Сургуулиудын засвар 15 гэхэд дуусна

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Сургуулиудын засвар 15 гэхэд дуусна

Хичээлийн шинэ жилийн өмнөхөн бүх сургууль, цэцэрлэгийн засвар бүрэн дуусч, хүүхдүүд, оюутнуудаа хүлээн авч, хичээлээ эхэлдэг билээ. Тэгвэл зарим сургуулийн засвар дуусаагүй байна гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар тодруулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.

-Энэ жилийн тухайд улсын төсвийн хэдий хэмжээний хөрөнгөөр хэдэн барилгад засвар хийсэн бэ?

-Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил 14.7 тэрбум төгрөгөөр 298 барилга засахаар төлөвлөсөн юм. Үүний 70 хувь нь нийслэл дэх бүтээн байгуулалт. Бүх засварыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн.

-298 барилгын засварт ямар газрууд багтсан бэ?

-Үүнд сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байр, мэргэжлийн сургалт, үйлчилгээний төвүүд, соёл, шинжлэх ухааны байгууллагын барилга багтана.

-Ямар их, дээд сургуульд засвар хийсэн бэ?

– Их, дээд сургуулиудын засварт улсын төсвөөс нийт хоёр тэрбум төгрөгийг төсөвлөн засварын ажил хийсэн.  Үүнд МУИС-ийн гурав, дөрөв, тавдугаар байр, Завхан эдийн засгийн сургуулт, ХААИС-ийн хичээлийн байр, ШУТИС гэх зэрэг сургуулиудын дотуур байр, инженер шугам сүлжээнд засварын ажлыг хийсэн. Одоогоор  250 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай ШУТИС-ийн Хүнсний инженер, технологийн сургуулийн засвар хараахан дуусаагүй байна. Ер нь тухайн сургуулийн засварын хэмжээнээс шалтгаалж урсгал болон их засварыг хийдэг юм.

-Одоогийн байдлаар зарим нэг дунд сургуулийн засвар дуусаагүй гэж дуулсан. Энэ ямар учиртай юм бэ? 

-Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх засварууд бүрэн дууслаа. Тэгэхээр үндсэндээ нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвар дууссан гэж үзэж болно. Зарим сургууль өөрсдийн төсвөөс нэмэлт засвараа хийж байгаа цөөн тохиолдол бий. Хөрөнгө мөнгөө өөрсдөө шийдээд хийж байгаа засварт нь манай зүгээс хяналт тавихгүй ч тодорхой хэмжээний шаардлага хүргүүлж байгаа. Харин зарим нэг аймгуудын хувьд, тухайлбал, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт зарим сургуулийн дээвэр, гадны шугам сүлжээний ажлууд хараахан дуусаагүй. Гэхдээ энэ нь сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн саад болохгүй юм.

-Тэгвэл аймгийн хэдэн сургуулийн засвар л үлдсэн гэж ойлгож болох уу?

-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө боловсролын байгууллагуудын засварыг чанартай, богино хугацаанд хийж гүйцэтгэх нэн тэргүүний шаардлага бий. Харин судалгаа, шинжилгээ хийдэг зарим соёл, шинжлэх ухааны барилгуудын засвар бүрэн дуусаагүй бөгөөд одоогоор Улсын комиссоор шалгуулах шатандаа явж байна.

-Ер нь боловсролын байгууллагуудын засварын ажил хэзээ дуусах вэ?
 
-Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн засварын ажлууд харьцангуй хурдан дууслаа гэж дүгнэж байгаа. Харин үлдсэн засварын ажлыг ойрын хугацаанд буюу есдүгээр сарын 15-ны дотор дуусгах эцсийн хугацаа байна.

-Сургуулиудын засвар хугацаандаа дуусаагүй бол санал, гомдлоо хаана мэдэгдэж болох вэ?

-Яг энэ асуудлаар, хэрэв танай хүүхдийн сургууль, цэцэрлэгийн засвар бүрэн дуусаагүй, сурахад нь саад болж байвал сургуулийнхаа захиргаанд хандаад нэмэргүй бол Нийслэлийн боловсрол, соёлын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж болно. Эдгээр газрууд нь энэ талаарх асуудлыг хариуцаж ажилладаг бөгөөд шат шатандаа хариуцлага тооцдог.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж