Охины амиа алдсан, яг сургуулийн дэргэдэх замд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэг аль нь ч байдаггүй. Ядахдаа замын хурд сааруулагч байсан сан бол хөөрхий охин амиа алдаа ч уу, үгүй ч үү?
Уг нь энэ замд одоо засвар хийж байгаа. Гэхдээ засварын ажил дууссан ч хүүхдүүд автомашины осолд өртөх аюул багасах бус харин ч бүр ихэсч болзошгүй айдас төрүүлж байна. Нийслэлийн Баянгол дүүрэг Бичил зургадугаар хорооллын урдуур 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал хүрэх автозам буюу Хасбаатарын гудамжны 2.3 км-ийн засварын ажлыг он дамнуулж хийхээр төлөвлөсөн. Гэрээнд зааснаар тус замыг ирэх жилийн зургадугаар сард хүлээлгэж өгөх ёстой аж. Уг нь Бичил хорооллын замын шинэчлэх замын төсөл уг нь 2007 онд батлагдсан. Санхүүжилтгүй улмаас хойшилогдсоор энэ жил ажил нь эхэлж байгаа нь энэ. Гэвч олон жил дуншсан зам өнөөдөр сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудад шууд тулган тавигдахаар болжээ.
Өмнө нь долоон метрийн өргөнтэй байсан замыг 15 метр болгож хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам тавих аж. Хаа сайгүй замын түгжрэл ноёлж байгаа өнөө үед уг нь сайхан л сонсогдож байна. Гэвч угаасаа газар байхгүй учир шинэ замыг үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа газрууд болон сургууль, цэцэрлэгээс 2-3 алхмын зайд тулгаж тавихаар болж. Энэ орчимд сургууль цэцэрлэг олон. Бага насны хүүхдүүд чинь хаа сайгүй хоорондоо хөөцөлдөж ноцолдож гүйцгээдэг. Тэдний явах газар хоёр гуравхан алхмаар хязгаарлагдан, шууд замтай “тулна”. Гэтэл хэдхэн алхмын цаана зам жолооч хэр хурдтай явж байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Тийм ч учраас өргөтгөж байгаа энэ зам ослын зам болох вий гэсэн айдас төрүүлэм байна.
Албаны хүмүүс харин машинд дайруулж амиа алдсан охины зам дээрх цус хатаа ч үгүй байхад“Бид 2007 онд батлагдсан төслөөр бичлийн замыг шинэчлэх ажлаа эхлүүлэн хийж байгаа. Таван жилийн хугацаанд энэ замын хажуугаар зайгүй шахам барилгууд баригдсан байна. Гэхдээ эдгээр барилгуудыг нурааж байгаад зам өргөсгөхөөс өөр ямар арга зам бидэнд алга. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн аюулгүй байдалд бид баталгаа өгч чадахгүй. Энэ бол тухай хүүхдийн асуудал. Бид бол өөрсдийн зүгээсээ явган хүний замыг тавьж өгнө. Хамгийн гол зүйл бол замаа өргөсгөж авто замын түгжрэлийг бууруулах явдал юм” гэж хэнэг ч үгүй хариулсан юм.
Албан тушаалтнуудын хэлж байгаа зам өргөсгөх нь л чухал гэсэн “бодлого”-ын дагуу энэ орчимд сургууль, цэцэрлэг, үйчилгээний газраас багахан хэтрүүлж хэлэхэд хаалгаа онгойлгоод гарахад л зам тулахаар болчихож. Ялангуяа дээр дурдсанчлан энд олон цэцэрлэг сургууль байдаг болохоор цааш хичнээн хүүхэд амь нас, эрүүл мэндээр хохирох бол гэсэн айдас төрөхөөс ч өөр арга алга.
Дээд албан тушаалтнууд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” болцгооё гээд уриалаад байдаг. Бодит амьдрал дээр “Хүүхдэд халтай Улаанбаатар” болж байх шиг.