Хилээр зөвхөн автобус нэвтэрдэг болно

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Хилээр зөвхөн автобус нэвтэрдэг болно

Гааль дээрх зорчигчдын бүх асуудлыг шийдэж, үүнийхээ шанд тээврийн хөлсөн дээрээ багахан хэмжээний мөнгө авдаг эдгээр 69-төнгүүдэд олгодог зөвшөөрлийн бичиг энэ сарын 20-н гэхэд бүрэн дуусах юм байна.

Мөн саяхан байгуулсан хоёр улсын засгийн газрын хэлэлцээрт стандартын шаардлага хангаагүй болон УАЗ 469 машиныг ирэх 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар хилээр 20 автобус, 800 орчим УАЗ 469 машин өдөр тутам хилээр зорчигч тээвэрлэдэг. Харин УАЗ 469 машин зорчигч тээвэрлэхээ больмогц стандартын шаардлага хангасан 45 хүний суудалтай автобусны тоог 20-иор нэмбэл ачаалыг шийдвэрлэнэ гэж албаныхан үзэж байгаа аж. 

Наймаачид “Стандартын шаардлага хангасан гэх автобусанд суухаар урдуур 69-үүд оочир дайраад байдаг. Уг нь УАЗ 469-ээр хил гарахад 20-25 мянга төгрөг харин автобус нь долоон мянган төгрөгийн ханштай байдаг. Гэхдээ вагоноосоо хоцорч байснаас 69 машинд чихээд суучихаар амар байдаг юм” гэцгээдэг.

Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны дарга Ж.Энхбатаас тодруулахад “Автобус УАЗ 469 машинаас ямар ч ялгаагүйгээр хилээр хурдан нэвтэрдэг болно. Автобус уддаг байсан нь нэг автобусны өмнө 50 ширхэг УАЗ 469-ийг оруулдаг байснаас цаг алдах явдал байсныг үгүйсгэхгүй. Харин бид одоо нэг автобусны өмнө таван УАЗ 469-ийг оруулж байгаа.

Харин энэ сарын 15-наас эхлэн зөвхөн автобус л хилээр нэвтрэх тул  цаг алдаж хүлээхээргүй болно” гэж ярьсан юм.

Одоогийн байдлаар өдөрт 800 орчим УАЗ 469 хил гарч байгаа бөгөөд эдгээр машины 200 орчим нь төрийн албан хаагчын хувийн машин байдаг аж. Төрийн албан хаагчдын хувийн машин нь хилээр ямар ч татвар, шимтгэл төлөхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр албан тушаалаа урвуулан ашиглан хилээр үзлэг шалгалт ч хийлгэлгүй гардаг ажээ.

Энэ байдалд цэг тавих үүднээс хилийн цэрэг болон гаалийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж хилээр ямар нэгэн саадгүй зорчдог байдлыг таслан зогсоох гэнэ.

Цаашид төрийн албан хаагчын машинаар зорчигч тээвэрлэвэл холбогдох яаманд нь болон Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж