-Та Монголд хэзээ ирсэн бэ?
-Би ирээд хоёр сар болж байна.
-Египетэд Элчин сайдаар ажиллаж байсан тийм үү?
-Тийм. Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд.
-Тэгэхээр та энэ их сонин үед улсаа төлөөлөөд ийм чухал албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа дэлхийн томоохон улс төр, эдийн засгийн газрын зургийг хөдөлгөөнд оруулахуйц үйл явдлын гэрч нь болсон байна. Мөн энэ хугацаанд ажиллаж байхдаа та “Тахрирын хувьсгал” нэртэй ном гаргасан. Хоёулаа өнөөдөр Исламын ертөнцийн тухай ярья. Түүнээс өмнө би танаас дипломатын ажлын талаар товчхон асуух гэсэн юм. Элчин сайдын хувьд түүхэн өөрчлөлтийн үйл явцыг харж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-“Арабын хувьсгал” нэртэй дэлхийн түүхэнд шинэ хуудас нээхүйц үйл явдлын үед би тэнд Элчин сайдаар ажиллаж байсан. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал үе байсан. Мөн зарим талаараа ховор, нандин байсан. Тэр бүс нутагт Монгол Улсыг төлөөлөх гадаад бодлогыг тодорхойлж, томъёолоход оролцсон. Гол нь “Арабын хувьсгал”-ын үед Египетэд ажиллаж амьдарч байсан монгол иргэдийг нүүлгэн шилжүүлэх, Элчин сайдын яамыг хамгаалалтад авах гэх мэтийн онцгой байдлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад оролцсон. Өөрөө газар дээр нь удирдаж явуулсан. Тухайн үед гурван үе шаттайгаар нийт 60 гаруй монголчуудыг гурван тийш нь нүүлгэсэн. Кувейт рүү хоёр удаа, Истанбул руу нэг удаа илгээсэн. Үлдсэн ганц нэг иргэдээ Элчин сайдын яамандаа хамгаалалтад авсан. Тэр Египетийн хувьсгал эхэлсэн эхний долоо хоног маш хурц, ширүүн тэмцэл дунд өнгөрсөн. Дайны байдалтай, нийгэм бол бүхэлдээ хямарчихсан, зохион байгуулалтын дэглэм, аюулгүй байдал алдагдчихсан, дээрэм ихэссэн байсан. Тэр бүх үйл явдлыг биеэрээ туулсан гэрчийн хувьд “Тахрирын хувьсгал” номоо бичсэн. Энэ ном бол Египетийн хувьсгал эхэлсэн 2011 оны нэгдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 1-ний хооронд Египет болон Ойрхи Дорнодод болсон түүхэн үйл явдлыг өдөр өдрөөр нь Элчин сайдын тэмдэглэл маягаар бичсэн. Үүнд мэдээллээс гадна үнэлэлт, дүгнэлтээ бичсэн. Энэ номонд маань эх сурвалж бол хангалттай байгаа. Мөн зургаар баяжуулж хийсэн ном. Онцлог гэх юм бол ийм хямралын үед бид мэдэх байх, Эх орны дайны үед Москвад байсан Элчин сайдын яам бас бөмбөгдөлтөд нэрвэгдэж байсан түүх байдаг. Дараа нь Солонгосын дайны үед, Хятадын Соёлын хувьсгалын үед манай улсын Элчин сайдын яам халдлагад өртөж байсан. Бүр сүүлд 1990-ээд оны эхэнд Афганистанд мөн л Монголын Элчин сайдын яам бас л хэцүү байдлаас гарч байсан түүх байдаг. Үүний дараагийн тохиолдол нь сая Каирт болсон халдлага гэж үзэхээр байгаа юм л даа.
-Яагаад энэ үйл явдал өрнөх болов. Исламын шашин бусад шашинтай харьцуулахад юугаар онцлог юм бэ?
-Исламын шашин гэж. Монгол хэлэнд XIII зуунд орчуулагдсан нь лалын шашин шүү дээ. Лал гэдэг бол буруу номтон гэсэн төвд үг гэж манайхан буруу ойлгодог юм байна. Лал гэдэг орчуулгын үгийг Өгөдэй хаан хэрэглэж байсан юм билээ. Лал гэдэг нь лам гэдэг үгнээс гаралтай, монголчууд хэрэглэж ирсэн түүхэн үг. Хэл зүйн талаасаа. Лалын шашин бол хамгийн залуу шашин шүү дээ. Мөн хамгийн эрэмгий шашин ч гэдэг. Нөгөө талаасаа энэ шашныг үндэслэгч их зөнч Мохамед мандуулахдаа Америкийн эрдэмтэн Хангингтоны дүгнэснээр бол угаасаа л илд, мэсний шашин. Жишээ нь Есүс Христос, Бурхан Будда, Бахайн шашныг үндэслэгч Бахдулла нар гэхэд дандаа л номлогч, соён гэгээрүүлэгч хүмүүс байсан гэдэг. Мохамедын номлолын дагуу арабчууд байлдан дагуулалтад мордож, VIII зуунд Хойд Африкийг тэр чигт нь эзэлж байсан. Мөн төв Ази, Шинжаан руу хүртэл орж ирж байсан. Бүр манай Монголын баруун хил дээр ирж байсан. Лалын шашныг, том байлдан дагуулалтыг зоригжуулсан шашин гэдэг. Нөгөө талаараа бүх шашинд тулгарсан түүх өнөөдөр давтагдаж байна. Жишээ нь, Дундад зууны сэргэн мандалтын үед Европт католик шашин Европыг эзэгнэх үү, эсвэл соён гэгээрүүлэгчид эзэгнэх үү гэсэн шинэ бүтээн байгуулалт, шинэ оюуны соёлыг дээдлэх үү гэдгийн төлөө тэмцэл явагдаж байсан. Католикууд хамгийн харгис үйлдлийг үйлдэж байсан. Олон эрдэмтнийг амьдаар нь шатааж, хүйс тэмтэрч байсан шүү дээ. Ингээд XVII зуун хүрч байж Ромын папын эрх мэдлийг хязгаарлаж байсан. Шашны ийм омогтой үе нь байсан. Монголд ч ялгаагүй. Шарын шашин буян ном амлаад ороод ирээгүй, бөө мөргөл түүнийг нь аятайхан тосоод авчихаагүй. Бараг 100-гаад жилийн тэмцэл байсан. Цус урссан. Түүн шиг одоо энэ шашны омогтой үе нь байна. Шашныг дэлгэрүүлэх, түгээх гэсэн, шашнаараа улс төрийн зэвсэг хийх гэсэн түүхэн мөчлөг өнөөдөр лалын шашинд нүүрлэчихсэн юм болов уу гэж би боддог юм.
-Сүнни, шиа гэдэг нь юу вэ?
-Мохамедыг хэн залгамжлах вэ гэдгээс л үүдэж гарч ирсэн эрх мэдлийн төлөөх мөргөлдөөн юм л даа. Ер нь Аллах дэлхий рүү 25 том номлогчийг илгээсэн гэдэг юм билээ. Тэр дотор нь Есүс хүртэл байх жишээтэй. Түүний нэг нь бол Мохамед гэж үздэг юм. Мохамедыг хамгийн төгс, агуу номлогч гэж үздэг. Тэр 42 насандаа цээжээрээ маш олон хоног Коран судрыг уншаад номлосон. Мохамед нь бичиг үсэгт тайлагдаагүй худалдаачин хүн байсан гэдэг юм билээ. Түүнээс хойш үйл хэргийг нь хэн залгамжлах вэ гэсэн чинь Халифатын засаглал байх ёстой гэж сүнитүүд үзсэн. Нөгөө талд нь харин, үгүй ээ имамын засаглал байх ёстой гэж үзсэн. Имамын засаглалыг номлосон хүн нь Мохамедийн ач хүү байсан. Энэ хүн 1680 онд Иракт сүннитүүдэд алагдчихсан юм. Бүр айхавтар хэрцгийгээр алсан юм билээ. Үүнээс эхлээд сүннит, шийтүүдийн хоорондох тэмцэл эхэлсэн. Мохамедын ач хүү алагдсан өдөр нь арванхоёрдугаар сарын эхээр байдаг. Тэр үед баяр болдог. Энэ баяр нь Мохамедын ач хүүд эмгэнэл илэрхийлсэн өдөр юм билээ.
-Сүннитүүд Египетэд хэр олон байдаг вэ?
-Египет 80 сая гаруй хүн амтай гэхэд тэдний 15 сая гаруй нь сүннитүүд. Мөн Турк, Киргизстан, Казахстан улс бол тэр чигтээ сүннитүүд шүү дээ.
-Энэ хоёрын хоорондын шашны дайн улс төрд нь яаж нөлөөлж байна вэ?
-Башар Асад түүний аав хоёр үе залгамжилсан Сирийн энэ засаглал 50 гаруй жил үргэлжиллээ. Аав, хүү хоёр бол Сирийн алави шашны төлөөлөгчид юм. Алави шашин гэдэг чинь шийтийн шашны бас нэг урсгал нь.
-Та Сирийг яаж харж байна вэ?
-Сири дэлхийн анхаарлын төвд байна. Асадын тэргүүлсэн Баас буюу Социалист сэргэн мандлын нам бол социалист чиг баримжаатай. Баас намыг засгийн эрхээс зайлуулах,Сирийн ард түмэнд эрх чөлөө олгох гэсэн итгэл үнэмшил Америк болоод Баруунд байна. Энэ бол тэдний өөрсдийн итгэл үнэмшлээр шүү дээ. Гэтэл үүнийг арай өөр өнцгөөс Орос харж байна. Башар Асадын дэглэм нуран унана. Унасны маргааш нь Сирид шашны том мөргөлдөөн эхэлнэ. 50 жил дарлагдсан сүннитүүд, нөгөө алави, христианчууд руугаа шашны дарангуйллыг явуулна гэж Оросын нэртэй араб судлаач Пирмиков хэлсэн. Хоёр сарын өмнө Сирийн Засгийн газрийн мэдэлд байсан зэвсэглэсэн сайн дурын ардын отряд сүннит шашинтай жирийн иргэд рүү дайрсан. Энэ бол Ливанд болсон дайны эхлэл гэж үзэж байгаа юм билээ. Ливанчууд 17 жил байлдсан. Маш олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амийг хороосон. Тус улсын хамгийн том сургамж бол шашны бүлгүүд нь намтай болоод, улс төрийн намууд нь дэргэдээ зэвсэгт отрядтай болж 17 жил дайн хийсэн. Энэ л хамгийн гашуун түүх. Уг нь бүгдээрээ л нэг үндэстэн, нэг улс шүү дээ. Сая алавитуудын зэвсэгт отряд сүннит иргэдийн амийг хороочихлоо. Энэ чигээрээ үргэлжилбэл аймшигтай шашны мөргөлдөөн гарах нь дамжиггүй. Саяхан Хиллари Клинтон “Энэ бүхэн шашны мөргөлдөөнд хүрэх ёсгүй. Бид шашны мөргөлдөөнд хүргээсэй гэсэндээ дэмжээгүй юм шүү. Ардчилал ялаасай гэсэн үзлээр л бид хандсан” гэж хэлсэн байсан. Би Египетийн шашин дээр жишээ аваад ярья. Египетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Мохамед Мурси буюу Лалын ахан дүүсийн намын даргынх нь сонгуулийн лоозон юу байсан гэхээр “Коран бол манай Үндсэн хууль, их зөнч бол бидний чигийг заагч, жихад бол бидний туулах зам, Аллахын төлөө үхэх нь бидний ариун зорилго” гэсэн. Египетэд ийм хүн Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Харин эсрэг намын лоозон нь “Та нарт Үндсэн хууль гэж байхгүй, Аллахын хууль тогтоомжоос өөр хууль гэж байх ёсгүй, Аллахын засаглалаас өөр засаглал ч гэж байх ёсгүй” гэсэн. Тэр нь шашингүйчүүдийн нам. Парламентын 508 суудлын 70 гаруй хувийг Лалын ахан дүүсийн холбоо, салафитууд авсан. Тэдний туйлын зорилго бол аль VII зууны үеийн Мохамедын үе рүү нийгмийг ухраах. Тэр үеийн ёс заншлыг сэргээх гэсэн хүмүүс. Лалын ахан дүүсийн холбоо олон жил гудамжинд явсан, засгийн эрх барьж үзээгүй.
-Та Элчин сайдаар ажиллаж байхдаа энэхүү засаглалыг барьсан хүмүүстэй уулзаж байв уу?
-Би Египетэд байхдаа парламентын спикер, Лалын ахан дүүсийн холбооны ахлагчтай уулзаж байсан. Тэр хүн зартай исламч Армин гэж хүн байсан. Армин сонгуулийн өмнө нь ч ерөөсөө Европыг тэр чигт нь устгана гэж ярьж байсан.
-Арабын ертөнцтэй Монгол Улс маань ямар нэг бизнес хийж болох юм уу, эсвэл үгүй юу. Үүнийг та хэрхэн ажиглаж дүгнэсэн талаараа ярихгүй юу?
-Ажиллаж байх хугацаандаа Монголын Элчин сайдын яам ч гэсэн үүнд анхаарлаа хандуулж байсан. Газрын тосны чиглэлээр манай улс булангийн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Цаашлаад Эмират, Катартай энэ тал дээр харилцан хамтран ажиллах саналтай байгаагаа Элчин сайдын яамаараа дамжуулан хүсэлт тавьсан. Тэд нар ч гэсэн бидэнд харилцан хамтран ажиллана гэдгээ амласан. Хөрөнгө оруулалтын том эх үүсвэр мэдээж тэнд байна. Кувейтийн сангаас манай замыг засахад олон хөтөлбөр, төслийн дагуу тусалсныг мэдэх байх. Мөн манай улсаас Арабын ертөнцөд нийлүүлэх нэг түүхий эд нь малын мах байна. Ялангуяа хонь, үхрийн мах тэнд их эрэлт хэрэгцээтэй гэж тэд ярьж байсан. Саяхан Египетээс онгоцоор 15 тонн үхрийн мах авч байна билээ. Миний мэдэхээр монгол хонины ноос, ямааны ноолуураар Египетийн нэг компани нэлээд олон жил ноосон хувцас үйлдвэрлэж байсныг санаж байна.
-Энэ чиглэлээр та хоёр орны хувьд хөгжих боломжтой гэж та үзэж байна уу?
-Мэдээж боломжтой байлгүй яахав. Энэ чиглэлд их олон гарц, хамтын ажиллагаа байгаа гэж дүгнэдэг шүү.
-Манай Элчин сайдын яам Арабын орнуудад Египетээс гадна өөр хаана байдаг вэ?
-Кувейт улсад байдаг.
-Цаашдаа өөр ямар Арабын улсуудад Элчин сайдын яамаа байгуулах гэж байгаа вэ. Энэ талаар ямар нэгэн бодлого хэрэгждэг үү?
-Байлгүй яахав. Гадаад харилцааны бодлогын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан байдаг юм. 2001 онд Катар улсаас манай улсад Элчин сайдын яамаа байгуулаач ээ гэсэн санал тавьж байсан. Бид тусгай хөнгөлөлтүүд эдлүүлье гэсэн санал ч олон удаа тавьж байсан. Би саяхан Саудын Арабт очоод Гадаад харилцааны яамны сайдтай нь уулзсан юм. Тэгэхэд “Танай улс Кувейт улсад Элчин сайдын яамаа байгуулж болсон юм бол яагаад манай улсад ч гэсэн байгуулж болохгүй гэж. Бид Кувейт улсаас тавьсан хөнгөлөлтүүдийг ч гэсэн эдлүүлж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр манай улсын хувьд илүү их боломж байна гэсэн үг юм л даа.
-Яагаад манайх шиг жижиг зах зээлтэй улсад ийм боломж тавьж байгаа юм бол?
-Иран улс ч гэсэн ийм санал тавьж байсан. Яагаад манай улсыг сонирхоод байна гэхээр мэдээж уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэл тэдэнд байсан. Уул уурхайн том үйлдвэрлэлд хамтран ажиллаж тэндээс ямар нэгэн ашиг хүртэх гэсэн санал цухуйлгаж байсан. Иран улс бол гадагшаа асар их хөрөнгө оруулалт хийдэг улс шүү дээ. Тийм учраас Монголын барилга, зам тээвэрт хөрөнгө оруулахад бэлэн байна гэсэн. Мөн аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн энэ тал дээрх саналаа хэлээч гэж байсан.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.