Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Монгол хүнд амьд явах эрх байна уу

Монголд хамгийн хямдхан юм юу вэ. Хүний амь. Хэдэн жилийн өмнө гадаадын нэгэн сэтгүүлч Монголын тухай ингэж бичиж байсан юм гэнэ лээ.  Хариуцлагагүй төр, хэрэгждэггүй хууль дүрмээс нь болж хаа сайгүй хүний эрх зөрчигдөж, хэн нэгэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байхад төрийн түшээд юу бодож суудаг бол доо. Үнэндээ  өнөөдөр хэн нэгний үнэтэй машин, гартаа зүүдэг ганган чамин цагнаас дор хүний амь үнэлэгдэх болсон нь худлаа биш шүү дээ. Гудамжинд хэвтэх согтуу эр, гуйлга гуйх жаалын амь хэнд ч хэрэггүй хог шиг болсон нь Монголын үнэн хийгээд хамгийн том эмгэнэл болчихож. 

Өглөө гэрээсээ эсэн мэнд гарлаа гэхэд орой гэртээ эсэн мэнд харих эсэх нь тодорхойгүй эрсдэлтэй, аймшигтай нийгэмд монголчууд  бид амьдарч байна. Өчигдөрхөн гэхэд долоохон настай охин сургуулийнхаа гадаа машинд дайруулж амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан бол өмнөх өдөр нь ээжийнхээ гараас хөтлөөд гүйж явсан 12 настай охин кранд даруулж нас барав.  Ийм аймшигтай, өр эмтлэм, зүрх зүсэм мэдээлэл өдөр болгон  цацагдсаар.  Хэрэвзээ  барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладагсан бол, мэргэжлийн хяналтын газрынхан мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь биш, иргэддээ үйлчилдэг байсан бол,  сургууль, цэцэрлэгийн газраас хотынхон мөнгөтэй хүмүүст хумсалж зараагүйсэн бол ийм эмгэнэлтэй хэрэг гарах байсан ч юм билүү хэн мэдлээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар монгол хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. Харамсалтай нь, эцэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэсэн уг заалт амьдрал дээр хэзээ ч хэрэгжиж байсангүй.  Хэрэгждэгсэн бол хэрэгжүүлэхийн төлөө эрхбаригчид зүтгэж ирсэн бол монгол хүний амь үнэтэй байх байлаа. Даанч монгол хүний Монголд амьд явах эрх өдрөөс өдөрт хумигдаж, монгол хүний амь жилээс жилд хямдарсаар л байна шүү дээ.  Гудамжинд хэн нэгэнд дээрэмдүүлэх, зодуулах, гудамжинд хэн нэгэнд алуулах, хэн нэгэнд дайруулах ердийн үзэгдэл болчихсон, үүнийг байх л ёстой зүйл мэт хүлээж авсаар Монголын нийгэм бүр цочихоо ч байж. Бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийллээ гээд монгол хүнийг золбин нохой шиг буудсан гашуун эмгэнэл ч бидэнд бий шүү дээ.

Хурд хэтрүүлээд хүн дайрав, хулгай хийх зорилготойгоор хүний амь хөнөөв, хүүхэд нь ээжийгээ хөнөөв, галдан шатаав, гэгээн цагаан өдрөөр гэргийгээ гудамжинд хутгалав гээд аймшигтай явдлууд монгол хүний амьд явах эрх хэрхэн зөрчигдөж буйн, аюулгүй амьд явах баталгаа байхгүйн л илрэл шүү дээ.

Яагаад монголд хүний амь ийм хямдхан болчихов оо. Яагаад бид ийм аймаар нийгэмд айдас хүйдэс, эрсдэл дунд амьдарч байна вэ.

Аргагүй ч байх л даа. Хууль батлах, хэрэгжүүлэх  үүрэгтэй хүмүүс нь алдар нэр, албан тушаалын хойноос хөөцөлдөж, авлигад өртөж, мөнгөтэй, нөлөөтэй, танилтай нэгэн нь юу ч хамаагүй хийсэн ямар ч гэм шийтгэлгүй болчихсон болохоор л монгол хүний амь уугаад шидсэн ундааны лааз шиг л хямдхан болчихсон хэрэг. Төр шиг төр, хууль шиг хуультай байсан бол хэн миний гэрт орж ирээд намайг алчих бол, хэзээ дээрээс юм унаад дарчих бол гэж айхгүй л байлаа.  Энд тэнд ухсан элдэв нүхэнд унаад үхчихгүйн тулд, өвчтэй солиотой нь мэдэгдэхгүй давхидаг, дүрэм зөрчдөг, хурд хэтрүүлдэг жолооч нарт дайруулчихгүйн тулд, хууль бусаар барилга барьдаг нөхдүүдийн буруугаас бол зуурдаар хорвоогоос буцахгүйн тулд монгол хүн өдөр бүрийг айдастай өнгөрөөж байна. 

Хаана хаанаа хэн хэн нь хууль дүрмээ чандлан мөрддөггүйн улмаас хүний амь өдөр бүр эрсдэж байна. Зуурмаг цутгадаг машины хоолой нурж 12 настай охины амь насыг хохироосон уг газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг иргэн Батболд 2012 оны нэгдүгээр сард авчээ. Гэхдээ барилгын зураг төслийг нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй байсан байна. Зөвшөөрөлгүй энэ барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажиллаж байсан аж.  Тухайн барилгыг барих ажлыг зогсоох шийдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан боловч тус компанийнхан үгэнд ороогүй байна.

Иргэн Батболд болоод “Төгс гүрэн” компанийнхан Монгол Улсын хууль дүрмийг мөрдөж ажилласан бол нэг эх насан туршдаа сэтгэлийн өнчрөл амсахгүй байсан юм. Тийм учраас иргэн Батболд, “Төгс гүрэн” компанийн захиралд хариуцлага хүлээлгэж тэднийг торгох бус Эрүүгийн хуулиар шийтгэвэл ийм явдал дахин гарахгүй байх эхлэл болох ч юм бил үү. Нийслэлийн хэмжээнд холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн болон барьж дуусгасан 63 барилга  байгаа гэнэ.
Монголд  жилд 300 гаруй хүн зам тээврийн ослын улмаас нас бардаг аж. Энэ он гарсаар 190 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Энэ мэтээр бусдад алуулсан, амиа хорлосон хүмүүсийн тоог нэмбэл  багагүй тоо гарч ирэх байх.  Газрын хэвлийн доорх баялгаасаа үнэ цэнгүй амьдрах монгол хүний хямдхан амь хэзээ баталгаажих бол. Бид хэзээ аюулгүй амьдрах эрхтэй болох вэ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж