Баруунд аль эртнээс л хурдан морь гэдэг хөрөнгөтэй бэлтэй, ихэс дээдсийн зугаа хобби байсаар ирсэн. Тиймдээ ч уралдаануудад зэрэглэл тогтоож, хүссэн болгон нь үзэх боломжтой уралдаан байхад мөнгөтэй ч хэргэм зэрэггүй бол хамраа ч шургуулах эрхгүй нь бас байдаг аж.
Тэрхүү өндөр зэрэглэлийн нэр хүндтэй уралдаанд элит буюу дээдсийн хүрээнийхэн л тусгай урилгаар оролцдог. Олон зууны түүхтэй энэ хэв маяг орчин үед ч эвдэгдээгүй бөгөөд газрын тосноос олсон мөнгөө өөрсдийнхөө төлөө болон ард түмнийхээ төлөө ухаалгаар зарцуулж чаддаг Арабын хунтайж нарын 1996 онд үүсгэн байгуулсан Дубайн дэлхийн цом буюу The Dubai World Cup нь дэлхийн хамгийн залуу боловч хамгийн нэр хүндтэй морин уралдаан юм. Дэлхийн морин уралдааны улирал үүгээр эхэлдэг болсон нь ч үүнтэй холбоотой биз.
Дөрвөөс дээш насны 2000 метр замыг хамгийн богино хугацаанд туулсан морь аваргалж, санаанд оромгүй өндөр бай шагнал хождог энэ уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс 60 мянган доллар төлөх ёстой. Тэгээд морьдынх нь уяа сойлго сайн таарсан байвал хэдхэн минутын дотор 6 сая долларын хожлын сангаас 2 сая гаруйг нь шагнал болгон авдаг. Энэ уралдааны түүхэнд Дубай Милениум гэсэн нэртэй 4 настай азарга 2000 метрийг 1 минут 59,50 секундын дотор туулж дээд амжилт тогтоож байжээ. Энэ гайхамшигт хүлгийн давхилыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн баян, хамгийн нэр алдартай хүмүүс өөрийн онгоцоор хүрэлцэн ирж байсан аж.
Их Британид явагддаг Royal Ascot морин уралдаан нь их мөнгө гэхээсээ илүүтэйгээр хамгийн их хэргэм цолтон, эртний угсаа гарвалтай язгууртнууд цугладгаараа алдартай. 6-р сарын 17-21-ны өдрүүдэд явагддаг энэ уралдааныг анх 1711 онд хатан хаан Анна үүсгэж байжээ. Английн язгууртнууд хямсгар, их зантайгаараа алдартай болохоор цол хэргэмгүй хүмүүсийг уралдааныхаа үзэгчээр барагтай бол урьдаггүй байсан төдийгүй үзэгч эрчүүд, эмэгтэйчүүд нь ямар хувцас өмсөх ёстойг хүртэл заан, түүнийгээ чандлан биелүүлдэг байсан гэдэг. Тэрхүү дүрмээс өчүүхэн төдий л зөрвөл эелдгээр хөөн гаргадаг байсан аж. Энэ морин уралдааны дундуур эмэгтэйчүүд нь хамгийн хээнцэр, ганган малгайгаараа бас давхар өрсөлддөг гэдгээрээ онцлог.