнийн доод төвшинг тогтоох боломж бидэнд
байхгүй.

Л.Оюун: Тогтворжуулалтын санг ажиллуулъя


-Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улс орны хэцүү асуудал нь дэлхийн
зах зээлээс хамаардаг. Тэгэхээр энэ үнийн хэлбэлзэл, эрсдлээс хамгаалах
зорилгоор Тогтворжуулалтын сан бий болсон. Тиймээс энэ санд бидний
төлөвлөж байсан үнээс дэлхийн зах зээлийн үнэ өссөн тохиолдолд
хуримтлалыг бий болгон төвлөрүүлж байх ёстой. Тэрхүү үнээс доош унавал
нөөцийн сангаас аваач эдийн засагтаа оруулах хэрэгтэй. Гэтэл хэдийгээр
хуулиа баталсан байгаа ч эрсдэлд орох магадлалтай байна. Тийм учраас
Тогтворжуулалтын санг яаралтай ажиллагаанд оруулах цаг иржээ. Улсын
төсвийг өрөөсгөл баталж байна. Гэвч уул уурхайгаас хамааруулахгүй гэх
аргагүй. Аажимдаа сааруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Одоогоор гал
унтраах төдий л явсаар байна.

Д.ОЮУНЧИМЭГ
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж