Хоёр хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Хоёр хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын  тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын гишүүд орон нутгийн өөрөө удирдах ёсыг улстөржүүлж, намчирхах үзэл рүү түлхэж байна гэж шүүмжиллээ. Тэр дундаа сумдын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрээр сонгох нь туйлын буруу алхам, уг заалтыг өөрчлөх ёстой хэмээн байр сууриа ээлж дараалан илэрхийлэв. Харин дээрх хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Жалга, довоор нь талцуулж, ард түмнийг улстөрийнх нь үзэл бодлоор ялгаварлахын тулд ийм заалт тусгасан юм биш. Ер нь УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар сонгогдон чуулганы танхимд сууж байгаа  гишүүд өөрсдийгөө намыг төлөөлөөд сууж байгаа гэж ойлгож байгаа бол буруу, ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаагаа мэдэх цаг болж… Түүнтэй адил сумын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрийн жагсаалтаар сонгох нь улстөржсөн зүйл биш, ард түмнээ, сум орон нутгийн иргэдээ төлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Ингэхгүй бол Өмнөговь аймгийн Ханбогд зэрэг суманд гадаадын компаниуд эрх мэдлээ тогтоож мэдэхээр байгаа. Энэ бүхэнд хаалт хийсэн, нөгөө талдаа элдэв хэрэг төвөг тарьж, хээл хахуулийн хэрэг мандаачихаад намынхаа далбаан дор нуугдаж ял завшдаг байдлыг таслан зогсоохын тулд эл төсөлд тодорхой заалтууд тусгаж өгсөн гэдэг тайлбар хэллээ. Түүнчлэн төсөлд сонгуулийн тойрогт дүн гаргахад тухайн сум, баг, хороонд оногдсон мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох бөгөөд үлдсэн суудалд нам, эвслийн авсан суудлын тоогоор тухайн нам, эвслээс гаргасан  жагсаалтын эхнээс нэр дэвшигч нь төлөөлөгчид сонгогдсонд тооцогдохоор заасан байна.

Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд тусгасныг зарим гишүүд эсэргүүцэж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Иргэний сонгуульд оролцох үүргийг хуулиар зохицуулах, хүчлэн хэрэгжүүлэх арга явуургүй. Иргэдийн чөлөөт эрхийг хангая гэж өмнө нь хууль баталсан болохоор иргэд ухамсраараа сонгуулиа өгдөг хэвээр нь байлгах нь зүйтэй” гэж байлаа.

Харин хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх зорилготой гэж дээрх заалтыг тайлбарласан юм. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм. Сонгуулийн нутаг дэвсгэр нь аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэр байхаар заасан. Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд сум, баг, хороо тус бүрээс төлөөлөл байхаар тооцсон нь мөн нэлээд асуулт дагууллаа. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын гишүүд Сум, баг, хороо бүрээс төлөөлөл байна гэж байгаа ч зарим сум 10 мянган хүн амтай, зарим нь 1500 хүрэхгүй хүн амтай байгааг сануулж байлаа. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 60 хувийн саналаар эл төслийг Хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Гэхдээ эл хуулийн төслөөр санал хураахын өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд “Эл төслийг санаачилсан нь сайн хэрэг ч, олон согог байна, эл согогийг олонхийн бүлэг парламент дахь бусад улстөрийн намуудтайгаа зөвшилцөж засах ёстой атал хүч түрэмгийлж асуудлыг шийдэж ирлээ” хэмээн мэдэгдлээ.

Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслийг баталсны дараа 2012 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо хийгдэхээр төлөвлөөд байсан хөрөнгө оруулалтын ажлууд юунаас болж гацаад буйд хариулт өгөхийг шаардаж буй юм. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх боломжтойд хариулт өгөхийг шаардлаа. Тэр дундаа хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, энэ амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байж, 0-18 насны хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байгаа нь ямар учиртай вэ. Хүүхэд бүрт олгох мөнгийг заавал одоо шийдэх ёстой юу, шинэ оноос болохгүй юу. Төсөв хүндэрлээ, мөнгө алга гэх хэрнээ. Дээр нь Ерөнхийлөгчийн зүгээс зорилтот бүлэгт хүүхдийн мөнгийг олгох төсөл санаачилсан. Одоо Ардчилсан нам хүүхэд бүрт мөнгө олгохоор болоод байна, автор нь хэн байх вэ” гэлээ.

Дээрх асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулт өглөө. Тэрбээр “Хүний хөгжил сангаас олгосон 340 мянган төгрөгийг 18 аймгийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хараахан авч чадаагүй байгаа, гэхдээ өмнөх Засгийн газрын хийж чадаагүй ажлыг энэ онд багтаан хийнэ, тиймдээ ч хөрөнгийг төсвийн тодотголд суулгана. Хүүхдийн мөнгийг яагаад олгох болж байна вэ гэхээр өмнөх Засгийн газрын хоёр тогтоол байна. Би эд мөрийн баримттай ярина, өмнөх Засгийн газрын хуралдаанаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд сард 15 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн. Дээр нь амьдрал ядуу өрхийн насанд хүрэгчдэд мөн мөнгө өгөхөөр заасан байсан. Нийт 40 тэрбум төгрөг шаардаж байгаа, Тиймээс ингэж хавтгайруулах нь зохисгүй, халамжийг жинхэнэ хавтгайруулсан хэрэг болно. Дээр нь хүүхдүүдээ ялгаж байснаас 0-18 хүртэлх насныхандаа сар тутамд 20 мянган төгрөг олгох нь зөв юм аа гэж үзсэн. Бид хамтдаа ойлголцоод явахад хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөр биш” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж