Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн нэр бүхий гишүүд 2012 оны Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танд дараах шаардах бичгийг хүргүүлж байна.
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн удирдлагын байгууллага бус, тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул уг байгууллагыг сонгохдоо улс төрийн намуудын оролцоог аль болох багасгаж, улс төрийн намуудаас хараат бус байх шаардлагыг хангах зарчмыг хадгалах, иргэд тухайн орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэддэг мэдлэг, чадвар бүхий хүнийг сонгох боломжийг олгох үүднээс сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулах нь зүйтэй.
- Улсын Их Хурлын сонгуульд автомат төхөөрөмж ашигласантай холбоотой маргаан, зөрчил эцэслэн шийдэгдээгүй, эргэлзээтэй хэвээр байхад саналыг дан ганц автоматжуулсан төхөөрөмжөөр тоолох нь туйлын хариуцлагагүй тул хяналтын тооллого заавал хийхээр тусгах.
- Улсын Их Хурлын сонгуулийн үед сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлэхээр зааснаас ухарч улс төрийн намын төлөөллөөс байгуулахаар болсон нь сонгуулийн үр дүнг баталгаажуулах, сонгууль зохион байгуулах ажлыг улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах зарчимтай харшилж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахаар заасан бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг нутгийн өөрөө удирдах байгууллага зохион байгуулах ёстой. Гэтэл хуулийн төсөлд эдгээрийг үгүйсгэсэн заалтууд тусгагдсан байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо аймаг, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар, мөн сонгуулийн хороо өөрсдөө гишүүнээ хасах, орон гарсан гишүүнээ нөхөхгүй байхаар оруулсан байна. Энэ байдал нь сонгуулийн хороодыг улс төржүүлсэн талцал, эцэс төгсгөлгүй маргаан зөрчлийн эхлэлийг тавьжээ.
- Хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, сонгуульд оролцохыг үүрэг болгон сонгуульд оролцоогүй бол иргэнд хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Энэ нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж санал өгөөгүй иргэнийг шийтгэдэг авторитар дэглэмийн эхний шатыг энэ хуулийн төсөлд тавьсан байна.
- Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугч байхаар хуулийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг, мөн түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын цөөнгүй гэрээг зөрчсөн байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар дүүрэгт байнга оршин суугчаас гадна уг дүүргийн нутаг дэвсгэрт ажил, хөдөлмөр эрхлэгч иргэн нэр дэвших эрхтэй байгаа. Монгол Улсын хүн амын тал хувь шахам нийслэлд ажиллаж, амьдарч байгааг харгалзсан онцлог зохицуулалтыг тусгаагүй, хэт нэг талыг барьсан хувилбарыг сонгосон байна.
- 2012 оны аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төсөл нь Улсын Их Хурлаас гаргасан Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрт тодорхой тусгагдсан сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг зөрчсөн байна. Ингэж эрх баригчид дур зоргоороо сонгуулийн хуулийг өөрчлөх нь сонгуулийн шударга ил тод байдлыг зөрчиж иргэд сонгуулийн хуулийн системтэй танилцах боломжийг хязгаарласан байна.
- Хуулийн төсөлд нам, эвсэл нэр дэвшигчдээ нэгдсэн нэг жагсаалтаар нэр дэвшүүлэх нэр дэвшигчдийн жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд хуульд заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох, хэрэв тухайн дараалалд байгаа нэр дэвшигч нь сум, баг, хорооноос сонгогдсон байвал дараагийн хүнийг сонгогдсонд тооцохоор заасан нь нэр дэвшигч нэрийн жагсаалтаас гулсаж сонгогдохоор ойлгогдож байна. Энэхүү нэр дэвшигч гулсахтай холбогдох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгасан боловч Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг.
- Зөвшөөрснөөс бусдыг хориглох нь хэм хэмжээний диспозицийг өргөтгөж Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш зарим үйлдлийг хориглосон, хуулийн төсөлд сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдох цаг хугацааны графикийн өөр хоорондын уялдаа холбоо алдагдсан, аймаг, сум, дүүрэг, хороонд өөрийн салбартай улс төрийн намууд Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор хуулийн төсөлд заасан нь улс төрийн бусад намууд адил тэгш сонгуульд оролцох боломжийг хязгаарласан, сонгуулийн сурталчилгааг бүх нам, эвсэл, нэр дэвшигч адил тэгш явуулах хуулийн зохицуулалт байхгүй зэрэг хууль зөрчсөн, амьдралд нийцэхгүй, эрх баригч намуудад хэт үйлчилсэн зүйл заалтаа өөрчлөхийг шаардаж байна.
Энэхүү шаардлагыг хүлээн авч хүний эрх, эрх чөлөөний стандартад нийцүүлэн төслийг засаж залруулах арга хэмжээ авахгүй бол улс төрийн тэмцэлд бүх л арга хэлбэрээр орохоос аргагүй болохыг анхааруулж байна. Монголын Ард түмний эв нэгдлийг хангах Үндсэн чиг үүргээ ухамсарлан, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутагт амьдарч байгаа иргэдийг хэт улс төржүүлэн, талцуулсан энэ хуулийн төслийг засаж залруулах арга хэмжээг авч ажиллахыг Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танаас шаардаж байна.
МОНГОЛ АРДЫН НАМ: /Г.ЗАНДАНШАТАР/
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ: /Д.СҮХЖАРГАЛМАА/
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ: /Г.ГАНБАТ/
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМ: /Л.ЖАРГАЛСАЙХАН/
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР НАМ: /Д.ДОНДОВСАМБУУ/