“Twilight” кинонд тоглосноосоо хойш ихээхэн нэрд гарсан жүжигчин Кристен Стюарт өнгөрсөн сард “Цасангуа анчин хоёр” киноны найруулагч Руперт Сандерс гэгч гэр бүлтэй эртэй нэр холбогдсоноос болж, найз залуу Роберт Паттинсоноос салсан билээ. Түүнээс хойш янз бүрийн мэдээ шар хэвлэлүүдээр цацагдаж, олны хэл амны бай болоод байгаа юм. Гэвч олны хэл амыг үл харгалзан Кристен Стюартад “On The Road” кинонд тоглох санал ирсэн бөгөөд тэрбээр одоогоор уг киноны зураг авалтад оролцоод завгүй байгаа билээ. Харин саяхан Кристен Стюарт Их Британийн “Vogue” сэтгүүлд зочлон ярилцлага өгч, тус сэтгүүлийн ирэх аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Түүний зургийг алдарт загварын зурагчин Марио Тестино дарсан байна. Кристен Стюарт уг сэтгүүлийн дотор хуудасны зурган дээр “Gucci” брэндийн даашинзаар гангарч, нүүрээ тод будсан нь үнэхээр дур булаам гарчээ. Харин тэрбээр тус сэтгүүлийн нүүрний зурган дээр эрээн өнгийн даашинз өмсөн уруулаа улаанаар будсан нь түүний гоо үзэсгэлэнг улам тодотгосон байна.
Б.Анхтуяа