УИХ-ын чуулганыг завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг завсарлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжлэх аж. Чуулганыг завсарлуулахын өмнө хэлэлцсэн дээрх хуулийн төслийн тухайд тодруулбал, аймаг, сум, дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын удирдлагыг төвөөс нь шууд томилдог байхаар зааж өгсөн аж. Одоо бол тухайн шатных нь Засаг даргатай зөвшилцөж байж уг газруудын удирдлагыг сонгодог. Эл тогтолцоо нь төрийн байгууллага улстөржих, тэр тусмаа мэргэжлийн багаар хангах хүний нөөцийн бодлогыг алдагдуулах, дунд нь өмч хөрөнгө шамшигдах, тэр дундаа халамжийн чиглэлээр хэрэгжүүлж ирсэн олон улсын байгууллагын төслийн үр шимийг Засаг дарга нарт ойрхон хамаатан садан, танил тал нь авах зэрэг гажуудал бий болж байгаа тул энэ бүхнийг өөрчлөх зорилгоор төсөл санаачлагчид хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Гэвч хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын гишүүд “Энэхүү хоёр байгууллага нь босоо удирдлагатай болсноор төрийн байгууллага улстөржих хөрс суурийг нь засч өгч байна” гэж мэдэгдлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Ардчилсан намын гишүүд гурван сарын өмнө арай өөр зүйл ярьдаг байсан, одоо тэгтэл байр суурь 180 градус эргэчихлээ. Төслийг дэмжих бололцоо алга. Төрийн байгууллагыг мэргэжлийн багаар бүрдүүлж, хүнд суртлыг арилгая гэж байгаа бол удирдлагыг сонгох тогтолцоо одоогийнхоороо үлдэх ёстой” гэсэн юм. Харин төсөл санаачлагч УИХ-ын гишүүн  С.Одонтуяа “Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөрөнгийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн атал үр дүн харагдахгүй байгаа. Иргэд, хорооны даргыг яаж зулгуйдвал гурилтай болох вэ гэж сэтгэдэг болсон, үүн рүү төр иргэдээ түхлсэн, тиймээс л босоо удирдлагын тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж үзсэн. Одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ажилгүйдэл багасч, ядуурал буурсан бол хуулийн төсөл санаачлах шаардлагагүй байсан” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас үргэлжлэхээр дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж