
Си Жинпинийг ямар удирдагч болохыг таамаглахын тулд түүний эцэг Си Чунсюнийг сайн мэддэг байхад хангалттай хэмээн Хятадын коммунист намын даргын нэгдүгээр туслах асан Бао Тонг ярьжээ. Тэрбээр 1989 онд Тянь Ань Минийн талбайд оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэнийхээ төлөө долоон жил шоронд хоригдож, эцэст нь цагаатгагдсан юм.
Си Жинпинийн аав Си Чунсюнийн мэндэлсний 100 жилийн ойг ирэх оны аравдугаар сард ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэхээр Хятадын эрх баригчид төлөвлөсөн. Бээжин өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайванийн бие даасан статус Түвдийн ирээдүйн загвар ч байж магадгүй гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд асан, Тайпейгийн Тамканг их сургуулийн багш Чонг-Пин ярьжээ.
Тэрбээр Хятадын шинэ удирдагч гэгдэж буй Си Жинпинийг Түвд, Шинжаан, Уйгурын асуудалд илүү хүлээцтэй хандана гэж үзэж байгаа юм. Түүний хэлснээр Хятадын үе үеийн удирдагч нарт өмнөх засаглалаас үлдсэн шийдэгдээгүй асуудлыг шийдэх сорилт тулгардаг. Ху Жинтаогийн хувьд Тайвань толгойн өвчин байсан. Түүний өмнөх удирдагч Зянь Земин Тайванийг алдахгүйн тулд цэрэг армиар хүртэл далайлган, сүрдүүлж байсан билээ. Харин одоо Түвдийн асуудал бол Си Жинпинийг хүлээж буй том сорилт юм. Гэвч Си Жинпин Түвдийн асуудалд өмнөх эрх баригчдын адил бодлого явуулвал яах вэ гэдэг асуултад Түвдийн асуудлыг хариуцан ажиллаж байсан, намын тэтгэвэрт гарсан нэгэн гишүүн “Энэ асуудалд өөрөөр хандах хэрэгтэй. Си Жинпинь тэр бэрхшээлийг гадарлаж байгаа нь лавтай. Өндөржүүлсэн байнгын харуул, хамгаалалт, цагдалтаар Түвдэд тогтвортой байдлыг авчрахгүй. Манай эдийн засаг ч энэ их зардлыг цаашид хүчрэхгүй” хэмээжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Бээжин Түвдийг хөгжүүлэхэд тэрбум тэрбумаар тоологдох юанийг зарцуулсан бөгөөд 2006 онд Түвдийг Хятадтай холбох төмөр зам барих ажил бослого хөдөлгөөнөөс болж тасалдаж байжээ. Си Жинпинь улс төрийн тоглоомд хөзрөө хэнд ч харуулаагүй учраас түүнийг ямар бодлого баримтлахыг олон нийт таамаглаж чадахгүй байна. Харин ажиглагчид түүнийг Хятадын дарга Ху Жинтаогийн нэгэн адил улстөрчийн хувьд гойд ялгарахгүй ч нэг хүн шиг байх хятад бодлогыг тэргүүнд тавина гэж таамаглаж байгаа юм. Хятадын эрх баригчид Далай ламыг таалал төгссөний дараа л Түвдийн асуудал нэг тийш шийдэгдэнэ гэж ярьдаг боловч Түвдийн асуудал хариуцсан албаны нэгэн хүн “Далай ламын үхэл Түвдүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам дэврээж, бослого ч дэгдээж мэднэ” хэмээн ярьсан аж. Ван Лицин Далай ламтай хэд хэдэн удаа уулзаж, Түвдийн асуудлаар ном хүртэл бичиж байжээ. 2008 оны Бээжингийн Олимпийн өмнөх түвдүүдийн бослого, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарсан нь түвд лам нар амьдаараа зулын гол болоход хүргэж, олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм. Бээжингийн эрх баригчидтай сүүлийн 50 жилийн турш тэрсэлдэж буй Далай лам илүү хашир болсон ч Түвд хэзээ нэгэн цагт бие даасан улс болно гэдэг итгэл найдвараа алдаагүй. Дээрхийн гэгээн “Би баттай хэлж чадахгүй ч Дарамасалад ирсэн хятад найз нөхөд маань шинэ удирдагчид ихээхэн итгэж буйгаа ярьсан. Хятадын эрх баригчид Түвдийн талаарх бодлогоо эргэн харах шинж тэмдэг гарч эхэлсэн” гэжээ. Хятадын шинэ удирдагч Түвдийн асуудалд арай зөөлөн хандана гэдэг найдлага төрүүлж буй өөр нэг зүйл нь Си Жинпинийн эхнэр буддын шашинтай нэгэн аж. Гэвч Түвдийн олон дүрвэгч Хятадын ирээдүйн удирдагчийг Түвдийн асуудалд нааштай хандана гэдэгт эргэлзэж байгаа юм.