”Чалько” Овооттолгойг авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

”Чалько” Овооттолгойг авч чадсангүй

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Өмнөговь аймаг дахь Овооттолгойн ордод олборлолт явуулж буй “Саутгоби ресорс” компанийн эзэмшлийн 58 хувийг Канадын “Turquoise Hill Resources” компаниас 926 сая ам.доллараар худалдан авах гэрээнээс татгалзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. “Саутгоби ресорс” компанийн хувьцааны 58 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” өнгөрсөн наймдугаар сард нэрээ өөрчилж “Turquoise Hill Resources г”эх болсон билээ. “Turquoise Hill Resources” өчигдөр албан ёсны мэдэгдэл гаргаж, Монголын Засгийн газрын эсэргүүцлээс болж гэрээг цуцалсан тухай мэдээлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын “Айвенхоу Майнз” компани 58 хувийг нь эзэмшдэг “Саутгоби ресорс”-ийн хувьцааг Хятадын төрийн өмчит компанид худалдах гэрээ байгуулснаа  “Хувьцааны худалдах үйл ажиллагаа Монголд биш Канадад явагдах тул Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарлаж байсан юм. “Айвенхоу Майнз” Овооттолгойн хувьцааг худалдсан мөнгөөрөө Оюутолгой төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байсан ч төслийг хэрэгжүүлэх эрх “Рио Тинтод” шилжсэн.

Хятадын төрийн өмчит компани, Канадын уул уурхайн компани хоёрын Монгол дахь Овооттолгой орд газрыг худалдах гэрээг Монгол Улсын Засгийн газар эсэргүүцсэнээр Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саутгоби ресорс”-ийн хувьцааны ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш унасан байсан. “Чалько” “Саутгоби ресорс”-ийн нэгж хувьцааг 8.48 канад доллараар худалдаж авах гэрээ байгуулахаар яригдаж байсан юм. Харин өчигдөр “Саутгоби ресорс”-ийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн бирж дээр 2.69 канад доллар болж унажээ. “Чалько”, “Айвенхоу Майнз” хоёрын дээрх гэрээ Монгол Улсын их хурлаар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” батлахад хүргэсэн. Гэвч энэ хуульд стратегийн чухал ач холбогдол бүхий салбар дахь гадаа­дын хөрөнгө оруулалт 49 хувиас их бол Засгийн газарт мэдэгдэнэ гэс­нээс хориглох тухай заалт ороогүй юм.

Түүхий эдээр цангасан Хятад Улсын төрийн өмчит компани “Чалько” Овооттолгойг худалдаж авах гэрээг хүчин төгөлдөр болгохоор зүтгүүлж байсан ч ийнхүү хачирхалтайгаар гэрээнээс татгалзжээ. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын дарга Ху Жинтаогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингоу Монгол Улсад айлчлахдаа 50 сая юанийн буцалтгүй тусламж олгоно гэсэн нь “Чалько”-гийн дээрх гэрээг хүчин төгөлдөр болгохоор бат араанд нь хийж буй хэрэг гэж эдийн засагчид бичиж байсан билээ. “Саутгоби ресорс” компани Монголд Овооттолгой, Заг сүүж, Сүмбэр, Цагаан толгой зэрэг нүүрсний дөрвөн том төсөл хэрэгжүүлж буйгаас гадна хайгуулын долоон лиценз эзэмшдэг тухайгаа албан ёсны вэб сайтдаа бичжээ. “Саутгоби ресорс” компани Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Өвөр цагаан толгой хэмээх газарт орших Цагаан толгойн хүрэн нүүрсний орд газрыг Австралийн “Модун ресорс” компанид худалдах гэж байснаа больсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. “Саутгоби” Цагаан толгойн ордыг 30 сая ам.доллараар худалдахаар гэрээ байгуулах гэж байжээ. 1980 онд Зөвлөлтийн геологичид хайгуул шинжилгээ явуулж, үндэслэлийг нь тогтоосон Цагаан толгойн ордод “Саутгоби ресорс” дахин хайгуул тандалт хийж нөөцийг тогтоож, зах зээлийн эргэлтэд оруулахаар ханцуй шамласан аж. Өнгөрсөн онд “Саутгоби ресорс” Өвөр цагаан толгойн ордыг олон улсын санхүүгийн бирж дээр 500 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх мэдээлэл цацагдсаны дараа зарим хүмүүс тус ордын хүрэн нүүрсийг урд хөрш рүү зөөхөөр Баян-Овоо, Номгон сумдын зааг нутаг болох Монголын “Бүдүүн мод”, Хятадын “Баг мод”-оор хилийн боомт нээх гэж буй тухай яриа гарч байсан талаар тухайн үед “Үндэсний мэдээ” сонинд мэдээлж байжээ. 

Түүхий эдээр цангаж байдаг Хятад Монгол Улсын гадаад худалдааны номер нэг түнш бөгөөд Монгол Улсын экспортын 93 хувийг дангаараа импортолж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалт 3.7 тэрбум ам.доллар, гадаад худалдааны эргэлт 3.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн 2011 оны мөн үеийнхээс 21 дахин өссөн тоо юм.

Н.ЭНХ /орчуулагч/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж