“Лондон-2012” паралимпийн XIV наадмын өнөөдрийн тэмцээнд байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа өрсөлдлөө. Тэрбээр мөнгөн медалийн төлөө "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй оноолт таарч 3:7(23:27, 26:26, 24:17, 20:24, 23:25)-аар ялагдсан боловч хүрэл медалийн төлөө Польшийн тамирчинтай учраа тааран 2:6 (23:20, 23:25, 22:24, 26:28)-аар ялагдал хүлээж шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Энэ төрөлд Хятадын тамирчин түрүүлж, БНСУ, Польшийн тамирчид удааллаа.
Манай тамирчны хувьд тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан
харваанд 524 оноогоор 19 тамирчнаас VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах
шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан байна.
Манай улс энэ удаагийн наадамд жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д
Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага
(Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд
зургаан тамирчин оролцож байгаагаас хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцох Ч.Мөнх-Эрдэнийн тэмцээн үлдээд байна. Тэрбээр хаалтын өмнөх өдөр болох есдүгээр сарын наймны өдөр тэмцээндээ оролцоно.
Жудо бөхийн төрөлд -60кг-д А.Мөнхбат IX байр, -90 кг-д Д.Ганбат VII байр, эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны
дасгалд Ц.Лхамсүрэн XIV байрт шалгараад байна.
Байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа IV байр, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ шигшээ 16-д шалгарлаа.
Дашрамд дуулгахад, Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй. 2004
онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын
зайн уралдаанд шагналт байр эзэлсэн бол “Бээжин-2008” XIII наадмаас
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваанд аваргалж,
анхны медалийг авчирсан байна.