Энэ Засгийн газрын эмзэг цэг

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Энэ Засгийн газрын эмзэг цэг

Шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш нэг сар, харин сайд нар томилогдсоноос хойш хагас сар өнгөрлөө. Хэдийгээр ирэх дөрвөн жилд 16 яам, 19 сайд бүхий “нүсэр” том бүтэцтэй ажиллах Шинэчлэлийн гэх Засгийн газар ажилдаа орсон ч үйл ажиллагаа нь жигдэртлээ удах бололтой. Өнгөрсөн долоо хоногт чих дэлсээд өнгөрсөн “Шинэчлэлийн Засгийн газраас дэд сайдын орон тоог халах” тухай чихэнд наалдацтай яриа тэгсгээд замхарч, харин ч хэн хэдэн дэд сайдтай болох вэ гэдэг уралдаан Засгийн газар дахь намууд дотор өрнөж байна. Тэр дундаа Ардчилсан намын фракциуд аль хэдийнэ бие биеийнхээ эсрэг өрөлт авчихаад хэн нь ч хэнийхээ нармайг нээхэд бэлэн байгаа.

Уг нь бол энэ эрх мэдэл ч үгүй, эрхлэх ажил ч үгүй дэд сайдын албан тушаал ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газрын өмнө хүлээгдэж буй их ажил, дэвшүүлсэн зорилтын дэргэд өчүүхэн төдийгүй цаг үрсэн дэмий зүйл гэдгийг өмнө нь олонтаа ярьж байсан. Харамсалтай нь, засгийн эрх авсан намууд ингэж боддоггүй бололтой. Дээр нь Ардчилсан намын холбоотон болж, Шинэчлэлийн /энэ бол хүрд эргүүлэх боломжийг атгаж байгаа хоёр, гурван намынхан л өөрөө өөртөө өгсөн нэр. Харин үзэгчдийн хувьд тэр хийх гээд байгаа шинэлчлэлийг нь одоохондоо олж хараагүй л байна/ Засгийн газарт орж ажиллаж байгаа “Шударга ёс” эвсэл гэж жинхэнэ “шаврын хаалт” байна.

Өнгөрсөн нэг сарын турш парламентад гацаа үүсгэсэн асуудал болгоны ард МАН-ыг буруутгаж ирсэн. Гэсэн хэдий ч МАН-тай МАН-гүй асуудал урагшаа явж л байгаа шүү дээ. Үүнд нь угаасаа хууль дүрэм гэхээсээ олонхийн хүчээр асуудлыг шийдээд сурчихсан нөхдүүд “Бид бүлгээ байгуулчихсан, тэглээ гээд танай намаас гарсан УИХ-ын даргад мэдэгдэх шаардлагагүй” гэж монцойж байгаад УИХ-д намын бүлэггүй үлдчихсэн нь ч сайхан далим.

Харин Ардчилсан намын хамтрагчаараа сонгосон “Шударга ёс” эвсэл жинхэнээсээ Н.Алтанхуягийн “өсгийд орсон өргөс” гэж болж байна. Анх сонгуулийн дараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хэлэлцээр хийж эхлэх үед олон хүн түүнээс “Н.Энхбаярын намтай эвсээд хэр удаан засаг барих вэ” гэж амыг нь асууж байсан. Тэр үед мань хүн “Нэрэнд нь шударга гэдэг үг орсон, шударга ёсыг тунхаглаж сонгуульд орсон нам манай намын бодлого зорилттой зөрчилдөх ёсгүй. Хувь хүний асуудал тусдаа, төрийн хэрэгт бид нийтлэг эрх ашгаа л харна” гэж хэлээд Засгийн газраа байгуулсан билээ. Гэнэн гэдэг нь, эсвэл худалч юм уу…

Уг нь “Шударга ёс” эвслийг Засгийн газарт орсны дараа олон хүн “Тавантолгойг чинь тарааж өгнө, Оюутолгойг буцааж авна“ гээд л цамнаад унах байх даа, одоо ч дэлхийн шившиг болно доо хэмээн цэрвэж, Н.Алтанхуягийн тэнэг мулгууг дуудаж байсан билээ. Азаар тийм зүйл болсонгүй, хойшдоо яахыг хэн мэдлээ. Гэхдээ популист бол популист л шүү дээ. Тэдэнд хийх нь чухал биш, хэрхэн ярих нь… Харин хийхдээ тулахаар хэлж ярьснаасаа арай өөр байдаг аж.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Засгийн газар байгуулах үйл явц цөөнгүй удаа завсарлага авсныг уншигчид санаж байгаа байх. Хоёр талаас ажлын хэсэг томилоод гэрээ хэлэлцээ хийгээд Засгийн газарт орох сайд нарынхаа нэр усыг тохирчихсоны дараа. Ихэвчлэн Н.Энхбаярын нэр, шүүх хурлын тов, шүүхийн шийдвэрээр шалтаглаж хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч байсан “Шударга ёс” эвслийн гишүүдийн ард яг үнэндээ хөөрхий дөө, нөгөө муу Н.Энхбаяр нь ч байсангүй. Тэд Н.Энхбаярын нэрээр УИХ-д 10 суудал авсан. Яг үнэндээ улс төрийн карьераа аль хэдийнэ дуусгаад намдаа ч, маньд ч падгүй болчихоод байсан хэдэн нөхдүүдийг Н.Энхбаяр гэдэг хүн нэг завин дээр цуглуулж, сайн ч бай, муу ч бай өөрийн нэр нүүр, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр дэнчин тавин байж энэ парламентад шовойлгосон. Хэрвээ Н.Энхбаяраар овоглож, эвслийн жагсаалтад багтсан тэдгээр нөхдүүд нэг нэгээрээ тойрог руу илгээгдсэн бол нэг нь ч эргэж ирэхгүй байлаа. Харин одоо Н.Энхбаяр гэдэг хүн тэдний хувьд ердөө албан тушаал ахих шат гишгүүр л болж байна.

“Шударга ёс” эвсэл анх байгуулсан хэлэлцээнээсээ нэг бус удаа буцсан. Эхний удаад УИХ-д сонгогдсон гишүүдээ тангараг өргүүлэхгүй, дараа нь Н.Энхбаяр даргад ял өглөө, удалгүй даргын бие муудлаа гэж. Энэ тоолонгоор эвсэлд ноогдох шан харамж, сандал ширээ л нэмэгдэж байлаа. Эхний далайлтаар Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан УИХ-ын дэд дарга болсон. Дараа нь дэд даргын суудлаа голж орхиод эвслийн нөгөө намын дарга М.Энхсайханаасаа Сангийн сайдын суудлыг нь булааж авсан. Одоогийн байдлаар тус эвсэл Засгийн газарт дөрвөн сайдтай, УИХ-д хоёр том байнгын хороо тэргүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эвсэл дахиад л чуулганаас завсарлага авсан. Ард нь бас л дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга нарын сандал ширээний хуваарилалт л явж байгаа сурагтай. Хүслээр биш, хясаж ирсэн хамтрагчаа үргээчихгүйн тулд Ардчилсан намын дарга, Засгийн газрын тэргүүн ч аль байдгаа тавьж тууж байна. Улс төрд нөхөр, дайсан гэж байдаггүй эрх ашиг л байдаг гэдгийн учир энэ.

Гэвч эрх ашигт бас эрэмбэ дараа гэж бий. Харин энэ эрх ашгийн эрэмбэ дарааллын тухайд МАН, МАХН-ын хооронд нэг их ялгаа байхгүй гэдгийг өнгөрсөн өдрүүд харууллаа. Арга ч үгүй биз дээ. Нэр нь хоёр салсан ч нэг л угшилтай, нэг хүмүүжилтэй, нэг л үүх түүхтэй намууд юм чинь.    

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж