“Mining Mongolia-2012” үзэсгэлэн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

“Mining Mongolia-2012” үзэсгэлэн эхэлнэ

“Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт “Буянт-Ухаа” спортын цогцолборт нээлтээ хийх гэж байна.

Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” групп, Уул уурхайн яам, Зам тээврийн яам,  Барилга, хот байгуулалтын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах бөгөөд үүнд Монгол Улсаас  40 гаруй, гадаадын 22 орны 200 гаруй төлөөлөгч, аж ахуй нэгж болон зарим орны элчин сайдын яамныхан оролцох  болсон тухай албаныхан мэдээлж байна. Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн нь уул уурхайг зам барилгатай холбосноороо онцлог болох ба  есдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

 Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу есдүгээр сарын 5-ны 13.00 цагт Их Британийн Элчин сайдын яам Лондон хотын зүүн хэсэгт хэрхэн “Лондон-2012” Олимпийн хотхон барьж байгуулсан талаар баримтат кино үзүүлэх гэнэ. Харин есдүгээр сарын 6-нд Монгол Улсын Барилга хот байгуулалтын яамнаас Монголын барилгачдын өдөрт зориулан 100 мянган айлын хөтөлбөрийг танилцуулах юм байна. Түүнчлэн Канад улсаас Монгол Улс руу бүтээгдэхүүн гаргах нь ихэссэн тул ийнхүү үзэсгэлэнг зорин ирж,  энэ салбар дахь мэргэжилтэн, бизнесмэнүүдтэй холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж