Энэ оны арванхоёрдугаар сарын 21-д хөрсөн дээр цочир хүйтэрч, -70 хэм хүрнэ гэсэн цуурхал тарж, хөдөө орон нутгаар лаа, шүдэнз үнэд ороод байгаа билээ. Өнгөрсөн сард Сугар гарагийн наагуур сар өнгөрсөн. Үүнийг нар, сар, од гурав давхцлаа, дэлхий сөнөх нь гэж буруугаар тайлбарласан нь ч бий. Тиймээс энэ бүх буруу ташаа ойлголтод хариулт өгөхөөр ШУА-ийн харьяа, Одон орон геофизикийн судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хөрсөн дээр цочир хүйтэрч, -70 хэм хүрнэ гэсэн цуурхал газар аваад байна. Энэ өдөр дэлхий сөнөнө гэсэн суртал, ухуулга ч гарч байгаа. Ер нь дэлхийн цаг агаар од эрхэс, нартай холбоотойгоор өөрчлөгдөж, хөрсөн дээр хүйтэрнэ гэж байх уу?
-Улс орнуудын судалгаанаас авч үзвэл дэлхийн цаг агаар нь нарны идэвхжил, сансрын туяа зэрэг зарим үзэгдлүүдтэй холбоотой. Гэхдээ энэхүү холбоо шууд биш. Өөрөөр хэлбэл, соронзон давхарга, агаар мандлын дээд давхарга, тэнд болж буй үзэгдлүүдээр дамжин нөлөөлнө. Жишээлбэл, зарим судлаачдын тогтоосноор үүл үүсэх процесст сансрын туяа ихээхэн үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд нарны идэвхжил ихэсч байгаа боловч 11 жилийн үетэй өөрчлөгдөж байдаг өөрийнхөө зүй тогтлоороо л байна. Одон орны судалгааны талаас онцгой зүйл ажиглагдахгүй байгаа учир дэлхийн хэмжээнд урьд өмнө байгаагүй гэнэт хүйтэрнэ гэж хэлэх үндэс алга.
-Нарны аймгуудын давхцалаас үүдэлтэйгээр дэлхий сөнөх дөхсөн гэсэн суртал ухуулга яваад байх шиг байна. Гаригуудын давхцалын талаар тодорхой ойлголт өгөөч. Ямар нэг сөрөг нөлөө бий юу?
-Нарны аймгийн гаригууд нэг шугам дээр жагсах нь их ховор үзэгдэл биш шүү дээ. Тухайлбал, сугар, ангараг, санчир, буд гариг жилд нэг удаа нэг шугам дээр байх тохиолдол байна. Дэлхий, сугар, бархасбадь, ангараг, санчир, тэнгэрийн ван гариг 20 жилд нэг удаа нэг шугам дээр жагсах жишээтэй. Эдгээр үзэгдлүүд урьд нь үргэлж л болж байсан. Гэсэн хэдий ч дэлхий сөнөх буюу түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хүрч байгаагүй. Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сарын 21-нд бархасбадь, ангараг, санчир, дэлхий гариг нэг шугам дээр жагсах юм. Үүнтэй холбоотойгоор элдэв сенсааци гарч байгаа байх. Дэлхий 4.5 тэрбум жил наслахдаа энэ үзэгдлийг олон удаа үзсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, гаригууд маш олон удаа давхцаж, түүний давтамж нь ч олон жилийн турш давтагдсаар байсан. Нэг нарны аймгийн гаригууд давхцах нь байдаг л үзэгдэл учир ард иргэд буруу ухуулгад автаж, сандраад байх шаардлагагүй болов уу.
-Өнгөрсөн сард сар сугар гаригийн наагуур өнгөрсөн. Энэ үзэгдлийг иргэд нар, сар, од гурвын давхцал гэж үзэж, бас л дэлхий сөнөхтэй холбон тайлбарлаад байсан. Тэр үзэгдэл мөн л гаригуудын давхцал уу?
-Саяхан нар хиртэхтэй төсөөтөй үзэгдэл болох сугар гаригийн наагуур сар дайрч өнгөрснийг хүмүүс янз бүрээр л ярих шиг боллоо. Тухайн үед сар хавирган буюу гэрэл багатай байсан. Сугар гариг нарнаас хол зайтай байсан учир энгийн нүдэнд тод харагдсан юм. Энэ бас л гариг давхцах үзэгдэл. Сар дэлхийг тойрч эргэж байх хугацаандаа аль ч гаригийг халхалж, наагуур нь өнгөрч болно шүү дээ. Үүнийг бас л сенсааци болгоод дэлхий сөнөх дохио мэтээр ярьж байна. 2004 онд энэ үзэгдэл болж байсан шүү дээ. Янз бүрийн хугацаатай болж байдаг л давтамж.
-Маяачуудын он тоолол 2012 онд дуусч байгаа нь хүмүүст сөрөг ойлголт өгч байгаа тухай дэлхийн олон эрдэмтэд хэлдэг. Ер нь ойрын жилүүдэд дэлхийг сөнөөх хэмжээний аюул болох магадлал байгаа юу. Өөр гаригтай мөргөлдөх ч юм уу?
-Дэлхий болон нарны аймгийн том гаригууд өнгөрсөн олон сая жилийн хугацаанд өөрийн тойрог замаа сайн цэвэрлэсэн байдаг учир сансрын том биетүүдтэй мөргөлдөх магадлал маш бага. Зөвхөн солир болон сансрын жижиг биетүүд л дэлхийд унаж, ихэнх нь агаар мандалд шатаж дуусдаг. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд болон олон улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд дэлхийд аюул учруулж болохуйц сансрын биетүүдийг тогтмол ажиглах, тойрог замыг тооцоолох ажлыг хийж байдаг. Ойрын үед дэлхийг сөнөөх тийм биет ажиглагдахгүй байгаа учир тайван байж болно. Дэлхийн олон эрдэмтэд судлаад, ойрын жилүүдэд дэлхий сөнөх хэмжээний аюул гарахгүй гэдгийг баттай хэлж байгаа.
-Озоны давхарга цоорч эхэлсэн цагаас л дэлхийд аюул учруулах талаар олон эрдэмтэн ярьж эхэлсэн. Тэр мэдээлэл дэлхий сөнөх тухай буруу ойлголтод нэрмээс болж байх шиг байна. Энэ жил озоны давхарга Америкийн нэг муж улсын дайтай том болсон гэсэн мэдээлэл гарсан нь ч гэсэн иргэдэд болгоомжлол төрүүлээд байх шиг байна?
-Нарны идэвхжил ихэсч байгаа боловч эрчмийн хэмжээ нь өмнөх үе буюу 1960, 1980 оныхоос бага байгаа. Озоны давхарга нарнаас ирж буй хэт ягаан туяагаар үүсдэгийг бид мэдэж байгаа. Хэт ягаан туяа нарны идэвхжилтэй уялдан ихэсч байгаа боловч харьцангуй бага өөрчлөлттөй байна. Озоны давхаргад нөлөөлөх хэмжээ нь ч бага гэсэн үг. Иймд Озоны давхарга гэнэт их хэмжээгээр цоорч аюул учруулах магадлал тун бага.
Эх сурвалж: www.mminfo.mn