Үнэхээр аймшигтай нүд хальтирмаар байсан тул сайн харж чадаагүй. Мөн замаар явж байсан автомашиныг ч дарсан байна лээ. Тэгэхээр ямар том кран байх нь ойлгомжтой. Машины жолооч болон зорчигч нь гэмтсэн гэсэн. Түргэн тусламж гуч орчим минутын дараа ирж гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Охины цогцсыг Шүүх эмнэлэг рүү аваад явсан байх” гэв. Харин ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Одбаяраас тодруулахад “Барилгын зуурмаг цутгадаг кран зам дээр унаж 9-10 орчим насны охины амь насыг хохироосон байна. Осол гарах үед охин ээжийнхээ хамт явж байсан. Ээж нь хичээлийг нь тарах үед тосож аваад явж байсан юм билээ. Мөн 2709 УНР улсын дугаартай автомашин дээр унасан. Автомашинд хоёр хүн явсан бөгөөд тэд хөнгөн гэмтэл авсан байна. Тэднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Унасан кран ямар компанийнх байсныг одоогоор тогтоогоогүй байна. Хятадын хөрөнгө оруулалттай компанийнх гэдэг нь илт байгаа. Краны жолоочийг дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан байцаалт авч байна. Осол юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байгаа. Өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ослын газар цугласан хүмүүсийн яриагаар краны жолооч БНХАУ-ын иргэн бөгөөд осол гарсны дараа монгол залуучууд түүнийг зодож гэмтээсэн гэж байв. Хүмүүсийн яриагаар краны жолооч краныхаа тэнцвэрийг олж байрлуулаагүйн улмаас энэ аймшигт осол гарчээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин