”Би мөрөөдлөө биелүүлэхээр эх орондоо ирсэн”

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

”Би мөрөөдлөө биелүүлэхээр эх орондоо ирсэн”

VIP булангийнхаа зочноор төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны охин С.Саянцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр эх орондоо ажиллаж, амьдрахаар ирээд буй юм. Түүний ярианаас, нүднээс нь монгол хүүхдүүдийг сонгодог урлагийн оргил өөд хөтлөн, хүрэх цэгтээ очихоос нааш эргэж ч харалгүй хамтдаа тэмүүлэх хүсэл оргилон байгааг мэдэрсэн юм. Заримдаа түүнийг амжилтаас атгаад тавьдаггүй шуналтай нэгэн гэж хэлмээр санагдах ч ус бий. Энэ чанараараа төгөлдөр хуурч болохоор сонгодог урлагийн замд хөл тавьсан, шалгарсан хүүхдүүдэд юу мэддэг, юу чаддагаа харамгүй зориулахаар иржээ. Бид ийн ярилцсан юм.

-Та сайхан намаржиж байна уу? Зуны амралт сайхан уу?

-За даа, зун амраагүй шүү дээ. Их ажилтай байлаа. Уламжлал болгон зохион байгуулдаг болсон хөгжмийн фестивалиа явууллаа. Бас хойшлуулсан тоглолтуудынхаа заримыг гүйцээж хийлээ. Тэгсээр байгаад амарч чадаагүй. Аав гуравдугаар сард өөд болсноос хойш ээжийгээ харж нэлээд хэдэн cap Монголдоо байсан. Гэнэтийн явдал болсноос болоод Латин Америкт хийхээр төлөвлөсөн байсан тоглолтуудаа хойшлуулсан.

-Одоо Монголдоо суурин ажиллах нь ээ?

-Тийм. Аав маань гэнэт яваад өглөө. Аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ ярьж хөөрч төлөвлөсөн мөрөөдөл, зорилго байсан л даа. Төгөлдөр хуурч болж, олон жил гоцолж тоглон, урын сангаа ч нэлээд баяжуулсан. Олон орны үзэгчдэд тоглолоо. Тийм болохоор юу сурснаа монгол хүүхдүүддээ газар дээр нь заах гэсэн хүсэл үргэлж тээж явдаг байлаа. Сайхан шавь нар төрүүлмээр байна. Испанид бол монгол хүүхдүүддээ хичээл заадаг л даа. Харин эх нутагтаа хүүхдүүдтэй ажилламаар байна. Мөн монгол хүүхдүүд, хөгжимчид ямар авьяас чадвартайг, хөгжмийг жинхэнэ утгаар нь тоглож чаддагийг дэлхийд харуулмаар байна. Энэ бодлоо ажил болгож хэрэгжүүлье гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс зорьсон. Би бас нэг юманд их баярласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг “Антан гадас” одонгоор шагнаад. Аав ээж маань энэ тухай дуулгахдаа надаас илүү баярлахад нь дөрөв хоногийн дотор хүрч ирж шагналаа гардаж авсан. Эцэг эхээ тэгж баярлаж байхыг харах аз жаргал юм билээ. Тэгээд л энгэртээ одонтой, сэтгэлдээ галтай хүн болсон. Намайг эх орон минь мартаагүй юм байна. Миний хийж бүтээснийг олон түмэн мэдэж байдаг юм байна гэж бодогдоод их баярласан. Аав ээж маань намайг Монголдоо ажиллаасай гэж хүсдэгийг нь би мэддэг. Гэхдээ одоо ингээд эх орондоо ажиллахаар хүрээд ирсэн маань дан ганц аав ээжийнхээ хүслийг биелүүлэх гэснийх биш, олон жилийн өмнөөс санаж бодсоноо биелүүлэх гэснийх. Би их олон багштай. Анхных нь аав. Төгөлдөр хуурч, Монгол Улсын ардын жүжигчин Т.Цолмон, ЗХУ-ын ардын жүжигчин Маргарита Феодорова, за тэгээд Галицкая, Эмилианова, Гонзалес гээд байна. Энэ багш нарынхаа алт&н сургаалийг зүрх сэтгэлдээ байнга тээж явдаг. Одоо М.Феодорова багш маань 85 настай ч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульдаа багшилсаар байгаа. Би жил бүр багштайгаа очиж уулздаг. Энэ сайхан эрдэмтэй багш нарынхаа . ачаар сурч мэдсэнээ монгол хүүхдүүдтэйгээ хуваалцмаар байна.



-Өөр шигээ мундаг хөгжимчин төрүүлэх нь дээ?

-Өөрийгөө хөгжимд, төгөлдөр хуурт бүрэн зориулж чадах тэвчээр хатуужилтай, зорилгодоо хүрэх тууштай шавь нартай болохыг хүсч байна. Жинхэнэ хөгжимчин, төгөлдөр хуурч. Манай улсад авьяастай, сайн хөгжимчин, тэр дундаа Төгөлдөр хуурч байхаар төрсөн цөөн хүн байдаг. Гэхдээ орчин, нөхцөл, өөрсдийнх нь сонголт зэргээс шалтгаалаад байгалиас заяасан чанараа мэргэжлийнхээ хөтөч болгож чадаагүй гэж боддог. Авьяас байгалиас заяадаг.

-Тэгэхээр та үнэхээр авьяастай хүүхэд байх юм бол жинхэнэ хөгжимчин болгохыг хүсч байгаа юм байна?

-Хөгжмийг яаж зөв тоглох ёстой юм, үүний тулд тэр хүүхэд хэрхэн сурах, ямар дэглэм сахих, ямар шаардлагаар давтах ёстой, эцэг эх нь хэрхэн анхаарах, ямар үүрэг, хариуцлагатай байх зэргийг багшийн хувьд зааж өгөх юм.

-Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн аль алинд ажиллах уу?

-Хөгжим бүжигт ч, СУИС-д ч ажиллах болсон. Эхнийхэд нь нэлээд хэдэн төрлөөр хичээл заах болж байна. Харин СУИС-д бол төгөлдөр хуурын магистрын ангийн оюутнуудад хичээл орно. Аль аль сургуулийн удирдлага, хамт олон сайхан хүлээж авлаа. Бүгд л надад санаа тавьж, туслахыг хичээж байна. Хичээлийн хуваарь хийхээс авахуулаад надад самгардах зүйл бишгүй байна. Тэгэхэд багш нар ингэж хийж ирсэн, тэгвэл зүгээр гээд л зааж өгч байна. Би их баяртай байгаа.

-Танаар хичээл заалгахыг хүсч байгаа хүүхэд олон байгаа байх даа?

-Байгаа байх аа. Би ирээд удаагүй байна, яваандаа тодорхой болох байх. Хөгжим бүжгийн хичээл албан ёсоор маргааш (өнөөдөр) эхэлнэ. Харин СУИС-ийн магистрын хичээл арай болоогүй. Өөрийнхөө хувийн ажил, бэлтгэл … сургуулилалтын цагийг маш их хумих болоод байгаа. Энэ шалтгаанаар гадаад орнуудад хийх тоглолтоо цөөлөхөөр байна.

-Танай гэр бүлийн хүн Монголд ажиллах шийдвэрийг тань яаж хүлээж авсан бэ?

-Бид бүх талаар сайн ярьж тохиролцоод шийдвэр гаргасан. Намайг ажиллаад үз дээ гэсэн. Үнэндээ нөхөр, хүү бид гурав гурван талд байх амар байхгүй л байх.

-Та хувийн сургуульдаа яагаад П.И.Чайковскийн нэрийг өгсөн юм бэ?

-Би Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд болон дээд сургууль төгссөн. Сургуульдаа их хайртай болохоор байгуулсан сургуулиа түүний нэрээр нэрлэсэн.

-Та 1980 оноос хойш гадаадад амьдарчээ. Таны оюун санааны төлөвшил, амьдралын хэв маяг өөр болсон байх. Хэдий эх орон, гэр тань ч гэлээ өнөөгийн Монголын нийслэлийн амьдрах орчин, нөхцөл байдалд дасан зохицох гэж нэлээд юм болно доо…

-Ойр зуурын бэрхшээл проблем биш ээ. Миний төрж өссөн л хот. Аав минь тэнгэрт хальсан ч өдөр бүр надтай ярьж байгаа юм шиг надад санагддаг. Ээж надад тусалж байна. Багад яаж арчилж торддог байсан, яг тэр хэвээрээ. Орой ирэхэд инээгээд л, “За яав, ядрав уу миний охин, өлссөн үү, ажил нь бүтэмжтэй юү” гэж угтан намайг зоригжуулж байгаа. Ачаалал их байх юм шиг байна. Хөгжмийнхөө ард суух цаг жаахан багасах нь гэж бодогдож байгаа.

-Нээрэн зун таны хөгжмийн фестиваль гоё болж өнгөрсөн үү?

-Амжилттай болсон. Жилээс жилд гоё болох байх гэж бодож байна. Монголоос оюутан очсон. Гадаад орнуудад сонгодог хөгжмийн чиглэлээр сурч байгаа монгол оюутнууд очсон. “Festival The Beyond The Music” фестивалийнхаа үеэр би аав, дүү хоёрынхоо зохиолуудаас хөгжимчдөөр тоглуулж ирсэн уламжлалтай. Энэ удаа аавынхаа төгөлдөр хуур болон бусад хөгжимд зориулж зохиосон хэд хэдэн бүтээлийг нь үзэгчдэд сонсгосон. Цөөхүүл хөгжмийн бүтээл, виолончельд зориулсан сонат зэргийг нь манай Бэхээ, Оюунаа, Золоо, Болроо нарын залуус сайхан тоглоход үзэгчид маш гоё хүлээж авсан. Энэ өдөр нэг ёсондоо аавыг минь дурссан баярын өдөр байсан. Цаашид ч ингэж зохиол бүтээлүүдийг нь тоглуулж байх юм.

-Хөгжимчин залуус ямар ямар орноос ирсэн юм бэ?

-Итали’, Хятад, Тайвань, Орос, Монгол, Швед гэх зэрэг орноос. Франц, Испанийн заагт байдаг Пиренейн уулан дахь Бинаски хотод зохион байгуулсан. Орон орны хөгжимчин залуусыг зохион байгуулж, тэдэнд бие биенийнхээ тоглолтыг сонсч, туршлага солилцон уран бүтээлийн найз нөхөд болох болотрк олгодог. Би үүнд их цаг зав зардаг. Аялал жуулчлалын бүс болохоор тэр хавиар аялж зугаалсан жуулчид тоглолтуудыг олноор үзэж байлаа. Манай хөгжимчин залуус надад энэ фестивалиа өргөжүүлж жуулчлалын маршрут гаргаж- болох юм байна гэсэн шинэ санаа хэлсэн.

Монголчууд гадаадад их аялж, зугаалдаг болсон, энд ирээд монгол, гадаад хөгжимчид яаж хамтдаа тоглож, туршлага солилцож хөгжмийн баяр хийдгийг харж амарч болно шүү дээ гэсэн. Залуу хүүхдүүд юмыг сэргэг харах юм. Тэдний санаа маш их таалагдсан. Шинэ мэдээлэл хэлэхэд манай зохион байгуулдаг төгөлдөр хуурчдын уралдаан ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлээр болно. Хэдийгээр ивээн тэтгэгчид маань өгдөг мөнгөө бага зэрэг татсан ч бид маш эвтэйхэн хуваарилж зохион байгуулна. Одооноос зараа түгээж байгаа. Би энэ уралдаан, наадмыг монгол хүүхдүүд маань оролцдог байгаасай, ур чадвараа сориосой, Монгол эх орныхоо нэрийг олон орны хөгжимчдийн дунд гаргаж, өргөж байгаасай гэж зохион байгуулдаг юм шүү дээ. Хөгжимчин болсны хувьд Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

-Тантай яриад байвал дуусахгүй. Тэгэхээр энэ удаагийн ярилцлага өндөрлөе. Таныг шинэ амьдралын замд орж байна гэж үзэж болох уу?

-Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлэхээр ирлээ гэж хэлж болно. Шинэ амьдрал эхэлж байна ч гэхэд болно доо.

-Та төгөлдөр хуур сурч буй оюутнууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Шавь нартаа амжилт хүсье. Төгөлдөр хуур, ер нь хөгжим сурах гэдэг нухацтай хөдөлмөр шаарддаг. Хөгжмөө ухаантай бодож, зорилготой давтах хэрэгтэй. Багшийнхаа заасан бүхнийг анхааралтай сонсч давтах, ном сайн унших хэрэгтэй. Сонгодог зохиолууд уншиж, тоглож байгаа зохиолынхоо түүхийг сайн мэддэг байх хэрэгтэй. Хөгжмийн зохиолчдын амьдрал, намтартай танилцаж байж тэр хүн зохиосон хөгжмөөрөө юу хэлэх гэснийг илүү сайн ойлгоно.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэг.

-Тэр ерөөл бат оршиг.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж