Монголд ШУ, технологийг хөгжүүлэх тухай санал

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Монголд ШУ, технологийг хөгжүүлэх тухай санал

Оршил

Монгол улсын шинжлэх ухаан хөгжиж байж Монгол улс хөгжинө.  Улс орны шинжлэх ухааныг хөгжүүлэх гол бодлого, чиглэлийг тэр салбарт ажиллаж байгаа “жаргал, зовлонг” нь гадарладаг тэргүүний эрдэмтэн, судлаачид л тодорхойлдог. Тодорхойлсон тэр бодлого, чиглэлийг  нийгэмдээ мэдлэг, чадавхи бий болгоход шаардагдах бүтэц, хүн хүч, зардалын хэмжээг мөн л эрдэмтэн, судлаачид бодитой гаргаж дэвшүүлэн тавьдаг. Өөр хэн ч энэ асуудлыг зөв тодорхойлж, хийж, гүйцэтгэж  чаддаггүй.  Энэ асуудал шинжлэх ухаанаа хөгжүүлж өндөр хөгжилтэй болсон АНУ-д ч ингэж л шийддэгдэг. Тэнд улс төрчид нь энэ ажилд оролцдоггүй, харин санхүүжилтыг нь шийдэж өгдөг. Оролцвол улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд саад тотгор учруулна  гэдгээ мэддэг. Харин төр засаг нь өөрийн бодлого шийдвэрийг бүрэн эрхийнхээ  хугацаанд  хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааныг дээд зэргээр ашигладаг. Ингэхдээ шинжлэх ухааны гол бодлого, үндсэн чиглэлтэйгээ төр засгийнхаа бодлогоо уялдуулан  шийдвэрлэх асуудлаа л эрэмбэлдэг юм билээ. Бид ч ийм замаар явах нь зүйтэй.

Орчин цагийн шинжлэх ухааны үүсэл хөгжил харьцангуй саяханых. Зарим судлаачид Галеллейн үеээс буюу 350-иад жилийн өмнөөс эхлэсэн  гэж үздэг. Ер нь бол шинжлэх ухаан нь сүүлийн 100 жил л эрчимтэй хөгжсөн. Шинжлэх ухаан хүн төрөлхтөнд асар их хөгжил, дэвшил авчирсан. Гэхдээ энэ хөгжил, дэвшил улс орон болгонд харилцан адилгүй байгаа. Сүүлийн үед шинжлэх ухаанаа хөгжүүлж, түүний ололт амжилтыг ашиглан улс орноо хөгжүүлэх гэсэн хүсэл, тэмүүлэл дэлхийн том, жижиг олон улс оронд бий болж шинжлэх ухаанаа хөгжүүлэх урт богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажиллаж байна.  Шинжлэх ухаан хөрөнгө мөнгө, цаг хугацаа  шаардсан үйл явдал боловч  дараа нь үр ашгаа харамгүй өгдөг эд учраас  Монгол улс одоо орж ирж байгаа энэ их хөрөнгөнөөсөө шинжлэх ухаандаа зарцуулан улс орныхоо  ирээдүйн хөгжлийн эх үндэсийг тавих цаг нь болсон байна.   

Шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүрэг

Аливаа улсын шинжлэх ухаан улс орондоо мэдлэг, чадавхи бий болгох үүрэгтэй.  Манай улсын шинжлэх ухаан эх орондоо мэдлэг чадавхи бий болгох үүргээ, зарцуулж байгаа багаахан хөрөнгө мөнгөтөйгөө харьцуулж үзвэл гайгүй сайн гүйцэтгэж байгаа.  Үүнийгээ батлахын тулд нэг жишээг энд иш татъяа. Гадаадад ажиллаж амьдарч өөр улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэрээр эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлээ бичиж нийтлэлүүж байгаа манай орны эрдэмтэн судлаачдыг оролцуулалгүйгээр зөвхөн Монгол улсаас гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийн тоог дор  үзүүлэв. Мөн түүнчлэн эдгээр судлаачдын маань эрдэм шинжилгээний өгүүллүүдийг бусад орны эрдэмтэн судлаачид хэрхэн иш татсаныг бас үзүүллээ. Эдгээр зурагнууд дээр байгаа тоо баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд манай судлаачид нийгэмдээ шинэ мэдлэг, чадвахи бий болгож байна гэж үзэх бүрэн үндэстэй. Эдгээр мэдээллүүдийг Scopus хэмээх дэлхийн эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн статистик үзүүлэлтүүдийг гаргаж байдаг бэв хуудснаас авсан болно. Гэтэл манай бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид эрдэм шинжилгээний ажил хийж үзээгүй, юм муулж сэтгэлийн ташаал авдаг өвчтөй болсон хүмүүсийн шар хэвлэлүүд дээр гаргадаг ямар ч дүн шинжилгээ хийгээгүй, учир утгагүй бичсэн зүйлүүдийг уншаад манай шинжлэх ухаан ийм юм байна гэж итгээд байдаг нь туйлын харамсалтай. Жирийн хүмүүс бол аливаа ажлын үр дүнг тэр дор харахыг хүсдэг харин шинжлэх ухааны үр дүн урт удаан хугацааны дараа гардаг. Үүнийг л манай бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид ойлгоосой гэсэндээ энэ өгүүллийг бичиж байна. Манай их эрдэмтэн Ц. Дамдинсүрэн гуай нэгэнтээ миний зохиосон Орос монгол толь бичиг бол манай оронд төмөр зам тавьсантай эн тэнцүү ач холбогдолтой бүтээл юм гэж хэлсэн байдаг. Тэр их хүн энэ үгийг зүгээр нэг хэлээгүй үг байх. Ер нь манай улс шинжлэх ухаанаа хөгжүүлэхдээ  онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өгөх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шилж, сонгож санхүүжүүлэх явдал юм.

Бодлогын баримт бичиг

Манай улс ч Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах тухай зэрэг хуулиуд, Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007 – 2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008 – 2015 зэрэг шинжлэх ухаанаа хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг гаргасан билээ. Саяхан шинжлэх ухааныг үйлдвэр практиктай холбох чухал ач холбогдолтой Инновацийн хууль УИХ-аар батлагдлаа. Мөн түүнчлэн “Технологи” үндэсний хөтөлбөр гарч байгаа. Энэ бодлогын баримт бичгүүд харьцангүй гайгүй сайн боловсрогдсон баримт бичгүүд. Одоо харин бид эдгээр баримт бичгүүдыг мөрдөж, алсыг харж, улс орны ирээдүйд хөгжил дэвшилийг авчрах шийдвэрлэх асуудлаа эрэмбэлж бодит ажил болгомоор байна.

Санхүүжилт

Манай улсын шинжлэх ухааны хөгжил дэвшил, эрдэм шинжилгээний ажлын үр дүн  нь зарцуулж байгаа хөрөнгөтэйгээ харьцуулбал тийм ч муу биш. Нийгэмдээ мэдлэг, чадавхи бий болгох үүргээ гайгүй сайн биелүүлж байгаа гэж үзэж болно. Гэхдээ санасан хэмжээнд хүртэл сайн хөгжүүлж чадахгүй байгааг бас хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцнэ. Үүний зэрэгцээ шинжлэх ухааны ололт, амжилт үйлдвэр практикт тааруухан нэвтэрч байгааг бас хэлэх хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухааны санхүүжилт тааруухан байгаатай салшгүй холбоотой. Мөн бий болсон техник технологи, шинэ санаа оноог хэрэгжүүлэх газаргүй байгаатай бас холбоотой. Шинжлэх ухааны санхүүжилт сүүлийн жилүүдэд ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 – 0.26 орчим хувь байна.  Хэрэв шинжлэх ухааныг ашиглаж улс орноо хөгжүүлье гэж л бодож байгаа бол энэ санхүүжилтыг эрс ихэсгэх хэрэгтэй байна.  Шинжлэх ухааны санхүүжилт  нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1% -д хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан нь нийгэм, эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг байна. Манай улсын хуулиар бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.5 %-иас дээш зарцуулах ёстой байгаа юм. 

Гэтэл хамгийн прагматик орон АНУ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.7 хувийг буюу ойролцоогоор 405 тэрбум доллар шинжлэх ухаандаа зарцуулж хөгжил дэвшилээрээ дэлхийг тэргүүлсээр байна. Аль улс шинжлэх ухаандаа их санхүүжилт өгч байна тэр улс л хөгжин цэцэглэж байна.

Хөрөнгө оруулалт

Сайн лаборатори, багаж, тоног, төхөөрөмж, дэд бүтэцгүйгээр шинжилгээ, судалгааны ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх боломжгүй. Манай эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын лабораториудад сүүлийн 30 гаруй жил хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй билээ. Дээр үеийн голдуу ЗХУ болон бусад социалист орнуудын багаж, тоног төхөөрөмж цаг хугацааны элэгдэлд ороод одоо ажиллахгүй шахуу болсон. Иймээс манай орны шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байна. Манай улсын шинжлэх ухаанд эхний  удаа  30 сая гаруй америк долларын хөрөнгө оруулалтыг хийвэл болох юм гэсэн ойролцоо тооцоог бид хийсэн. Ингэж эхний удаа гайгүй хөрөнгө оруулалт хийвэл дараа, дараагийн хөрөнгө оруулалт бага, бараг зарим үед урсгал санхүүжилтээр хийгээд явж болно. Хөрөнгө оруулалтыг эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд болон улс орны хэмжээнд уялдуулан зохицуулж хийх нь зүйтэй юм.

Боловсон хүчин

Манай орны шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Их сургуулиудын 1000 орчим багш нар хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд оролцож байна. Манай оронд 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 500 орчим байна. Харин 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо АНУ-д 4600, Японд 5500 байна. Дэлхийн дундаж 1500 орчим юм байна. Иймээс манай улс эрдэм шинжилгээний ажилтаны тоогоо ядахдаа дэлхийн дундажд хүргэх хэрэгтэй. Энэ нь манай оронд ойролцоогоор 4500-5000 эрдэм шинжилгээний ажилтантай байхад болно гэдгийг харуулж байна.  

Бүтэц

Шинжлэх ухааны байгууллагын бүтэц ярихаараа ганц гарцтай, ганц ярьдаг юмтай. Тэр нь ШУА, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг л татан буулгах тухай яриа. Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд  хэрэггүй, шинжлэх ухаан гагцхүү их сургууль дээр л хөгждөг гэх ярих нь бараг юм мэддэг хүн болж харагдахыг чармайсан хүмүүсийн моод болов. Тэгээд дараа нь шинжлэх ухаанаа хэрхэн хөгжүүлэх тухай ямарч төсөөлөлгүй байдаг нь харамсалтай. Мөн түүнчлэн ШУА, хүрээлэнгүүдийн одоогийн үүргийг нийгэмд гүйцэтгэх байгууллага байхгүй байхад “хөхөө өвлийн хүйтэнд орох оронгүй байж амьдарч болоод байгаа гэр орноо нурааж хаяж” болохгүй юм.  Харин үүнийхээ оронд одоо хөл гараа олж, үйл ажиллагаа нь гайгүй цэгцэрээд явж байгаа ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн болон анагаахын хүрээлэнгүүдийг орон тоог нь бараг энэ хэмжээнд нь буюу 2000 орчимд бариад санхүү, хөрөнгө оруулалтаар нь дэмжин, менежментийг нь боловсронгүй болгох замаар нийгэмд өгөх үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нь хамгийн зөв зам байх байх. Үүний зэрэгцээ их сургуулиудын хийж байгаа судалгааны ажлын төрөл, түвшин, боловсон хүчний нөөц зэргийг нь харгалзан үзээд  улс орны ирээдүйд хэрэгтэй, шинжлэх ухааны шинэ салбаруудад эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний судалгааны төвүүд байгуулах нь зүйтэй. Манай улсын эрдэм шинжилгээний ажилтаны тоо дэлхийн дундажаас 3 дахин бага байгаа юм чинь дээр дурьдсан  энэ тоог ихэсгэн их сургуулиуд дээр байгуулагдах шинэ хүрээлэн, үндэсний судалгааны төвүүдийг дэс дараатай, үе шаттайгаар байгуулж, өдөрт 8 цаг судалгааны ажил хийдэг 2500-3000 орон тооны эрдэм шинжилгээний ажилтануудтай болгож, хөрөнгө, санхүүгээр дэмжмээр байна. Шинжлэх ухааны байгууллагын удирдах  дээд байгууллагын хувьд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан одоогийн БСШУ яам эсвэл ерөнхийлэгч/ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажилладаг  агентлаг байж болох юм.

Хамтын ажиллагаа

Их сургуулиуд болон  ШУА, хүрээлэнгүүдийг хамтран ажиллахгүй  байна гэж шүүмжилдэг. МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль,  ШУА-ийн Газарзүйн хүрээлэн хоёр бараг нэг байгууллага шиг хамтран сайн ажилладаг.  ШУА-ийн Түүхийн нь  хүрээлэн МУИС, ШУТИС, УБИС-ийн салбар сургуулийн түүхийн танхимуудтай үйл ажлаа уялдуулан нягт хамтран ажиллаж байгаа сайхан жишээ  олон байсаар байгааг дуулаачгүй, мэдээчгүй байж шүүмжлэх нь хэтэрхий өрөөсгөл. Хамтын ажиллагааг мэргэжлийн нийгэмлэг, холбоодуудын тусламжтайгаар өндөр түвшинд уялдуулан зохицуулан явуулж илүү үр дүнтэй хамтран ажиллаж ч болно. Мөн түүнчлэн ШУА-ийн харъяанд Graduate School байгуулах эсвэл их сургуулиудын магистр, докторын сургалтын албадуудтай хамтран ажиллах замаар эрдэм шинжилгээний байгуулага, их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулж  магистрант, докторант, postdoc-ыг эрдэм шинжилгээний ажилд татан оролцуулж тэдний хямд төсөр ажиллах хүчийг ашиглахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгуулагын материаллаг баазыг ашиглан чанартай эрдэмтэн, судлаачид бэлтгэж болно. Их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хооронд ийм санал санаачлага, чиг хандлага ч сүүлийн үед гарч байна.

Монгол улс дэлхийн шинжлэх ухааны салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг. Тийм ч учраас манай шинжлэх ухаан идэвхитэй гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Жижиг эдийн засагтай манай улсын хувьд  шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаа маш чухал. Бид Оросын холбооны улстай олон жилийн уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Өмнөд хөрш Хятад улстай шинжлэх ухааны хамтын ажиллагааг гол төлөв Өвөр Монголын өөртөө засах орноор дамжуулан хөгжүүлж байна. Үүнээс гадна Азийн орнууд болох Өмнөд, Хойд Солонгос, Япон, Тайван зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. Герман, Франц, Англи, Америк зэрэг шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудтай шинжлэх ухааны салбарт идэвхитэй хамтын ажиллагаа явуулахыг цаг үе, нөхцөл байдал биднээс шаардаж байна.  Дэлхийн ертөнц улам бүр даяаршиж байгаа энэ байдлыг бид зөв, ухаалаг ашиглаж эх орныхоо шинжлэх ухааныг хүчирхэгжүүлэн улмаар эх орноо хөгжүүлэн цэцэглүүлмээр байна.

Шинжлэх ухааны парк

Шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг монгол улсад шинжлэх ухааны парк (Science Park) байгуулах замаар шийдэх нь хамгийн зөв зам. Манай эрдэмтэн судлаачид  шинжлэх ухаанд шинэ мэдлэг, чадавхи бий болгосоны зэрэгцээ олон тооны шинэ, шинэвтэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, стандарт боловсруулсан болно.  Бид  өөрийн орны  эрдэмтдийн бий болгосон,  оюуны багтаамж бүхий, эх орны  түүхий эд ашиглан импорт орлох,  экспортлоход чиглэсэн  бүтээгдэхүүнүүдийг нэн даруй үйлдвэрлэж эхлэх шаардлагатай байна. Ер нь Шинжлэх ухааны парк байгуулж ажиллуулах  нь  нэг талаас эх орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх нөгөө талаас гадаадын шинэ, өндөр технологийг нутагшуулан эх орондоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ уйлчилгээ бий болгох явдал юм. Шинээр байгуулагдах шинжлэх ухааны паркын бүтэц нь гадаадын өндөр хөгжилтэй болон хөрш орнуудтай адилавтар байх нь зүйтэй гэж үзэж байна. Шинжлэх ухааны паркын дотор уг паркын гол цөм болох шинэ бүтээгдэхүүний туршилт, үйлдвэрлэл явуулах газраас гадна юу юу байхыг товчхоноор дараах байдлаар тодорхойлж болох юм. Ус, цахилгаан зэргээр хангагдсан үйлдвэрлэлийн барилгаас гадна дэд бүтэц болох эрсдлийн сан, хөнгөлөлттэй зээл олгодог банк, зөвлөлгөө өгдөг газар, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилдаг агентлаг, зарж борлуулдаг газар, ажилтануудын байр, хурлын заал, гуанз, ресторан бүхий зочид буудал, биеийн тамирын заал, талбай байна. Эл шинжлэх ухааны парк нь зээл, татвар болон гаалийн нэн таатай орчинд ажиллах шаардлагатай юм. Үүнийг л төр засаг бодлогоороо хийж дэмжиж өгөх хэрэгтэй. Ийм таатай орчин бүрдсэн тохиолдолд манай эрдэмтэн судлаачид аяндаа өөрсдөө компаниа байгуулаад, эрсдэлээ үүрээд үйл ажиллагаагаа эрхэлээд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд явчихна. Шинжлэх ухааны паркыг байгуулахад  хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай нь мэдээж. Үүнийг техник эдийн засгийн  үндэслэлийг гаргасны дараа тодорхой хэлж болно.  Хөгжиж байгаа орнууд штнжлэх ухааны парк байгуусан гадаадын орнуудтай хамтран байгуулж ч болох юм.

Санал

Монгол орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныг л хөгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас Монгол улсын төр, засаг эрдэмтэн, судлаачдадаа шаардлагатай хөрөнгө, санхүүжилтыг нь өгөөд, шинжлэх ухааны “эрх чөлөөг” нь улс орны тулгамдсан асуудалтай нь хамт шийдэх шийдвэртэй нь уялдуулан олгоод, шинжлэх ухааныг шинэ шатанд гаргах үүрэг, хариуцлагыг нь үүрүүлээд ажиллуулах шаардлагатай байна. Ингэж шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд дараахи арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.  
Үүнд :

  •  Шинжлэх ухаан хөрөнгө, мөнгө шаардсан урт удаан хугацаанд хөгждөг үйл явдал боловч хөгжсөнийхөө дараа үр ашигаа харамгүй өгдөг эд. Бид одоо уул уурхайгаасаа орж ирж байгаа энэ их хөрөнгөнөөсөө шинжлэх ухаандаа зарцуулан улс орныхоо ирээдүйн хөгжлийн эх үндэсийг тавих цаг нь болсон гэж үзэж байна. 
  • Шинжлэх ухааны санхүүжилтыг ойрын хугацаанд дор хаяж ДНБ-ий 1% -д хүргэж  Улмаар ирээдүйд энэ санхүүжилтыг  ДНБ-ий 1.5 % -аас дээш гаргах ёстой байна. 
  • Шинжлэх ухаанд эхний удаа ядахдаа 30 сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтыг эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд болон улс орны хэмжээнд уялдуулан зохицуулж хийх нь зүйтэй юм.
  • Манай орон одоохондоо ойролцоогоор 4500 – 5000 эрдэм шинжилгээний ажилтантай байхад болох юм. ШУА-ийн хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн болон анагаахын хүрээлэнгүүдийг орон тоог нь  2000 орчимд байлгахын зэрэгцээ их сургуулиудыг 2500 – 3000 орон тооны эрдэм шинжилгээний ажилтануудтай болгож, хөрөнгө,  санхүүгээр дэмжмээр байна. Ингээд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиудын хамтын ажиллагааг сайн уялдуулан зохицуулах хэрэгтэй байна.
  • Шинжлэх ухааны ололт амжилтыг Шинжлэх ухааны парк байгуулж ажиллуулах  замаар үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Бид эх орондоо шинжлэх ухааны парк байгуулсанаар эдийн засгаа олон тулгууртай болгоно.
  • Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн удирдах, зохицуулах  дээд байгууллагын хувьд шинжлэх ухаан, технологийн асуудал одоогийн БСШУ яам эсвэл ерөнхийлөгч/ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажилладаг  агентлаг ч байж болно.

Чингэвэл Монгол улсын шинжлэх ухаан хөгжинө. Монгол улс хөгжинө, хожино.

No Research, No Chance
Т. Ган – Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж