Ливан тамхины хориог эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Ливан тамхины хориог эсэргүүцжээ

Ливаны Засгийн газраас тамхидалттай тэмцэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын нэг болох зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний олон нийттэй харилцдаг газарт тамхи татахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн зарим ресторан, кафенуудын эзэд суулт зарласан байна. Мөн энэхүү хуулийн хүрээнд нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль зэрэг газруудад тамхи татахыг хориглоод аль хэдийн жилийн хугацаа өнгөрчээ. Хэрэв хэн нэгэн энэхүү хуулийг зөрчиж, олон нийтийн газар тамхи татсан тохиолдолд 90 ам.доллараар торгуулах юм байна. Харин кафе болон ресторануудад үйлчлүүлэгч нь тамхи татахад хараагүй мэт царайлан дуугүй өнгөрвөл тус газрын эздэд 2700 ам.доллар хүртэлх хэмжээний торгууль ноогдуулах гэнэ. Мөн тус хуулийн хүрээнд тамхи үйлдвэрлэдэг компаниуд зар сурталчилгаа болон ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулах хориотой бөгөөд тамхины хайрцагны 40 хувьд нь эрүүл мэндийн талаар анхааруулсан сурталчилгаа байрлуулах ёстой аж. Дээрх тамхины хориог эсэргүүцэгчдийн үзэж буйгаар тамхи бол хувь хүний амьдралын энгийн хэрэглээ бөгөөд үүнийг хориглосон шийдвэрийн торгууль дэндүү их байгаа аж. Мөн хэрвээ энэхүү хуулийг хэрэгжүүлбэл ихэнх зоогийн газар, кафе, ресторанууд хаалгаа барих гэнэ. Учир нь тэнд орж ирдэг хүмүүсийн ихэнх нь тухтай газар юм идэж, уунгаа тамхи татах дуртай байдаг бөгөөд үүнийг хоривол хүмүүс кафе, ресторанд орох нь эрс багасах юм байна. Ливаны хүн амд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 30 хувь нь, эрэгтэйчүүдийн 45 гаруй хувь нь архаг тамхичид байдаг байна. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль Ливанаас гадна АНУ болон Европын ихэнх оронд мөрдөгддөг юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж