УИХ-ын дарга таван настай Алтайн улиас тарив

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга таван настай Алтайн улиас тарив

Нийслэл хотоо ногоон бүс болгохоор зорьсон иргэд өнөөдрийг мод тарьж өнгөрөөж байна.   Сургууль, цэцэрлэг, албан газар, хувийн хэвшлийнхэн гээд бүгдээрээ л амралтын өдрийг мартан  ажил руугаа яарч, эргэн тойрноо тохижуулах, зүлэг мод   тарих ажилд шамдлаа.
Нийслэлийн зүүн дүүрэгт захдуухан орших  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хөгжим, дуу хангинаж, залуусын инээд хавь ойрыг цочоов. Голдуу Шинжлэх ухааны академийнхан жил бүрийн хавар мод тарьдаг энэ газар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ирж, мод тарьсан юм. Тэрээр энд  хуран цугласан  залуус, шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд, Баянзүрх дүүргийнхэнд хандан үг хэлж, мод тарих өдөрлөгийн ажиллагаанд нь амжилт хүслээ. Тэрээр:
-Ботаникийн хүрээлэн бол төрөл бүрийн модод нахиагаа дэлгэн ургадаг  нийслэл хотын нэгэн сайхан цэцэрлэг.  Энд би оюутан ахуй цагтаа мод тарьж байлаа, дараа нь Улаанбаатарт ажиллаж, алба хашиж байх үедээ ч мод тарьж байсан. Шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд эртнээс энэ цэцэрлэгт мод тарьж ургуулсаар ирсэн  уламжлалтай. Тиймээс тэдний тарьсан мод, ургамал шинжлэх ухааны үндэслэл, горимоор зөв сайхан ургадаг нь мэдээж.   Мод тарина гэдэг зүгээр нэг тарихын нэр бус. Тарьсан модоо усалж тордон, эргэж тойрч, сэтгэлээсээ арчилж чадвал мод гүйцэд сайхан ургах нь дамжиггүй. Одоо бидний тарих модод бол хаврын анхны тарилт, дараа нь намар дахиад мод  тарина.  Хавар тарьсан энэ модыг зуны турш ургуулж, тордох хэрэгтэй. Модыг өвөл ч мартаж болохгүй. Хүн бүр ингэж чадвал Улаанбаатар хот маань модоор дүүрэн ногоон хот болох ойрхон. Тиймээс мод тарих ажилд нийслэлийн иргэн бүр оролцоорой гэж уриалж байна. Нэг мод тариад орхилгүй, хүн бүр арван мод таръя. Тэгвэл нийслэлийн мод, цэцэрлэгт хүрээлэнгүүд улам олон болно. Залуус хаана байна, тэнд мод сайхан ургадаг, дуу хуур, инээд баясал хаана байна, тэнд мод урамтай ургадаг хэмээн хэлсэн юм.
Дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд очиж мод тарилаа. Тэрээр, энэ цэцэрлэгт хүрээлэнд анх нутагшуулсан таван настай, Алтайн эрлийз улиасыг хөрсөнд суулган, усалж тордов. Спикерийн тарьсан бяцхан улиас мод Эрхүүгээс гаралтай бөгөөд энэ зуны турш эзнээсээ усалгаа, арчилгаа “хүсч”, өсч өндийх юм гэсэн. Тэгээд нэмэлт жаахан бордоо, хөрсний сийрэгжүүлэлт хийгээд өгвөл бүр ч ганган сайхан ургах биз. Алтайн улиас нэг ургахаараа 140-150 насыг “зооглодог”, саглагар сайхан мөчиртэй, гуалиг, гоёмсог нэгэн мод билээ.
Ботаникийн хүрээлэнд энэ өдөр УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Алтай нар ч мод тарьсан юм.  Мөн УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Төрийн ордныг тойрсон зам дагуух ногоон зурваст мод тарьцгаалаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Сүхбаатар, П.Алтангэрэл, Н.Ганбямба, Ц.Шинэбаяр,  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж  нар ч Төрийн ордноо тойруулан мод  тарьж өнжив.

Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж