Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Таны хүүхэд буруутай гэж үү?

Хаврын чуулган дөнгөж эхлээд байхад МАХН-ын бүлгийн хаалттай хуралдаан
дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг толгой
түрүүгүй загнаж билээ. Тэр нь УИХ-ын дарга нийслэлийн иргэдтэй уулзаж,
хөдөө орон нутгаар томилолтоор яваад ирсний дараа болсон явдал. УИХ-ын
дарга иргэдтэй хийсэн уулзалтуудынхаа дараа “Хүүхдийн мөнгөний олголтыг
зогсоосон нь түргэдсэн алхам болжээ. Иргэд, сонгогчид Хүний хөгжлийн
сангаас олгож буй 70 мянгаас илүүтэйгээр хүүхдийн мөнгөө авахыг
чухалчилж байна. Яагаад гэвэл энэ нь сар бүр тогтмол олгогддог, байнгын
орлого учраас гэр бүлийн амьжиргаанд тодорхой байр эзэлдэг болчихсон юм
байна. Тиймээс хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх талаар УИХ ажиллах
ёстой” гэдэг мэдэгдлийг хийсэн юм.

Харин Д.Оюунхорол гишүүн үүнийг
дараа, намын бүлгийнхээ хурал дээр “Бид сонгуулиар амласан 1,5 сая,
Хүний хөгжлийн сангийн мөнгийг арай гэж хүлээн зөвшөөрүүлж эхлээд байхад
УИХ-ын дарга намын бодлогын эсрэг зүйл ярилаа” хэмээн тархидсан. Гэвч
хүүхдийн мөнгийг эргүүлэн олгох нь зүйтэй гэдэг дээр хоёр нам аль аль нь
санал нэгдээд байгаа. Харин Д.Оюунхорол гишүүн өнгөрсөн баасан гаригт
нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийлээ. Тэр хүүхдийн мөнгийг эргүүлэн
олгохоор УИХ-аас ажлын хэсэг гарсан, гэхдээ энэ удаад хүүхдийн мөнгийг
ялгавартайгаар буюу орлого багатай, ядуу өрхийн хүүхдүүдэд олгохоор
хуулийн төсөл боловсруулж буйг мэдэгдлээ. Ингэснээр өмнө олгож байсан
хүүхдийн мөнгөнөөс тал хувь нь буюу 50 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт
төсөвт гарах юм байна.

Үүнийхээ үндэслэлийг эрхэм гишүүн “хүмүүсийн
амьдралын төвшин ялгавартай байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөж байна”
хэмээн тайлбарлажээ. Нэг хэсэг нь ажил эрхэлдэг, амин зуулгынхаа төлөө
гар хумхилгүй зүтгэдэг нь ажил хийдэггүй айл өрхийн хүүхдийн эрхийг
зөрчөөд байгаа юм гэнэ. Тиймээс хүүхдийн эрхийг зөрчихгүйн тулд Монголын
600 мянган айл өрх тэр чигээрээ тэнгэр харж, гараа хумхиж суугаад
төсвөөс тэтгэмж авах ёстой болж байна. Эсвэл ажилгүй, анхиагүй айлын
хүүхдийн эрхийг зөрчихгүйн тулд ажил эрхэлдэг хэсэг нь хүүхдийнхээ
мөнгөнөөс татгалзах хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь ажил
эрхэлдэг, боломжийн орлого олдог, амин зуулгаа аваад явдаг байсны төлөө
үр хүүхэд нь хохирох болж байна. Энэ  хаанахын ёс вэ, хүүхэд юунд
буруутай вэ. Монголчууд эртнээсээ ”Агтны алаг хөөрхөн, аяганы алаг
муухай” гэж ярьдаг нь учиртай. Энгийн ухамсрын түвшинд хүлээн
зөвшөөрөгдөөд ирсэн иймэрхүү ёс зүйн хэм хэмжээг төр засгийн түвшинд үл
ойшоож, ирээдүйн иргэддээ иймэрхүү “аяганы алаг” үзүүлээд эхэлбэл хойч
үеэ маань ямархуу бодолтой өсч өндийх вэ.

Уг нь энэ мөнгийг анх
гаргаж ирсэн учир шалтгаан нь хүүхдээр дамжуулж өрх гэрийг дэмжих,
ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийх зорилгоор  Ардчилсан намын мөрийн
хөтөлбөрт тусч, бага гэлтгүй төсөвт суусан мөнгө нь эзэддээ хүрээд
байсан зүйл. Гэвч МАХН-ын сонгууль тулгаж амласан эх орны хишгийн эхлэл
болох 70 мянган төгрөгийг хуваарилахын тулд хүүхдийн мөнгийг 20 мянга
болгох Ардчилсан намын амлалтаас ч ухран байж хүүхдийн сар бүрийн 3000,
улирал тутмын 25 мянгыг төсвөөс авч хаясан билээ. Гэвч эцэст нь эцэг
эхчүүд иргэн бүрт өгөх эх орны хишгээс илүү хүүхдийнхээ мөнгийг нэхэж
эхэлмэгц УИХ, Засгийн газар иймэрхүү маягаар хариу барьж байгаа юм
байна.

Ажлын хэсгийн дарга нь Д.Оюунхорол, гишүүд нь Н.Батбаяр,
Р.Гончигдорж, Р.Буд, Д.Дондог нар. МАХН-ын гишүүдийн хувьд яая гэх вэ,
намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс бусдыг үл ойшоодог юм гэхэд
Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын хувьд хүүхдийн мөнгөний учир холбогдол
болоод зорилго чиглэлийг хэнээр ч хэлүүлэхгүй сайн мэдэх хүмүүс. Герман
болоод бусад олон оронд хүүхдийн мөнгийг олгодог, ингэхдээ өрх гэрийн
орлого хийгээд ажил эрхлэлт, амьдралын түвшин, нийгмийн давхаргаас үл
хамааран хүүхэд бүрт ижил тэгш олгодог хуультай. Манайд ч бас тэгж явж
ирсэн. Учир нь хүүхдийн мөнгө гэдэг улс орны ирээдүйдээ хийж буй хөрөнгө
оруулалт болохоос биш нийгмийн аль нэг хэсэг бүлэгт зориулсан халамжийн
тэтгэлэг биш. Тиймээс хэрвээ эрхэм гишүүд айл өрхийн ажилгүй, анхиагүй,
ядарсан, зүдэрсэн хэсгийг дэмжье гэж байгаа бол үүндээ Монголын 600
мянган өрх гэр бүрт ижил тэгш хүрч ирсэн “хүүхдийн мөнгө” гэдэг нэр
томьёог хулгайлахгүй байсан нь дээр. Харин хүүхдийн мөнгийг олгоё гэж
байгаа бол хүүхдүүдээ баян чинээлэг, ядуу хоосноор нь ялгаварлахгүйгээр
тэгш хуваарилах ёстой. Энэ бол иргэн бүр тэгш эрхтэй байх ардчиллын
зарчим. арин ядуу, бага орлоготой иргэдээ дэмжих халамжийн бодлого
бол үүнээс тэс өөр зүйл. Халамжийн тал дээр бол манай улс харин дэлхийд
дээгүүр зогсдогоос биш доош ороогүй байх.

Хүүхдийн
мөнгийг ялгавартай олгох нь зөв үү?

УИХ гишүүн Л.Гантөмөр:

-Иргэн болгонд
120 мянган төгрөгийг энэ жилд олгож байгаа. Тэр утгаараа төсөв
хүндрэлтэй байгаагаас үүдэж хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудал
тавигдсан байх. Гэсэн ч хүүхдийг ялгах хэрэггүй. Хүүхэд болгонд өгнө
гэсэн бодлого дээрээ хатуу зогсох хэрэгтэй. Ялгаварлал нь нийгмийг
хувааж байна. Хүүхдүүд том болоод чи хүүхдийн мөнгө авч байсан, би авч
байгаагүй гэж хоорондоо ярих нь байна. Энэ нийгэмд өсч бойжиж буй хүүхэд
бүр ижил эрхтэй байх ёстой. Мэдээж амьдралын боломж бага, ядуу айлын
хүүхдүүдэд мөнгө олгох нь зөв харагдаж байгаа боловч ирээдүйд энэхүү
асуудал нь нийгмйг хоёр хуваах юм биш үү гэсэн эмзэглэл төрүүлж байна.
Ер нь монголчууд байгалийн баялгийнхаа хуваарилалтыг цаашдаа хүүхдүүдээр
дамжуулан олговол хүүхэд эх оронч сэтгэлгээтэй болно. Ирээдүйдээ
итгэлтэй болно. Боловсролд нь зарцуулагдана. Боломжуудыг хүүхдүүддээ
нээж өгна. Насанд хүрэхдээ улс орныхоо газрын доорх баялгаас хишиг
хүртсэн хариуцлагатай иргэд болох болно.

УИХ-ийн гишүүн Ц.Шинэбаяр:

-Эх
орны хишиг сангаар иргэн бүрт 70 мянган төгрөг олгож байна. Ер нь 120
мянган төгрөг олгоно гэдэг чинь хүүхдэд олгох мөнгөтэй ойролцоо байна.
Иргэн бүрт олгож буй эх орны хишиг сангийн шинэ томёоллоор уг мөнгийг
нэмэгдүүлэх боломж бий. Иймд хүүхдийн мөнгө гэж ялгаж салгах шаардлага
байхгүй. Харин ч хүүхдийн мөнгөнөөс илүүг олгох боломж эх орны хишиг
сангаар нээлттэй.  Тиймээс тусад нь авч үзэх шаардлагагүй.  Хэрэв
хүүхдийн мөнгө гэж оруулбал эх орны хишиг сангийн төлөвлөгөө, олон
боломжийг хаах эрсдэлтэй. Хүний хөгжлийн сангийн хуулиар авч үзвэл
хамаагүй илүү үр дүнтэй.

УИХ-ийн гишүүн С.Оюун

-Хүүхдийн
мөнгийг урьд нь өгдөг байсан системийн дагуу өгөх нь зүйтэй.  Сар
болгон, улирал болгонд өгдөг журмаараа үргэлжлүүлсэн дээр гэж бодож
байна. Анхнаасаа амжиргааны түвшингээс доогуур хүүхдэд өгдөг байсан бол
одоо ингэж үргэлжлүүлж болно. Гэтэл нэгэнт тогтсон систем байгаа шүү
дээ, түүнийгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин ч нэмэгдүүлэх ёстой гэж үзэж
байна. 10 мянгыг  20 мянга болгох нь зүйтэй гэж сая болсон  Иргэний
Зориг Намын арван жилийнхээ ойн хурал дээр байр сууриа илэрхийлсэн.  Ер
нь бид бэлэн мөнгө тараахыг эсэргүүцдэг ч ганц дэмждэг мөнгөний амлалт
бол хүүхдийн мөнгийг олгох явдал юм. Нийт иргэдийн 32 хувь нь амжиргааны
баталгаажих түвшингөөс доогуур амьдарч байна. Амжиргааны баталгаажих
түвшнээс дээгүүр амьдардаг айл өрхүүдийн ч гэсэн мөнгө нь амьдралдаа
хүрэхгүй байна. Эмч, багш нар ядуу айлд орохгүй ч гэсэн цалин мөнгө нь
хангалттай биш байна.  Иймд одоохондоо хүүхдийн мөнгө дийлэнхи айл
өрхийн амьдралд хэрэг болж байна.

-Ялгавартай олгохыг
дэмжихгүй байна. Нэг хэсэг нь авчихаад нөгөө хэсэг нь авахгүй байх нь
тийм зөв шийдэл биш.
Цэрэндорж (77 настай)

-Адилхан
хүүхдүүд юм чинь ялгаваргүй олгох нь зөв. Манайхан хүүхдүүдэд чихэр
тараахдаа том жижиг гэж ялгалгүй л өгдөг шүү дээ. Харин хүүхдийнхээ
мөнгийг авахгүй байх эрх нь амьдралын боломжтой хүмүүст угаасаа байгаа. 

Б.Бавуу (48 настай)

-Ялгавартай тогтоох нь
маргаан дагуулна. Манай хүүхдийг оруулсангүй гээд маргах хүн гарна.
Тэгээд оруулах эсэхийг шийдэх эрх нь хэн нэгэн албан тушаалтанд очно.
Өнөөх л авлига, ая тал засах явдлууд гарах болно.
Н.Чимэг (50
настай)

-Хүүхдийн мөнгө л гэдэг нэртэй юм чинь хүүхэд
бүрт олгосон нь дээр. Хүүхдийн мөнгөөр амьдардаг олон хүн байна шүү дээ.
Тэдэнд мөнгө хэрэгтэй байна. Харин тэр мөнгө хэрэггүй баячууд нь бол
заавал авах гэх ч үгүй.
Очир (29 настай)

-Хүүхдийг
баян, ядуугаар нь ялгаж салгах хэрэггүй. Хүүхдэд өгье л гэсэн сэтгэл
байвал өгсөн нь зөв. Ялгавар гаргаж болохгүй.
Анхбуян (33
настай)

-Миний бодлоор баян хүмүүс Монголын ард түмний
маш цөөн хэсэг. Болж өгвөл тэдэнд өгмөөргүй л байгаа юм. Гэхдээ маш
цөөхөн хүмүүс баяжсан, дийлэнхи монголчууд нь мөнгөний асуудалтай байгаа
нөхцөлд ялгавар тогтоох нь нэг их үр дүнтэй арга биш байх.
Магсар
(47 настай)

-Амьдралын бүрэн боломжтой хүмүүс
хүүхдийнхээ мөнгийг авахгүйгээр хүүхдийн санд төвлөрүүлдэг байх
боломжийг нь бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчинг нь бий болгох хэрэгтэй.
Хүүхдийн мөнгө нь хангалттай биш амьдралтай хүмүүс зөндөө байна шүү дээ.

Сүхбаатар (40 настай)

-Сум аймгийн түвшинд
баян хоосны ялгаа бараг байхгүй. Хотод л ялгаа байдаг бол хөдөө орон
нутагт амьдрал бараг л ижил.
Цэрэндулам (43 настай)

-Ялгавартай
байсан нь дээр гэж бодож байна. Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй. Сард
сая төгрөгний цалинтай байсан ч гурван мянгыг авах гээд л зогсох хүн
олон бий. Тэдгээр хүмүүст мөнгө өгөх шаардлага байхгүй. Тэгснээс ядуу
хүнд тэр мөнгийг нь нэмж олговол хамаагүй үр дүнтэй. 
Буяндэлгэр
(35 настай)

Б.АЛТАНСҮХ
Э.МАНДАХ
Б.СЭМҮҮН

2010 оны 5 сарын 10 нд News.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж