Бичил уурхайн аюулгүй байдлын талаар сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Бичил уурхайн аюулгүй байдлын талаар сургалт боллоо

2010 онд бичил уурхайн хууль эрхзүйн орчныг Засгийн газраас баталж гаргасан билээ. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газартай хамтран “Тогтвортой бичил уурхайн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн урилгаар доктор Майкл Прийстр бичил уурхайчдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж, эрүүл орчинд ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх болон эрүүл ахуйн хамгийн үр дүнтэй тогтолцоо бий болгох талаар зөвлөгөө өгөхөөр ирээд байна. Тэрээр, энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Майкл Прийстрийн хэлж буйгаар, Засгийн газар болон бичил уурхайчдын хоорондын нягт холбоог бүрдүүлэх нь хамгийн үр дүнтэй арга ажээ.
Тэрээр бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг сайжруулах дараах таван чиглэлийг барьж ажиллавал бодит үр дүнд хүргэнэ гэж үзэж байгаа аж. Үүнд:

1.    Бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвээр байнгын сургалтад хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагуудын тухай мэдээллийг байнга хүргэж байх.
2.    Орон нутагт ажиллаж байгаа холбогдох талуудыг бичил уурхайн ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамруулах.
3.    Бичил уурхайчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамруулах.
4.    Олон талыг хамруулсан Бичил уурхайчдын ХАБЭА-н зөвлөл байгуулах
5.    Тогтвортой бичил уурхайн төслийн хэрэгжилтийн хугацаа дууссаны дараа энэхүү ажлыг тогтвортойгоор үргэлжлүүлэн явуулах асуудлыг баталгаажуулах бодлогын түвшинд зөвшилцөлд хүрэх

Түүний хэлснээр бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тал дээр Монгол улсын Уул уурхайн Аврах алба гол үүрэг гүйцэтгэх нь чухал гэнэ. Майкл Прийстр манай оронд хоёр долоо хоног ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Г.Батболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж