Тэмцээний тав дахь өдөр Герман улс паралимпын ширээний теннисны төрөлд хамгийн сүүлд 1992 оны Барселонад болсон олимпийн наадмаас медаль хүртэж байжээ. Харин 20 жилийн дараа Герман улс дахин алтан медаль хүртлээ. “Би үнэхээр гайхалтай баяр, жаргалыг мэдэрч байна. Энэ бол Герман улсын ялалт. Би байнга алтан медалийн дэргэд ирээд авч чадалгүй буцдаг байлаа. Харин одоо би хүсч байсан медалиа энгэртэй зүүчихээд зогсч байна. Үнэхээр гайхалтай” гэж Иохен Волмерт ярьжээ. Тэрээр алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч Их Британийн теннисчин Виллиам Бейлитэй тоглож 3:1-ийн харьцаагаар хожсон юм. Харин тэмцээний хүрэл медалийг Норвегийн теннисчин Томми Өрхаг хүртсэн байна.
Тэмцээний тав дахь өдөр АНУ-ын усанд сэлэгч Маллори Вежман эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд ялалт байгуулж паралимпын болон АНУ-ын рекордыг эвдлээ. “Би шагналын тавцан дээр гарч, эх орныхоо төрийн дууллыг паралимпын тэнгэрт эгшиглүүлэхийг хүсч байсан. Энэ хүсэл минь одоо биеллээ. Миний амьдралын хамгийн мартагдашгүй орой энэ орой байх болно” гэж тэмцээний дараа Вежман ярьжээ. Тэмцээний мөнгөн медалийг Австрали улсын усанд сэлэгч Медисон Эллиот хүртсэн бол хүрэл медалийг Хятадын усанд сэлэгч Жиан Шенман нар хүртсэн байна.
Тэмцээний тав дахь өдөр Паралимпын хөнгөн атлетикын 200 метрийн гүйлтийн Т44 төрөлд Бразил улсын гүйгч Алан Фонтелэс Кардосо Оливера түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Олонхи хүмүүс Оскар Писториусыг ялалт байгуулна гэж таамаглаж байсан ч Бразилын гүйгч гайхалтай ялалт байгуулж олны анхаарлыг татаад байна. Оливера 21.45 секундын амжилтыг үзүүлж Дэлхийн аваргаар Писториусын үзүүлсэн 21.52 минутыг эвдлээ. “Намайг байнга тусалж дэмждэг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Мөн төрөлх Сао Паоло хотын ард, иргэд миний ард байсныг мартаж болохгүй. Өнөөдөр би паралимпын түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Баяртай байна” гэж шагналаа гардаж авсаныхаа дараа ярьжээ.Тэрээр өмнө нь олон улсын наадмаас ямар нэгэн шагнал авч байгаагүй нэгэн юм.
Тэмцээний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн буудлагын 20 метрийн хийн гар бууны Р2-10 төрлийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд Македоны буудагч Никовска-Бикова түрүүлж паралимпаас медаль авсан Македон улсын анхны тамирчин болсон юм. “Би үнэхээр их нервтэй байсан. Гэхдээ энэ бүхний ард гарч эх орныхоо төрийн дууллыг Лондон хотын тэнгэрт эгшиглүүлж чадлаа. Үнэхээр баяртай байна” гэж тэмцээний дараа ярьжээ. Тэрээр дараагийн паралимпд мөн энэ амжилтаа давтах хүсэлтэйгээ илэрхийлж, бэлтгэл сургуулилтаа одооноос базаахаа амалсан байна. Тэрээр өмнө олон улсын чанартай тэмцээнүүдэд олигтой амжилт үзүүлж байгаагүй юм.
Паралимпын багийн спортын төрлүүд медалийн төлөөх тоглолт руугаа ойртож байна. Гоолбоолын төрөл хятадууд аваргын төлөө тоглохоор болсон бол суугаа волейболын төрөлд Германчууд аваргын төлөө тоглохоор боллоо. Харин хараагүйчүүдийн хөлбөмбөгийн 5 а төрөлд Бразилчууд аваргын төлөө өрсөлдөх эрхээ халаасласан юм. Ирэх 9-ны өдөр өндөрлөх 14 дэх удаагийн паралимпын тэмцээнд нийтдээ 732 багц медаль эзэндээ очоод байна.