Б.Обаматай хэн өрсөлдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Б.Обаматай хэн өрсөлдөх вэ?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2012


АНУ-д бүс нутгийнхийг нь оруулаад 40-өөд нам байдаг ч голлох хоёр нам болох ардчилагчид ба бүгд найрамдахчуудын дунд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөөн өрнөдөг. Тиймээс заримдаа бусад намаас нэр дэвшигчдийг үл тоомсорлон шоглоом мэтээр хүлээн авах нь ч бий. Саяхан Бүгд найрамдахчууд Митт Ромнийг албан ёсоор намынхаа их хурлаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Одоо Ардчилсан намын их хурал Барак Обамагийн нэр дэвшилтийг баталгаажуулж байна. Харин энэ удаа Ромнигаас гадна хэн хэн Обаматай өрсөлдөх вэ?

Росс Перо гэдэг хүн байгаагүй бол Билл Клинтон хэзээ ч АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохгүй байж болох байлаа. Техас мужийн тэрбумтан боловсролд хөрөнгө харамлалгүй цацдаг, барьцаалагчдыг аврахад гар татаж байгаагүй Росс Перо гэнэтхэн 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь сонирхолтой үйл явдал болов. Росс Перо уламжлал ярьсаар байгаад тун ч муугүй буюу 19 хувийн санал авч, Том Жорж Бушийг саналаас “зулгааж” чадсан юм. ХНарин энэ нь Клинтонд ашигтайгаар тусан  Цагаан ордонд суухаар болж олон хүнийг алмайруулж байлаа.

Найман жилийн дараа бас нэг ийм гэхээр түүх тохиолдсон. Экологич, ардчилагч Эл Горт бага Жорж Бушийг ялахад хумсын чинээ санал дутсан юм. Түүний саналаас зүүний гуманист, дайны эсрэг тэмцэгч бөгөөд экологич Ральф Нейдер гэх бие даан нэр дэвшигч  “хуваалцжээ”. Хэдийгээр тэрээр дөнгөж 2,74 хувийн санал авсан ч Горыг  хорлож дөнгөсөн гэдэг. Харин Нейдер үүнд өөрийгөө буруугүй гэдэг бөгөөд Буш ба Горын хоорондын ялгаа нь өчүүхэн төдий, хэрэв Горын Бушаас дээрдэх хувь чимх төдий л байсан хэрэг гэж тайлбарладаг.

Харин үндсэн намууд хагаралдаж эхлэхэд гурав дахь нэр дэвшигчид ашигтайгаар тусах тохиолдол бий. Жишээлбэл Бүгд найрамдах намынх байсан Теодор Рузвельт 1912 оны сонгуулиар Дэвшилтүүдийн намаас ерөнхийлөгчид нэр дэвшин нийт сонгогчдын 27,4 хувийн санал (сонгогчдын төлөөлөгчдийн 88 санал) авч байжээ. Нэгэн цагт ардчилагч байсан Жорж Уоллес 1968 онд нийт сонсогчдын 13,5 хувийн (сонгогчдын төлөөлөгчдийн 46 санал) санал аван арьсны өнгөөр гадуурхахын эсрэг хүн ам нь ихээхэн эсэргүүцэж байсан Өмнөдийн таван мужид ялалт байгуулж чадсан юм.
Ер нь бол “гурав дахь намуудын” нэр дэвшигчид үндсэн хоёр намын нэр дэвшигчдийн чансаанаас нь хамааран аль алинаас нь “зүсэм” олоод амсчихдаг.

“Бид өөр өөр ч ер нь бол хамтдаа”

Одоо АНУ-д Ардчилсан ба Бүгд найрамдах намуудын давамгайллын зэрэгцээ онолын дагуу бол “зургаа дахь намын систем” бий болж байна. Европчуудын үздэгээр бол тэр нь нам гэхээсээ янз бүрийн, хоорондын тэмцэл нь сунгаагаар тодордог замбараагүй нэгдлүүд юм. DP ба RP намуудын хамт тэд төвийг сахин барууны ардчилагчийг зүүний бүгд найрамдагчаас ялгах аргагүй болтол нь хэрсэн байдаг.
 
Виржил Гүүд, Үндсэн хуулийн намын нэр дэвшигч, Виржини мужаас Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан (фото: U.S. Congress)

Онолын дагуу бол улс төрд санам­саргүй тодорч буй хүн тэдгээр гипер намуудаас дэмжлэг авах боломжтой. Үүнд чамгүй өргөн зохион байгуулалт бас хөрөнгө мөнгө шаардлагатай. Нөгөө талаасаа бол  шашины суурь үзэлтнүүд,  RP намын дотор цөөнгүй Жон Маккейн мэтийн радикал консерваторууд халтай байж болох талтай. Гэхдээ намынхан нь прагматик сэтгэлгээтэй учраас “Ромни тэртэй тэргүй Обамагаас илүү” гэж хүчээ саринуулахыг үл хүсэн Санторум мэтийн хүмүүсээ “өрсөлдүүлдэг” аж.

Энэ бүгдийн зэрэгцээ АНУ-ын 40 орчим үндэсний намын ихэнх нь бие биеэ хуулбарлаж, лидерүүдийнхээ амбицийг даран “үзэл суртлын цэвэр ариуны” төлөө тэмцэлддэг. Нэр дэвшигчдээс эцсийн дүнд хэн нь 2012 оны сонгуулийн жагсаалтад бичигдэх вэ, ямар нөөц бололцоотойг хэлэхэд хэцүү. Учир нь муж тус бүр нь “ард олноо хоосон бужигнуулахгүйн тулд” янз бүрийн шүүлтүүр тавьдан.

Тухайлбал, нэг мужид сонгуульд бүртгүүлэхэд нэр дэвшигчийн хүсэл хэрэгтэй бол нөгөө мужид нь хуулийн дагуух олон тооны тодорхойлолт шаардана. Гурав дахь нь олон нийтийн санал асуулга эсвэл гарын үсэг гэх мэтийн сонгогчдын дэмжлэг шаардана. Дөрөв дэхэд нь бие даагчдыг бүртгэхгүй байх жишээтэй. Нэр дэвшигчийн чансаа 15 хувь хүрээгүй бол тэднийг сонгуулийн гол нэр дэвшигчид болох ардчилагч ба бүгд найрамдагчтай өрсөлдүүлдэггүй.

Нам нь сурталчилгаандаа холбооны санхүүжилтийг авахын тулд таван хувийн дэмжлэгтэй байх ёстой. Төсвийн мөнгө авах бас нэг зам нь сайн дурын хандиваас тодорхой хэмжээний мөнгө босгосон бол улс түүнийг нь хоёр дахин нэмэгдүүлж өгдөг.  Эцэст нь “гурав дахь нэр дэвшигчдийн” тодорхой хэсэг нь өөр зорилгоор ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг ашигладаг байна.

Хоёроос тав хүртэл

 
Гэри Жонсон Либертар намын нэр дэвшигч бөгөөд Нью-Мексико мужийн захирагч асан (фото: Ron Hill Imagery)

“АНУ-ын гурав­дагч намуудаас хам­гийн том нь одоо Үнд­сэн хуулийн нам болж байна. Тус нам 440 мянган гишүүнтэй гэж бүртгүүлжээ. Энэ нь Оросын Зюгановын коммунист, Жириновскийн либерал ардчилагч намынхныг нийлүүлснээс олон гишүүнтэй гэсэн үг. Нийгэм, эдийн засгийн асуудлаар уг нам хэт барууны буюу Бүгд найрамдах намын баруунтнуудад ойр байр суурьтай. Гол ялгаа нь энэ намынхан Америкийг бусад ертөнцөөс улс төр, эдийн засгийн хувьд тусгаарлахын төлөө байдагт нь оршино. Тэд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээс АНУ-ыг гаргах эрмэлзэлтэй. Энэ удаагийн сонгуульд Виржини мужийн конгрессмен байсан Виржил Гүүдыг Үндсэн хуулийн нам нэр дэвшүүлжээ. Тэрээр улс төрийнхөө ардчилагч ч, бүгд найрамдагч ч байсан, бас “исламын айдас”-аараа алдаршсан. Гүүд хар даран зүүдлэхдээ, Капитолийн толгод дээр ногоон өнгийн туг хийсч, исламистуудыг Америкийг баялагийг идэж уугаад, доллар дээр “Бид Аллахад итгэнэ” гэсэн үг хэвлэгдсэнийг хардаг байх.

Дээр дурьдагдсан Нейдертай хэзээ нэгэн цагт холбоотой байсан Ногоонтны нам хэт либерал зүүний популист сууринд байна. Үндсэн хуулийн намынхнаас цөөн тоотой ч ногоонтнууд бүс нутгийн хэмжээнд сонгуулийн багагүй албан тушаалтай. АНУ-ын эрэг хавиар “ногоон” мэрүүд цөөнгүй. Экологичид өөрийн нэр дэвшигчээр үсэнд нь буурал суусан, дэгжин хатагтай Жилл Стайныг сонгожээ. Жилл хатагтай цэргийн төсвийг гурав дахин бууруулж, бүх америкчуудыг ажил ба эмнэлэгийн үйлчилгээр хангаж өгнө хэмээн амлажээ. Одоо Стайн сонгогчдын нэг хувийн дэмжлэгтэй ба тэр нь өсч магадгүй. Учир нь энэ эмч хатагтай “ногоонтнуудын хувьд” дээд амжилт болох мөнгийг өөрийн кампанидаа цуглуулж чадсанаас гадна улсын санхүүжилтэд хамрагдахаар болжээ. Экологчдйн зүүнтнүүдээс санал авах тооцоотой Ардчилсан намынханд эрхэмсэг хатагтай эрчим таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.
 

Залуу эмэгтэй Пета Линдсдей (Социализм ба чөлөөлөлтийн төлөөх нам) (фото: PSLweb)

АНУ-ын тав дахь нам Либертар нь Рон Пол гэх хүчирхэг өвгөнийг ерөнхийлөгчид өмнө нь дэвшүүлж байснаар бидэнд танил байж магадгүй. Энэ удаагийн кампаниар “заанд” тохирохгүй гэдгээ мэдсэн ч гэсэн Пол бүгднайрамдахчуудын номинацид орон сунгаанд нь үзэлцсэн юм. Гэхдээ Пол ялалтын төлөө биш хүн амд өөрийн үзэл бодлыг сурталчлах эрмэлзэлдээ багагүй амжилттай байв. Далан долоотой улстөрч залуучуудын дунд ихээхэн дэмжлэг авсан нь гайхмаар. Залууст түүний чөлөөт зах зээлийн зарчим, улсын зарлагыг аль болохоор бууруулах, улсыг хувь хүний амьдралд оролцохоос холдуулах, гурав дахь орны дотоод хэрэгт оролцохгүй байх болон НҮБ ба НАТО зэргээс АНУ-ыг гаргах гэсэн санаа нь таалагдсан учраас тэд интернэтээр түүний кампанийг ихээхэн дэмжсэн байлаа. Гэлээ ч Рон Полгүйгээр либертарчууд муу­гүй байгаа. Либертар намын нэрийн өмнөөс ерөнхийлөгчид Нью-Мексико мужийн захирагч байсан Гэри Жонсон нэр дэвшээд байна. Тэр эхлээд RP намаас нэр дэвших гэсэн боловч сунгаандаа хүртэл түүнийг оролцуулаагүй. Жонсоны гомдолт бүгднайрамдахчуудад үнэтэй тусах магадлалтай. Санал асуулгаар түүний чансаа есөн хувьд хүрч байгаа ба ийм “хор­лон” Барак Обамад дахин сонгогдоход нь тус болох учир­тай.

 
Розана Барр хатагтайд (Энх тайван ба эрх чөлөөний нам) иймэрхүү коллажийг зориулан зурж байна (фото: roseanneforpresident2012.org)


Энд тэндгүй амьдрал

Хувьсгалч монгол хүний хувьд либертарчууд  ер бусын содон үзэгдэл. МАХН монгол АНУ-д очлоо гэхэд ямар нэгэн намд нь санаа амар нэгдэж болно гэхээр. Жишээлбэл, “Социализм ба чөлөөлөлтийн нам” хувьсгалчдад ойр байх ёстой. Учир нь үзэл баримтлал нь  марксизм-ленинизм ба Америкийн имперализмтай тэмцэн үгээгүйчуудын эвэршсэн нудрагаар дэлхийн хувьсгалыг хийх тэмцэл. Энэ намынхан ЗХУ ба социалист орнуудыг хүндэтгэж, нөхөр Кастрод хайртай. Тэд ерөнхийлөгчид туршлага багатай, дайны эсрэг тэмцэгч 28 настай Пета Линдсдей гэдэг бүсгүйг дэвшүүлжээ. Хувьсгалчид “залууст зам тавих” гэж зөгнөн ярих дуртай биз дээ. Чөлөөт социалист нам ч дарлагдагсад нэн түрүүнд эмэгтэйчүүд ба гей нарын гараар пролетарийн хувьсгал хийхийн төлөө байна. Энэ троицкистууд ба феминистуудын нам жар гарсан Стивен Дарем гэдэг хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд жендер болон арьсны өнгөөөр ялгаварлан гадуурхахын зарчмуудын төлөө тэмцэж буй.

Арай даруулгатай төвийг баригч Америкийн Социалист нам (SPUSA) зүүний хэд хэдэн жижиг намын номинацид өрсөлдөөд авсан Стюарт Александр гэдэг нэр дэвшигчээ тодруулаад байна. ХХ зууны эхээр социалистууд харьцангуй хүчирхэг байх үеэр тэдний нэр дэвшигч Южин Дебс зургаан хувийн санал авч байжээ. Онолч үгүй, марксист биш хувсьгалч гэж Дебсийн тухай Ленин бичсэн байдаг. Александрын намтар нь Дебсийнх шиг үнэлэгдээгүй ч том компаниудыг нийгэмчлэх гэхдээ авторитар ком­­мунизмыг үгүйс­гэгч өнөөгийн социа­листуудын лидерт тэр хүн таарчээ. Учир нь Александр ажилчин айлын хүүхэд, шашин шүт­лэггүй  дээр нь негр.
 

Фитнес-модель Андре Барнетта (Шинэчлэлийн нам) (фото: andrebarnett2012.com)

Америкийн Гурав­дагч зам намын нэр дэвшигч Мерлин Миллер бас л сонирхолтой нэгэн. Цагаан арьстан ба үндсэрхэг үзэлтэн Миллер залуусийн тархийг угаан “европ-америкийн христийн уламжлалд үндэслэгдсэн үнэт зүйлийг” баллаж буй Холливудыг ядралгүйгээр илчилсээр явна. Холливуд бол “еврей-сионистуудын хяналтад” байгаагаас л ийм боллоо гээд тэр хилэгнэж буй. Гэхдээ нэр дэвшигч өрөө “мөлжигч, антисемит байсан Уолт Диснейн хүүхэлдэйн кинонд дуртай гэнэ. Харин Мадоннаг үзэн яддаг ажээ. Росс Перогийн үндэслэсэн Шинэчлэлийн нам ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэлд Андре Барнетта гэдэг хар арьстан бизнесмен, фитнес-моделийг оруулж байна. Нью-Йоркийн “нандин чанартай уламжлагч” гэдэг модель үндсэрхэг үзэлтэн ба төвийг барьсан үзэлтэн гэнэ. Тэрээр ерөнхийлөгчийг сонгогчдын төлөөлөгчид бид иргэд шууд сонгуулиар сонгох ёстой гэж үздэг ажээ.

Бүс нутгийн “Энгийн хүмүүсийн” гэх жижигхэн намыг дурьдалгүй өнгөрч болохгүй. Миннесота мужийн “энгийн хүмүүс” “ардын ардчилал”, чөлөөт шүтлэгийн төлөө. Тэдний гол зорилго нь марихуана ба гашиш зэрэг сансууруулах бодисыг хууль ёсны болгох явдал. Уг намын нэр дэвшигч мансууруулах бодисыг хууль ёсны болгохын төлөө тэмцэгчдийн дэлгүүрийн эзэн Жим Карлсон тухайн цагтаа хиймэл мансууруулагчийн хууль бусын наймаанд холбогдон цагдаагийнхны анхааралд байжээ.

“Энгийн хүмүүсийн” хатуухан өрсөлдөгч болж байгаа ерөнхийлөгчид нэр дэвшигч “Хоригийн намын” Жек Феллюр архи, тамхи, порно, мөрийтэй тоглоом, хар тамхи гээд Америкийн суурь үзлийн зарчим нийцэхгүй бүгдийг хориглохын төлөө байна.

“Гуравдагч намуудаас” нэр дэвшигчдээс хамгийн алдартайд нь “Эмми” ба “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн жижигчин эмэгтэйг тооцож болно. “Нарнаас гурав дахь гариг” киноны гол баатрын хар гаригийн мөрөөдлийн эмэгтэйг бүтээсэн Розанна Баррыг хэлж байгаа юм. “Бальзакийн насны” цайвар үстэй эмэгтэй эхлээд ногоонтнуудын номинацийг авах гээд бүтээгүй учир Энх тайван ба эрх чөлөөний намаас нэр дэвшлээ. “Миний төлөө саналаа өг. Би тэдний тархийг засаад өгнө. Ардчилагчид, бүгд найрамдахчууд хөрөнгөтнүүдэд худалдагдсан. Тэд энгийн хүмүүсийн сонирхлын төлөө гэх авч хэн илүүг төлдөг хүмүүсийнхээ төлөө явдаг. Намайг худалдан авч чадахгүй” хэмээн Барр ухуулж явна.

Юунаас ч хамааралгүй

Бие даан нэр дэвшигчидээс үр хөндөлтийн эсрэг тууштай тэмцэгч Терри Рендал (Обамаг үзэн яддаг учир Ардчилсан намаас нэр дэвших гээд үзсэн юм) ба Lamb of God металл-хамтлагийн гоцлон дуучин, амьдралын утга санааны тухай оргилуун дууны үг зохиогч Рэнди Блайт нарыг онцлох хэрэгтэй байх. Гэхдээ Блайт нэр дэвших асуудал нээлттэй байгаа. Түүнд хүсэл байгаа ч удалгүй Прага хотноо санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн гэх хэргээр Блайтыг шүүх хурал эхлэнэ. Тайзанд нь авиран гарах гэсэн фанатыг тэр түлхэн унагааснаас болон нөгөөхийн амьсгал нь тасарсан байв. Саяхан металист маань Чехийн шоронд сар хоригдсон сэтгэгдлээ сэтгүүлчтэй хуваалцсан юм. Гуляш гэдэг хоолыг нь тэр ихээр харааж байв.

Исламын ертөнцийг үзэн яддаг ламтан Терри Жонсгүйгээр ийм ер бусын нэр дэвшигчид бүрэлдэхгүй. Тэрээр хэдэн зуун коран сударыг олны нүдэн дээр шатаана гэж байснаа ганцхан ширхэгийг нь шатаагаад исламын ертөнцийг хөдөлгөж байлаа. Ламын үйлдлийн хариуд нь талибууд Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт довтлон 12 хүнийг хөнөөснөөс гадна хэд хэдэн аллага хийжээ. Түүний ажиллагаанаас гэм зэмгүй хүмүүс хэлмэгдэж болохыг ойлгосон Терри Жонс Америкийн ерөнхийлөгч болоод бүх америкчуудыг эх оронд нь авчираад цагаачдыг хөөн гаргахаар шийджээ.

Дурсгалт үзвэрийн “Нүцгэн ковбой” гэж алдаршсан Роберт Берк ерөнхийлөгч болох хүслээ илэрхийлсэн байна. Тэрээр 12 жилийн турш Таймс-сквер гудамжинд кантри тоглон даарч байгаа нэгэн. Бүрх малгай, түрүүтэй гутал, дотоожтойгоор тоглон даардаг тэр одоо “тоглолтоо Цагаан ордонд хийх” дурандаа баригдав. Нэр дэвшилтийн үдэшлэгтээ ирэх хүн бүрт үнэгүй шар айраг өгөхөө тэр амласан байгаа.
 
Мистер А. Зомби, зүгээр л зомби (фото: Reuters)

Мистер А.Зомбигүйгээр энэ жагсаалт бүрэн биш. Нэр дэвшигч автобусаар улс орноороо аялан хот бүрт нь амьд үхдлийн парад хийнэ гэжээ. “Тэргүүн хатагтайг” горилж байгаа Патти Морган-Зомби нөхрийнхөө кампанийг дэмжин “Америк айл бүрт зомби авчрах хүн бол тэр. Түүнийг алсан ч гэсэн тэр эрмэлзлэлээ зогсоохгүй” гэж сурталжилж байна.

Мистер А.Зомбийн кампанийг AMC Networks телекомпани санхүүжүүлж байгаа учраас асуудал ойлгомжтой. “Явдаг үхдлүүд” олон ангит киноны гурав дахь улирлын сурталчилгаа нь ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн болж байна. Арилжаа ийнхүү улс төр чухал өнгө аяс авчирлаа. Энэ өрсөлдөөнд амьдрал ялах нь тодорхой.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж