Гэрийн гадаа аргамжаатай бяцхан хүүгийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Гэрийн гадаа аргамжаатай бяцхан хүүгийн эрэлд

“Нинжа” гэх тодотголтой гар аргаар алт олборлодог хүмүүс хамгийн олонтой гэдгээрээ алдартай Төв аймгийн Заамар сумыг өнгөрөгч баасан гаригт зорив. Алт олборлогчдын хэрэглэдэг химийн бодисонд хордож, оюун санаагаа алдсан бяцхан хүүг аав, ээж нь гэрийнхээ гадна байнга аргамжаатай байлгадаг гэх мэдээллийн мөрөөр бид Заамар сумыг зорьсон юм. Сураг сонсоход гэрийнхээ гадна урт уяанд “дөнгөлөгдсөн” бяцхан хүү байдаг гэнэ. Хүүг дэмий тэнээд явчихаас болгоомжилж уядаг гэдгийг тэр хавийн хүмүүс ерөнхийдөө мэддэг аж. Эцэг, эх нь ч ийм хүүтэйгээ олонд мэдүүлэх дургүй тул айлуудаас зайдуу буудаг талаар хүмүүс ярьцгаадаг гэх. Энэ зун албаны шугамаар Заамар сумыг зорьсон манай сонины нэгэн уншигч дээрх мэдээллийг бидэнд дамжуулсан. “Хүү гэрийнх нь ойрхон өнгөрсөн машин тэрэг, хүн амьтан руу хар хурдаараа гүйж очих ч уяандаа татагдаад уначихдаг. Тэгээд босч зогсоод инээгээд байдаг юм билээ” хэмээхийг харсан, үзсэн хүмүүсээс нь сонсов. Итгэхэд бэрх ийм нэг  мэдээллийн мөрөөр Заамарыг зорьж гарлаа.

Төв аймгийн Заамар сум Улаанбаатар хотоос 226 км зайтай. Бид зургаан цаг гаруй явж зорьсон газраа очив. Өглөө эрт хотоос гарахад цэлмэг байсан тэнгэр харанхуйлж, бороошин замын турш бороо орсон болохоор шавар, шалбаагтай замыг арайхийж туулан хоёр ч удаа шаварт суун байж зорьсон газраа очсон.  

Сумын төвөөр ороод юуны түрүүн хүүг байгаа зүг чигийг заалгах санаатай гудамжинд явж байсан иргэдтэй уулзлаа. Эхний таарсан хүн “Энэ зун тиймэрхүү юм манай сумынхан яриад байсан. Би яг өөрийн нүдээр хараагүй” гэсэн бол дараагийн хүн “Нээрээ тийм нэг хүүхэд байдаг юм билээ” гэв. Яг хаахна байдгийг түүнээс лавлахад “Хайлааст баг руу ертөнцийн зүгээр чанх урдаас нь ороход нинжа нарын гэрүүд байгаа. Зүүн гар талын нүүрний эгнээний зайдуухан байгаа ганц гэр” гэсэн. Ингэж “газрын зураг”-аа гаргаж авсан бид Хайлааст багийг зорьж хөдөлсөн боловч машин маань шавар шалбаагтай замыг туулж барсангүй. Сумын төвөөс дөнгөж гараад замын хажуу талын жалга руу машин маань гулсан орж, жалганд суучихлаа. Өргөж дийлэхгүй, түрээд гаргаж чадахгүй гайхшаа баран байтал “Портер” машинтай нутгийн иргэд таарч татаж гаргаж өгсөн. Тэд шөнөжингөө орсон бороонд шороон зам дэвтэж, жижиг машинтай явах ямар ч аргагүй байна. Бид арай хийж ирлээ” гэсэн болохоор бид яах ч аргагүй замын дундаас буцлаа. Сумын Засаг даргын тамгын газраар ороход Засаг даргын орлогч  Ч.Баярцэцэг байж таарснаар түүнтэй яриа хөөрөө өрнүүллээ.

Ч.Баярцэцэг: Хүмүүс алттай шороогоо “портер” машинаар ачаад гол руу аваачиж, угаадаг

-Танай суманд бичил уурхайчид буюу гар аргаар алт олборлодог хэчнээн иргэн байдаг вэ?

-Сумын хэмжээнд 700 орчим хүн байна. Дийлэнх нь Хайлааст багт ажилладаг. Төмстэй, Тосон гэх мэт багт цөөнх нь байрладаг. Ерөнхий боловсролын сургууль амарсны дараа бусад аймгаас иргэд гэр бүлээрээ нүүн ирж алт олборлодог. Тиймээс зуны цагт хүн их нэмэгдэнэ. Гэхдээ 2006 оныг бодвол бичил уурхай эрхлэгчид харьцангуй цөөрч байгаа. Тухайн үед хүмүүс маш их нэмэгдэж дийлдэхээ больсон учир Улаанбаатар хотоос 805 дугаар ангиас цэргүүд ирж хүмүүсийг хөөж гаргасан. Харьяаллынх нь дагуу аймаг, аймгуудын цагдаагийн байгууллагад хүмүүсийг хүргэж өгсөн. Тэр үед 8000 “нинжа” байсан бол сүүлийн үед зуны улиралд 1000 гаруй ирдэг болсон. Бусад үед хамгийн ихдээ 700 орчим байдаг. Саяхан улсын хэмжээнд “нинжа” нарын тооллого явагдсан. Манай суманд тооллого дууссан. Энэ тооллого наймдугаар сард дуусах байсан ч улсын хэмжээнд ирэх арваннэгдүгээр сар хүртэл сунгасан байна лээ.

-“Нинжа” нарын дунд хүүхдүүд олон байдаг уу?

-Манай суманд хүүхдүүд харьцангуй цөөн байдаг. Зуныхаа амралтаар эцэг, эхээ дагаж ирдэг цөөхөн хүүхэд бий. Хүүхдүүдийг ажиллуулахгүй байх тал дээр сумын захиргаа хяналт тавиад байж чаддаггүй болохоор тодорхой тоог нь сайн мэдэхгүй байна.

-Хүмүүс гар аргаар алт олборлохын тулд химийн хортой бодис хэрэглэх нь элбэг байдаг. Танай суманд энэ асуудал ямар байна?

-Манай сумын нутаг дэвсгэрээс олборлож буй алт том ширхэгтэй гардаг учир цианит, мөнгөн ус болон бусад химийн бодис хэрэглэх шаардлагагүй байдаг, хэрэглэдэг ч үгүй. Зөвхөн усаар зайлж ялгаж авдаг. Гэхдээ “нинжа” болоод уурхайнууд алт ялгасан бохир усаа шууд голруу асгадаг болохоор голын усыг их бохирдуулж байгаа. 

-Танай нутгаар Туул гол урсдаг байх аа. Голын эрэг хавиас алт олборлодог юмуу?

-Үгүй. Голоос зайтай газарт олборлолт хийгдэж байгаа. Хүмүүс алттай шороогоо “Портер” машинаар ачаад голруу аваачиж, голын эрэг дээр угаадаг юм.

-Хүмүүс алтаа ер нь багцаа үнээр ямар үнээр худалдаж, борлуулж байх шиг байна?

-Алтны ченжүүд 3.7 граммыг нь 208 мянга төгрөгөөр худалдан авч байна гэсэн.

-Танай сумын нутаг дэвсгэрт хэчнээн аж ахуй нэгж алт олборлож байна вэ?

-“Алт” хөтөлбөр хэрэгжиж байх үед 40-өөд аж ахуй нэгж байсан.Одоо 15 орчим байгаа. “Шижир алт”, “Зэрэгцээ”, “Мон дулаан”, “Алтан дорнод Монгол” гэсэн компаниуд байна. “Шижир алт” одоо нөөц нь дуусч байгаа учир хаалтынхаа төлөвлөгөөг хийж байна. Ихэнх уурхай Хайлааст багийн нутаг дэвсгэрт байдаг болохоор уурхайг дагаад гар аргаар алт олборлогчид тус багт их очдог. Сумын нийт хүн амын 60 орчим хувь нь тус багт амьдарч байна. Алт их гардаг, бусад багаасаа амьдралын баталгаа өндөр гэдэг утгаараа Хайлааст багт хүмүүс их очдог. Тосон багт гурван уурхай бий.

-Компаниуд сумын иргэдийг авч ажиллуулдаг биз дээ?

-Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ хийдэг боловч авч ажиллуулах нь цөөхөн. Гэрээнд Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол манай сумын иргэдээс ажилд авах ёстой гэж заадаг ч компаниуд хэрэгжүүлэхдээ хойрго. Жижиг уурхайд хоёр гурав, томоохон уурхайнуудад нийлээд 80 орчим хүн л ажиллаж байгаа даа.

-Аж ахуй нэгжүүд жилд төчнөөн хэмжээний алт олборлолоо гэдэг тайлангаа гаргаж өгдөг үү?

-Аж ахуй нэгжүүд жилд тухайн онд нөхөн сэргээлт хийсэн ажил болон олборлосон алтныхаа хэмжээг заасан тайлан гаргаж өгдөг. Мөн дараа жилийнхээ үйл ажиллагааны тайланг батлуулдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд  нөхөн сэргээлт хийсэн байдлаа ч тайлагнаж байгаа. Бид нөхөн сэргээлт хийсэн газар дээр нь очиж танилцдаг. Компаниуд сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт сайн хийж байгаа. Ноднин жил “Мон дулаан” дээр нөхөн сэргээлт хийх арга, технологийн үзүүлэх сургууль хийсэн. Энэ жил “Шижир алт”, “Зэрэгцээ” компани энэ сургуулилтыг явуулсан. Энэ төрлийн сургуулилтыг өмнө нь орон нутагт огт хийж байгаагүй. Манай сумынх анхных нь. Энэ их ач холбогдолтой болж байгаа.

-Ийм олон алтны компани байлаа гээд танай сумын хөгжилд нөлөөлж байна уу?

-Компаниуд суманд албан татваруудаа өгдөг. Тухайлбал, Ус ашигласны төлбөр суманд, Газар ашигласны төлбөр аймгийн санд ордог гэх мэтчилэн гурван шатны орлого төвлөрүүлдэг. Сүүлийн жилүүдэд сумынхаа хөгжилд зориулан тодорхой хэмжээний хандив өгч байгаа.

Ч.Баярцэцэг даргатай ярилцаж байхад Хайлааст багийн засаг дарга Ч.Ганцэцэг орж ирлээ. Багийнхаа  иргэдийн  цахим иргэний үнэмлэхийг авахаар ирсэн гэнэ. Ч.Ганцэцэгтэй ийнхүү ярилцлаа.

Ч.Ганцэцэг: Хүүхэдтэй айл нүүгээд явчихсан

-Танай багт гар аргаар алт олборлогчид хамгийн их байдаг гэнэ. Одоо хэчнээн хүн байна  вэ?

– 600 гаруй байгаа байхаа.

-Эмх цэгц хэр байна?

-Иргэд анхандаа уурхай­нуудын хаягдал шороон дээр ажилладаг байсан бол одоо эрүүл газар хүртэл ухах болсон нь нэлээд бэрхшээлтэй байгаа. Техник хөгжсөн тул алт хайгч аваад л хаа сайгүй явж байна. Зарим газар бараг хүрзээр эргүүлээд л гардаг гэсэн. Хүний гар хүрээгүй байсан жалгануудыг хүртэл ухаад одоо эрүүл газаргүй боллоо.

-Ийм байдлыг нь зогсоох боломжгүй байна уу?

-Манай багийн 400 гаруй иргэд ажилгүй. Бид нэгэнт ажлын байраар хангаж чадахгүй болохоор гар аргаар алт олборлохыг нь болиулах боломжгүй.

-Гар аргаар алт олборлогчдоор  нөхөн сэргээлт хийлгэдэг үү?

