Үр тариагаа дөнгөж хурааж эхэлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Үр тариагаа дөнгөж хурааж эхэлж байна гэв

Ургац хураах нөр их ажил хаяанд ирлээ. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалсан байна. Салбарын яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ намар  490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авах гэнэ. Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй байсан учраас ургац хураалт бага зэрэг хойшилсон гэж буй. Ургац хураалтын талаар Үйлдвэр, худалдааны яамны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.

-Ургац хураалт эхэлсэн үү. Энэ жил ургацын болц хэр байна?

-Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймагт ангилан хадалт эхэлсэн.  Харин Ховд, Дорнод, Говь-Алтай аймагт шууд хураалт эхлээд байгаа.  Харин төмс, хүнсний ногооны хураалт эль хэдийнэ эхэлчихсэн шүү дээ. Төмс, хүнсний ногооны хураалт ерөнхийдөө жигдэрч эхлээд байгаа.

-Энэ жил хэчнээн хэмжээний ургац хурааж авахаар төлөвлөж байна.

-Өнгөрсөн жилийнхээс бага зэрэг ахиу ургац хурааж авах төлөвлөгөөтэй байна.   490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо хурааж авах тооцоо байгаа.  Үр тарианы болц энэ жил их удаашралтай байна. Монгол орны нийт нутгаар зунжингаа хур бороо элбэгтэй байсан болохоор ургацын болц удааширсан. Өнөөдрийн байдлаар үр тариа  аарцган болцноосоо л гарч байна даа. Өнгөрсөн жил дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг зуун хувь хангасан. Энэ жил ч мөн ялгаагүй зуун хувь хангаж, илүү гарсныг нь экспортлох бодолтой байгаа. Төмсний хувьд мөн дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах болоод удаж байгаа шүү дээ. Энэ бол Атрын III аяны үр шим гэж бодож байна.

-Ургац хураалт хэзээ­нээс жигдрэх бол?

-Энэ сарын 10-нээс эхлээд жигдэрчих болов уу гэж бодож байна.  Манай яамнаас альболохоор ургацыг богинохон хугацаанд хураах санал тавиад байгаа.

-Цаг агаарын байдал ямар байх бол. Ургац хураалтын үеэр ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарах болов уу?

-Цаг агаарын мэдээнээс харахад ойрын үед тэнгэр хангай сайхан л байх бололтой байна. Цаашдаа тэнгэр хангай муудахаас өмнө ургацаа хурдан хугацаанд хурааж, альболохоор цасанд даруулахгүйн төлөө л тариаланчид маань ажиллаж байна.  Ургац хураалтын үеэр ямар нэгэн бэрхшээл хүндрэл алга л байна. Шатахууны нөөц хангалттай байгаа. Бид хавар шатахууныг 50 хувийг урьдчилгаа зээлээр олгосон. Тариаланчид маань нэг үеэ бодоход хөл дээрээ зогссон. Нэг хэсэг уналтадорсон газар тариалангийн маань салбар сэргэж байна.
 
-Дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлэх боллоо. Энэ нь манайд хэр мэдрэгдэх бол?

-Манай улс дотоодынхоо улаанбуудай, төмсний хэрэгцээг зуун хувь хангах болсон, хүнсний ногооныхоо 60-70 хувийн хэрэгцээг хангаж байна.  Тийм болохоор гайгүй байх аа.

Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж