Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУ-ын Алтай хязгаарын “Дружба” тосгонд өнгөрсөн сарын 26-нд гоц халдварт боом өвчин гарчээ. Үүнээс болож нэг хүн нас барж, гурван хүн халдвар авч, 12 хүнд боом өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Одоогийн байдлаар боом өвчнөөр үхсэн мал, амьтантай харьцсан гэх 32 хүнийг эмчийн хяналтад аваад байгаа гэнэ. Уг тосгонд одоо онц байдал зарлаж, малын түүхий эд гаргахыг хориглож, тосгоны хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллах эрүүл ахуйн байцаагчид болон, ариутгагч, ариутгалын бодисуудыг нэмэгдүүлсэн гэнэ. Мөн хилээр мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгэдхүүнийг гаргахгүй байх арга хэмжээ авч, хилийн зурваснаас таван км-ийн зайтай ариутгалын пункт байгуулж, орж ирсэн тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, боомтын хэмжээнд бэлэн байдалд ажиллаж байгаа талаар Өглөөний сонин-д мэдээлсэн байна.
Э.САР