-Тэд нөхөн сэргээлт хийдэггүй. Бид бүхний санаагаар болдог бол алт илэрсэн газар бусад аймаг, сумын хүмүүсийг ажиллуулахгүй хөөгөөд сумын­хаа иргэдийг ажиллуулж, нөхөн сэргээлтийг өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй байна. Гэвч ийм нөхцөл боломжийг дээрээс бүрдүүлж өгөхгүй байна. Хэрэв энэ сумын иргэд зөвхөн энд алт олборлодог болчихвол тэдэнтэй буцаагаад хариуцлага тооцоход буух эзэн, буцах хаягтай болно. Сумын захиргаа 10 га газарт бичил уурхайчдаар алт олборлуулж, нөхөн сэргээлтийг нь өөрсдөөр нь хийлгэж болно гэсэн шийдвэр гаргаад Ашигт малтмалын газраас зөвшөөрөл хүссэн ч “Зөвшөөрөл олгох боломжгүй. Гурван тонн нөөцтэй газар байна” гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл тухайн газар гурван тонн нөөц байх ямар ч боломжгүй. Иймэрхүү асуудлаас болоод газар шороогоо ухуулаад аль ч үгүй хоцорч байна. Орон нутагт үлдэж байгаа юм байхгүй, иргэдийн амьдрал дээшлэхгүй байна. Заамар сум алт ихтэй баян гэж яриад байдаг болохоос манай сумын иргэд үнэхээр ядуу.

-Өөр ажлын байр байхгүй юу?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гэсэн төсвийн хэдэн байгууллага л цалинтай ажилтай. Бусад иргэд малгүй бол амьдрах нөхцөл алга. Гэтэл уурхайнуудаас болоод мал их хэмжээгээр хорогдож байна. Жижиг, дунд үйлдвэр байхгүй. Энэ бүхнийг төр бодлогоороо шийдвэрлэх хэрэгтэй. Манай баг хүн ам, орон сууцны тооллогоор 4000 гаруй иргэнтэй гэж тоологдсон. Гэтэл тэр иргэдээс 2237 иргэн, 611 өрх нь Заамар сумын харьяат. Үлдсэн нь бусад аймаг, сумынх. Хүн амын механик өсөлт ихтэй. Тиймээс ажлын байр хамгийн тулгамдсан асуудал болж байна. Уг нь санаагаар болдог бол сум бүрт ямар нэгэн үйлдвэр заавал байх хэрэгтэй. Ажлын байр байхгүйгээс л манай сумын иргэд гэхэд  бүгд шахам алт ухахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа.

-Энэ зун танай багт шинээр алтны судал илэрлээ  гэж сонсогдсон?

-“Ар саарын жалга” гэдэг газар саяхан алтны судал илэрсэн. Тэнд 700 гаруй хүн гар аргаар алт олборлож байгаад одоо тарж эхэлж байна. Шинэ судал илрээгүй үед алтны компаниудын ухаад явсан хуучин хаягдал дээр ажилладаг. Шинээр илэрсэн судлаас алт ер нь их гардаг шүү. “Шижир алт” гэхэд л уурхайгаасаа 16 тонн алт олборлосон.

-Олборлолт хийсэн газар ажиллаад юм гарах уу?

-Янз янз байдаг. Зарим өдөр 2000 төгрөг оллоо гэхэд зарим өдөр нь 20000 төгрөг ч олох тохиолдол бий.

-Танай багт нэг айл химийн бодисонд хордоод сэтгэцийн гажигтай болсон хүүхдээ гэрийнхээ гадаа уяатай байлгадаг гэсэн юм сонсогдлоо. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэр айл нүүгээд явчихсан байна лээ. Сая, хэдхэн хоногийн өмнө айлуудаар явж байхад тэр айл байгаагүй. Архангайн нэг айлд гэрээ түрээслүүлчихээд нүүгээд явчихсан байна. Тэр айл манай багийнх биш. Алтбанбулаг сумынх байсан. Бодвол сумруугаа нүүсэн юм боловуу. Хаачсаныг нь мэдэхгүй байна. Тэдэнд шилжүүлэг хийлгэхийг олон удаа шаардаж байсан ч хүлээж аваагүй. Шилжүүлэг хийгдээгүй тул Хүний хөгжлийн мөнгөө ч авч чаддаггүй байсан. Тэднийх хоёр хүүхэдтэй. Сураг сонсоход бага хүүхэд нь ямар нэг химийн бодист хордсон бус төрөлхийн гажигтай, саажилттай гэсэн. Эцэг, эх нь архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс учир хоёр хүүхэд нь өөрснийгөө бөөцийлөөд ах нь дүүгээ асраад явж байгаа харагддаг.

-Гэрийнхээ гадна хүүхдээ аргамжчихдаг байсан юмуу?

-Мэдэхгүй. Ах нь дүүгээ тэргэн дээр суулгачихаад түрээд явж байгаа харагддаг.  Ер нь хүүхдээ ихэвчлэн гадаа байлгадаг. Тэнээд явчих байх гэж эмээсэндээ гэрийнхээ бүснээс уядаг байсан гэдэг юм билээ. Хүүхэд 16 нас хүртлээ эцэг, эхийн хараа хяналтад байх ёстой. Гэвч тэд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй хүмүүс байсан.

-Хүүхэд химийн бодисонд хордсон тохиолдол энд гарч байсан уу?

-Тийм зүйл байхгүй. Харин энэ жил бороо хур их орсноос болсон ч юмуу, ундны ус бохирдсноос ч болсон юмуу манай багт жоохон хүүхдүүдийн биеэр идээтэй тууралт гарсан байна. Сумын хэмжээнд ямар байгааг би сайн мэдэхгүй.

-Эмч нар ямар онош тавьж байх юм?

-Эмч нар оношийг нь сайн мэдэхгүй байгаа. Ундны ус их хэмжээгээр бохирдсоноос болсон байна гэсэн дүгнэлт л гарсан. Хүүхдэд цэвэр ус уулгахаар тууралт нь арилж байна гэсэн.

-Танай багийнхан ундны усаа хаанаас авдаг юм?

-Гол, горхи, булаг шанд бүгд алтны уурхайн балгаар ширгэж алга болсон болохоор манай баг цэвэр ус муутай. Малчид ундны усаа 10, 20 км газар явж Хайлааст багийн төвөөс зөөдөг. Одоо ундны усны хэрэгцээг хангаж байгаа ганц гол нь Туул болсон. Манай баг 126 малчин өрхтэй. Гэвч уурхайнуудад шахагдаад амьдрах газар нутаггүй болж байна. Өвөлжөө, хаваржаа гээд бүх зүйл нь энд байдаг, мал нь эндээ идээшээд нүүдэллэхээ байсан айлуудын хувьд хүндрэлтэй л байна. Нүүлээ ч гэсэн мал нь эргэж гүйж ирээд нүхэнд унаж үхэх тохиолдол олон. Зөвхөн уурхай ч гэлтгүй “нинжа” нарын ухсан нүх маш олон бий. Өнгөрсөн жил Дамдинпүрэв гэдэг айлын 22 адуу нэг нүхэнд унаж үхсэн. Мөн үхэр, хонь хүртэл унаж үхсэн. Одоо эр үхэр л гэхэд ойролцоогоор сая гаруй төгрөгийн ханштай байгаа. Энэ бүхнээс болж малчид их хохирч байна. Ямар ч хамгаалалтгүй шороонд “нинжа” нар өөрсдөө ч дарагдаж үхэх нь бий. Гэрэлтүүлэггүй тул шөнө мал байтугай хүн ч унаж амиа алдаж мэдэхээр болсон.

-Аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх эрх зүйн орчин ямар хэмжээнд байна?

-Ашигт малтмал олборлогч компаниуд 2010 онд гарсан стандартыг мөрдөж ажилладаг. Энэ стандартын дагуу олборлолт хийсэн газрын 60-70 хувийг нөхөн сэргээх ёстой байдаг. Гэхдээ зөвхөн энэ стандартаас гадна сум орон нутагт хэрэг болохуйц зүйлсийг хийж үлдээх хэрэгтэй гэсэн хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Манай багийн хүн ам сумын төвийн хэмжээнд хүрсэн байна. Тиймээс жимс жимсгэний мод тарьж үлдээгээд жимсний аж ахуй байгуулж ч болно. Нутгийн иргэд түүнийхээ үр шимийг хүртдэг бол цаашид бидэнд болоод үр хүүхдүүдэд минь хэрэгтэй юм даа.

Заамар сумын хариуцлагатай албан тушаалтнууд ийнхүү ярилаа.

Гэрийнхээ гадаа аргамжаатай байдаг хүүг эрж олох гэсэн бидний зорилго цаг агаарын бэрхшээлээс болоод энэ удаад бүтсэнгүй. Гэхдээ бид цаашид үргэлжлүүлэн эрэн сурвалжилж, хөөцөлдөх болно.

Ч.АРИУНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж