Хүүхдэд халдагсдыг хатуу цээрлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Хүүхдэд халдагсдыг хатуу цээрлүүлнэ


Өнгөрсөн баасан гаригт Хятадын эрх баригчид  саяхан гарсан хүүхдийн цэцэрлэг, сургуульд хандсан харгис халдлагуудын талаар албан ёсоор авч хэлэлцжээ. Гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн цэцэрлэгийн хүүхдүүд ба бага ангийн сурагч нарт халдсан цуврал харгислал нь эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ төлөө айдас гарган тэдний зүгээс засаг төрийг шүүмжлэх явдлыг ихэсгэв. Эрх баригчид хэргийн шалтгааныг судлан гэмт хэрэгтнүүдийг хатуу цээрлүүлэхээр амлаж байна.

Сүүлийн хоёр сарын дотор сэтгэцийн гажигтай гэмээр хүмүүсийн зүгээс хүүхдүүдэд халдсан зургаан халдлага гарсан юм. Гуравдугаар сард эмч агсан нэгэн Фузянь мужид зургаан сурагчийг хутгалан хөнөөлөө. Түүнийг дөрөвдүгээр сарын 28-нд цаазалжээ. Бас нэг эр Шаньси мужийн Ханьжоу хотын хувийн цэцэрлэгийн долоон хүүхэд, хоёр том хүнийг хөнөөжээ. Энэ хэрэг хүүхдийн байгууллагыг хамгаалалтад авах арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа гарсан байна.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Хепин  ийм хүчирхийлэл үйлдэгсдийг хатуу цээрлүүлж байх болно гэж мэдэгдэхдээ ийм хэрэг бүх ард түмний хилэнг бадраан, нийгмийн зүгээс хатуу шүүгдэх хэрэгтэй гэсэн байна.

БНХАУ-ын Засгийн газарт ийм гэмт хэргийн гүнзгий шалтгааныг тогтоон судлах хэрэгтэй байна гэж ерөнхий сайдын орлогч Вэнь Жябао хэлснийг Гонконгийн телевиз онцолжээ. Нийгмийн зөрөлдөөн ба сөргөлдөөнийг шийдэж, дотоод төвшингийнхөнд илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэйг сайд  хэлсэн байна.

Эдийн засгийн хөгжилд хэт анхааран үндэстний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал сулруулсан нь ийм гэмт хэрэг гарах шалтгааны нэг гэж шинжээчид дүгнэж байна.

Дөрөвдүгээр сарын 29-нд Цзяньсу мужийн хүүхдийн цэцэрлэгт халдан дөрвөн настай голдуу 28 хүүхдийг гурван том хүний хамт шархдуулсан 47 настай Сю Юйюанийг цаазаар авах ялаар Хятадын шүүх энэ сарын 15-нд шийтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж