Өчигдөр тэмцээний долдугаар өргийн тоглолт болж эрэгтэй баг Зимбаве улсын шатарчдыг 3:1-ээр буулган авлаа. Олон улсын мастер Б.Гүндаваа, Их мастер Д.Шаравдорж нар өрсөлдөгчөө хожиж, их мастер Ц.Батчулуун, олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал нар тэнцсэн байна. Энэ өрөгт олон улсын шатрын холбооны мастер М.Гүнбаяр өнжжээ. Харин эмэгтэй шатарчид Казакстаны бүсгүйчүүдэд 1:3-аар ялагдал хүлээсэн бөгөөд их мастер Т.Батчимэг хожлын нэг оноог авчээ.
Долоон өргийн дараах байдлаар эмэгтэй баг Туркийн 2-р баг, Англи, Швед,
Боливи улсын багийг хожиж, ОХУ, Азербайжан, Казакстаны багт хожигдсон амжилтаар 37-р байрт, эрэгтэй шатарчид Фижигийн арал, Австрали, Афганистан, Зимбаве улсын багийг
хожиж, АНЭУ-ын багтай тэнцэн, Канад,
Молдавын багт хожигдсон амжилтаар 43-р байрт явна.
Наймдугаар өрөгт эрэгтэй баг Италийн багтай, эмэгтэй баг Данийн багтай оноолт таарсан байна. Тоглолт монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ.
Есдүгээр сарын 4 (Долдугаар өрөг)
Эрэгтэй баг: Зимбаве-Монгол (1:3)
Эмэгтэй баг: Казакстан-Монгол (3:1)
Долдугаар өрөгт сонирхолтой тоглолтууд олон өрнөлөө. ОХУ-ын баг Азарбайжаныг, Хятадууд Армений багийг хожлоо. ОХУ, БНХАУ, Украйны шатарчид зургаан хожилтойгоор тэргүүлж эхэллээ.
Эрэгтэй баг: Азарбайжан-ОХУ(1.5:2.5), БНХАУ-Армени 2.5:1.5
Мөн бүсгүйчүүдийн тулаанд олон сонирхолтой тоглолтууд өрнөсөн. БНХАУ, ОХУ, Польшийн багууд таван хожилтойгоор тэргүүлж байгаа бол Франц, Вьетнам, Энэтхэгийн хүчтэй багууд араас нь нэхэж явна.
Эмэгтэй баг: ОХУ-Голланд (2:2)
Есдүгээр сарын 9-ны өдөр 11 дэх өргийн тоглолт болж 40-р олимдиадын медальтнууд тодорно.