Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын албаны хүмүүс өнгөрсөн наймдугаар сарын 30-31-нд Ираны нийслэл Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ХVI дээд хэмжээний уулзалтад оролцсон бол есдүгээр сарын 1-2-нд Иран улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал, дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд дэлхийн 120 гаруй орон гишүүнчлэлтэй, НҮБ-ын дараа ордог томоохон байгууллага аж. Эл байгууллагаас санаачлан зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн оролцож Монгол Улсын гадаад бодлогын зорилт, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үедээ ямар бодлого шийдвэр хэрэгжүүлж буй гээд олон асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Улмаар энэхүү дээд хэмжээний уулзалтаас Тегераны баримт бичиг батлагдсан бөгөөд түүнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалахуйц олон асуудлуудыг багтааж чадсан нь хамгийн олзуурхууштай аж. Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс НҮБ-тай нэлээн томоохон зөвшилцөлд хүрчээ. Тэр нь Хойд Солонгост НҮБ-ын шугамаар дамжуулан үр тарианы тусламж үзүүлэх тухай юм. Хойд Солонгосын зүгээс ч манайд энэ асуудлаар өмнө нь олон удаа асуудал тавьсан, нөгөө талдаа Монгол Улсын хувьд буудайгаар тусламж үзүүлэх боломжтой, импортлох хэмжээнд хүрчихсэн, дотооддоо бол бүр улаан буудайн хувьд хэрэглээ талаасаа илүүдэлтэй.
Харин Иран улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улсын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманей тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, Иран дахь Монголын түүх соёлыг судлах чиглэлээр тодорхой шийдэлд хүрч чадсан байна. Түүх сөхвөл, Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Ил хаант улсын хаан Өлзийт тус улсад засаглаж байхдаа лалын аядуу зөөлөн урсгалыг хөгжүүлэх суурийг тавьсан байна. Нөгөө талаас Ил хаант улсын үед Өлзийт хааны бунхан баригдсан, мөн одон орон судлалын төвүүд байгуулагдсан байдаг. Тодруулж хэлбэл, монголчуудын нэн эртний түүхтэй холбогдох түүхэн сурвалж бичгүүд Иран улсад олноор хадгалагдаж байдаг, монгол бичгээр бичигдсэн түүхэн эх сурвалжууд ч олон бий. Энэ нь монголчуудын түүхийг судлах асар их эх сурвалжууд өнөөг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд хоёр талын эрдэмтэн судлаачид оролцсон Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр судалгааг эхлүүлэхээр болж шийдэлд хүрчээ. Мөн хоёр орны түүхчид оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах шийдэлд хүрсэн байна. Хоёр улсын зүгээс мөн тэтгэлэгтэйгээр харилцан судлаач бэлтгэх чиглэлээр албан ёсны шийдвэрт хүрсэн гэнэ.
Айлчлалын үр дүнг баталгаажуулах бас нэг мэдээлэл бол хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд судалгаа хийхээр болжээ. Эхний ээлжинд албан ажлаар явж байгаа хүмүүсийн визийн нөхцлийг хөнгөвчлөх боломжтой гэж хоёр тал ярилцсан байна. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр хоёр тал судалгаа хийх гэнэ.
Түүх сөхвөл Монгол Улс нь Иран улстай 1971 онд дипломат харилцаа тогтоож байжээ. Улмаар Ю.Цэдэнбал агсан сайд нарын зөвлөлийн дарга байхдаа буюу 1973 онд Иран улсад айлчилж байсан, түүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад албан ёсны айлчлал хийсэн нь 40 гаруй жилийн дараах харилцааг сэргээсэн түүхэн айлчлал болж буй аж. Харин Иран улсын нийгмийн байдлыг товч танилцуулахад 80 сая гаруй хүн амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн 20-т жагсах гүрнүүдийн нэгд бас тооцогдож байна.