Жулиа Робертс хөөрхөн хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Жулиа Робертс хөөрхөн хэвээрээ

Холливуудын дур булаам бүсгүйчүүдийн нэг жүжигчин Жулиа Робертс 2010 оноос хойш Францийн алдарт “Lancome” гоо сайхны брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа билээ.

Харин Жулиа Робертс “Lancome”  брэндийн нүүр царай болсоноосоо хойш анх удаа тус брэндийн "La Vie Est Belle" сүрчигний сурталчилгаанд тоглосон байна. Түүний тоглосон энэхүү үнэртэний сурталчилгааг Энэтхэгийн найруулагч Тарсем Сингх найруулжээ.

Жулиа Робертс энэхүү сурталчилгаан дээр дижитал аргаар засаж, янзалсан зүйлгүй өөрийн гоо үзэсгэлэнгээрээ тодрон гэрэлтэж, “хөөрхөн хүүхэн” хэвээр байгаагаа баталсан байна. Мөн тэрбээр уг сурчилгаан дээр богино ханцуйтай, урдаа урт оноо бүхий цагаан өнгийн урт даашинз өмсчээ.

Харин Жулиа Робертсын сурталчилгаанд нь тоглосон "La Vie Est Belle" хэмээх сүрчигний хувьд найрлаганд нь 63 төрлийн бүтээгдэхүүн орсон бөгөөд Францын нэртэй сүрчигний гурван мастерын гараар бүтээгдсэн байна. Дашрамд сонирхуулахад өмнө нь “Lancome” брэндийн охин брэнд “L"Oreal”-ийг  дижитал аргаар засаж янзалсан зураг сурталчилгаандаа ашиглан хэрэглэгчдийг хуурсан хэргээр “Зар Сурталчилгааны хэм хэмжээний удирдах байгууллага”-аас хориг тавьж байсан байна.

Тус брэнд уг сурталчилгааны зурган дээрх моделийн нүүрний өө сэвийг дарж, цайруулан, нүдний эргэн тойрны зураасыг арилган, уруулыг өнгөлөг болгож, хөмсгийг нь тодруулсан байжээ.

Харин тус брэндээс энэхүү үйлдлээ бүтээгдэхүүний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг урьдчилан харуулах үүднээс ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлажээ. Гэвч “зар сурталчилгааны хэм хэмжээг удирдах байгууллага”-аас тэдний тайлбарыг хүлээж аваагүй бөгөөд ахин ийм байдлаар зургийг янзлахгүй байхыг сануулсан байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж